2009-06-09
Эмэгтэйчүүдийн олонхи нь дахисан хэлбэрийн бэлгийн мөөгөнцөр тусдаг

Судалгаанаас үзэхэд нийт эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралынхаа туршид нэг удаа, 50 хувь нь дахисан хэлбэрийн бэлгийн мөөгөнцрөөр өвддөг. Дахилттай хэлбэрийн үед жилд дөрөв ба түүнээс дээш удаа сэдэрдэг болох нь тогтоогдсон байна” гэж “Бүсгүй” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч, ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхмийн багш Д.Мөнхцэцэг ярьсан юм.

Мөн тэрбээр эмийн замбараагvй хэрэглээтэй манай орны хувьд энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулаад энэхүү өвчнөөс урьдчилах сэргийлэх, эмчлэх аргыг зөвлөснийг уншигчиддаа хүргэе.

-Мөөгөнцрийн халдвар яагаад үүсдэг талаар яриагаа эхлэх үү?

-Янз бүрийн өвчний шалтгаанаар эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэх, антибиотек эмчилгээ, мэс заслын дараа, дотоод шүүрэл болон бодисын солилцооны эмгэгийн үед, арьсны экзем, зарим тохиолдолд жирэмснээс хамгаалах өдөр тутам уудаг дааврын эмтэй холбоотой үүсдэг. Биеийн эсэргүүцэл суларсан, ядарсан, сульдсан, дархлаа суларсан үед мөөгөнцөр үүснэ. Бариу хувцас ч бас нөлөөлдөг. Үтрээ бол мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой газар байгаа юм.

-Өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Үтрээнээс ээдэмцэр төст, цайвар ялгадас элбэгших, гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, хуурайших, хавагнах, улайх, цистит илрэх, халуу оргих, бэлгийн харьцааны үед өвдөх зэрэг шинж илэрнэ. Харин нян тээгч хэлбэрийн үед шинж тэмдэггүй. Өвчний явцыг нь хурц, хурцавтар, архаг, шинж тэмдэггүй зөөгч хэлбэр гэж ангилдаг.

-Эмэгтэйчүүдэд загатнах зовиур илэрвэл мөөгөнцөр гэж тодорхойлж болох уу. Эсвэл заавал шинжилгээ өгөх шаардлагатай юу?

-Эмчид заавал үзүүлж, шинжилгээ өгч, оношоо тодруулж, тохирох эмчилгээ хийлгэхийг зөвлөмөөр байна. Учир нь бусад нянгийн тодруулбал, трихомониадын үрэвсэл халдварууд ижил шинжтэй явагдаж болно. Ер нь мөөгөнцрийг асуумж, бодит үзлэг, наалдцыг микроскопоор шинжлэх, иммунологи хийх зэргээр оношлодог. Хэрэв олон давтагдсан бол мөөгөнцрийн ургалтын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчилгээний дараа үр дүнг тодорхойлж, давтан шинжилгээ өгч болно. 

-Мөөгөнцөр дахидаг гэж үнэн үү?

-Нийт өвчлөгсдийн таван хувьд нь дахидаг. Энэ нь дутуу эмчилгээ, архаг хууч өвчин эмгэг, удаан хэрэглээний эмийн зүйлүүд зэрэг шалтгаанаас болно. Зарим эмэгтэй биеийн байдал сайжирч, зовиур арилмагц эмчилгээгээ зогсоочихдог. Ингэсэн тохиолдолд тодорхой хугацааны дараа шинж тэмдэг дахин гарч ирдэг.

-Эмэгтэй нь эмчлүүлсэн ч бэлгийн хамтрагч нь эмчлүүлэхгүй бол мөн л өвчин дахих уу?

-Тэгэлгүй  яахав.  Хамтрагчаа заавал эмчлүүлэх шаардлага гарна.

-Өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ, аль эм нь илүү үр дүнтэй бол?

-Манайд элбэг байдаг хамгийн үр дүн сайтай, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, эмчилгээний лаа нь Клотри-Денк 100 мг лаа юм. Клотри-Денк 1,2,5,10 %-ийн тосон түрхлэгийг бэлгийн хамтрагчтайгаа хамтран хэрэглэсэн тохиолдолд хоёулаа өвчнөөс зэрэг ангижирдаг давуу талтай. Лаа, тос нь яаж, хэрхэн зөв хэрэглэснээс үр дүн нь хамаардаг. Мөн Триазолын бүлгийн эмүүд /флюканазол, фунгалон/, мөөгөнцрийн эсрэг антиобиотик, Кетоконазол хэрэглэх болон дархлаа дэмжих эмчилгээ хийлгэвэл тустай. Хурц хэлбэрийн мөөгөнцрийн үед хэсэг газрын эмчилгээ, архаг хэлбэрт орсон бол хавсарсан эмчилгээ хийх шаардлагатай. Хавсарсан халдварын үед илүү эрчимтэй, удаан хугацааны эмчилгээ хийдэг.

-Мөөгөнцөр бол БЗХӨ мөн, биш гэхчлэн эмэгтэйчүүд янз бүрийн ойлголттой байдаг?

-Үтрээний ялгадас ихсэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул мөөгөнцрийг бэлгийн замаар халдварлагддаг өвчин гэж боддог. Үнэндээ эмчлэгдэхгvй удсан, архагшсан үед л БЗХӨ-ний шинжтэй болно. Мөн мөөгөнцрийн гаралтай үрэвсэлтэй эрэгтэйтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол халдвар авах эрсдэл өндөр.

 -Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Гадна бэлэг эрхтэнээ долоо хоногт хоёроос доошгүй удаа бүлээн усаар угааж занш. Зөвхөн өөрийн хэрэглээний алчууртай байх, арьсаа цочроохгүйн тулд усыг шингээж дарж арчих хэрэгтэй. Угаах үед болон хүндээр бие зассаны дараа гарын хөдөлгөөн урдаас хойшоо чиглэсэн байх, ингэснээр шулуун гэдэсний амсар орчмоос үтрээнд халдвар оруулахаас сэргийлнэ. Зохих төрлийн савангаар зөвхөн үтрээний орох хэсгийн гадна тал, бэлгийн уруулыг угааж болно. Цэвэр даавуун дотоож хувцас хэрэглэ. Бариу хувцас өмсөхөөс татгалз. Хамгаалалттай бэлгийн харьцааг байнга эрхэмлэх нь чухал. Хамгийн гол нь эмэгтэйчүүд маань өөрсдийн гадаад үзэмж, нүүр царай, бие бялдартаа гойд анхаардаг шигээ дотоод гоо сайхан, бэлгийн ариун цэвэрч байдалдаа онцгой анхаарал хандуулахыг танай сониноор дамжуулан уриалмаар байна.


Бичсэн: SARAAHAI | цаг: 13:35 | ERUUL MEND
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: