2011-09-22
C.Сайнбилэг: чихрийн шижинг бүрмөсөн эмчилж эдгэрүүлэх боломжгүй ч амжилттай хянаж болно
“Чихрийн шижин нь сүүлийн жилүүдэд дэлхийд төдийгүй манай улсад тархалт нь эрс нэмэгдэж байна.  Судалгаагаар манай хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдсэн нь тогтоогдсон. Энэ өвчний онцлог нь далд нууцаар 5-10 жил явагддаг, өвөрмөц шинж тэмдэг багатай учир хожуу оношлогддог. Одоогоор чихрийн шижинг бүрмөсөн эмчилж эдгэрүүлэх боломжгүй ч амжилттай хянаж болно гэж үздэг. Энэ өвчнийг эмчлүүлэхгүй удвал хараагүй бас бэлгийн чадваргүй болох, бөөрний дутагдалд орох улмаар зүрхний өвчин, цус харвалтад өртөж, мэдрэл гэмтсэнээс хөлөө ч тайруулах эрсдэлтэй” гэж ЭМШУИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш C.Сайнбилэг ярьсан юм.

 -Чихрийн шижин өвчний талаархи ойлголтыг уншигчдад маань өгөөч?

-Чихрийн шижин гэдэг нь цусан дахь сахар (глюкоз) хэвийн хэмжээнээсээ ихэсдэг эмгэг юм. Энэ нь дотроо хэвшинж 1, хэвшинж  2, жирэмсний, бусад гэсэн хэлбэрүүдтэй.  Чихрийн шижин нь сүүлийн жилүүдэд дэлхийд төдийгүй манай улсад тархалт нь эрс нэмэгдэж байгаа Халдварын бус архаг өвчнүүдийн нэг юм.  Цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй “инсулин” гэдэг даавар хүний нойр булчирхайнаас ялгардаг. Инсулин дааврын тусламжтайгаар хүн хоол хүнсээр авсан нүүрс ус буюу сахар хүний эс дотор нэвтэрч орж, улмаар эсийг тэжээдэг. Чихрийн шижингийн үед хэвийн ялгарч байгаа инсулин даавраа эд эс мэдрэхгүй байх буюу инсулины дөжрөл эсвэл инсулин дааврын ялгаралт багассанаас хоол хүнсээр авсан нүүрс ус буюу сахар эс дотор орж чадахгүй цусанд хуримтлагддаг. Энэ үед хүний цусан дах сахарын хэмжээ нэмэгдэнэ, үүнээс болж ам цангана, их ууна, их шээнэ, шээсээр сахар ялгарна.  Харин эсрэгээрээ эд эс тэжээлээр дутагдаж “эс өлсөнө”, үүнээс болж ядарна, турна, өлсөнө. Мөн цусанд хуримтлагдсан сахар цусны эргэлтээр хүний бүх биеэр тархаж эс, эд, эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг. Дүгнээд хэлбэл чихрийн шижин нь нүүрс усны солилцоо алдагддаг эмгэг юм.

-Өвчин туссанаа хүн яаж мэдэх вэ, анхны шинж тэмдэг гэвэл?

-Энэ өвчний онцлог нь далд нууцаар 5-10 жил явагддаг, өвөрмөц шинж тэмдэг багатай байдаг. Ихэнхдээ хүн анзаарахааргүй бага зэрэг ам заваарах ба шүлс өтгөрөх, бие сульдах ба ядрах, арьсны идээт үрэвсэл ба хатиг, буйлны үрэвсэл ба шүд суларч унах зэрэг анхны шинжүүд илэрч болно. Цусны сахарын хэмжээ хэт өндөр болсон үед л ам цангах, их уух, их шээх, турах шинж тэмдэг илэрдэг. Далд нууц болон эхэн үед шинж тэмдэг бараг илэрдэггүй учраас хожуу оношлогддог, оношлогдчихсон хүмүүс өөрт зовиургүй учраас цусны сахараа хянахгүй удаан явснаас хүндрэлд өртдөг.

-Ямар хүмүүс илүү туcах магадлалтай вэ?

-Чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлийн талаар хийсэн олон судалгааны үр дүнд таргалалт үндсэн шалтгаан мөн гэдэг дээр эрдэмтэд санал нэгдсэн. Чихрийн шижинтэй хүмүүсийн 80 хувь нь тарган байдаг. Ялангуяа төвийн таргалалт буюу гэдэс бүсэлхий хэсгийн таргалалт нь чихрийн шижин болон зүрх судасны эмгэгийн эрсдэл болдог. Мөн тарган болон чихрийн шижингийн удам, 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлэх, зарим дааврын бэлдмэл зэрэг бусад эрсдлүүд үүсэхэд нөлөөлдөг. Гэхдээ практик дээр ажиглахад удамтай хүн болгон өвчилдөггүй, тухайн гэр бүлийн жин ихтэй тарган хүүхэд өвддөг, харин хэвийн  буюу эрүүл биеийн жинтэй хүүхэд өвддөггүй.

-Урьдчилан сэргийлэх боломжуудын талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Халдварын бус архаг өвчнүүд тэр дундаа чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой. 40-өөс дээш насны, илүүдэл жинтэй ба тарган бүх хүмүүс нас харгалзалгүй жил бүр цусан дах сахарын түвшингээ шалгуулахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Эрсдэлтэй хүмүүсийг жил бүр шинжилж, далд нууц үед нь илрүүлж чадвал бүрмөсөн эдгэрэх боломжтой байдаг. Иймд улс орон бүр хүн амаа зөв хооллолт, идэвхитэй хөдөлгөөн тогтмол хийдэг амьдралын зөв хэв маягт сургах замаар чихрийн шижингээс сэргийлэх арга хэмжээ авч байна. Бидний зөвлөгөөгөөр илүүдэл жингээ хаяж, улмаар өвчлөхөөс өөрийгөө сэргийлж чадсан хүмүүс бий.

-Өвчлөхгүйн тулд яавал зохилтой вэ. Ямар хоол хүнс хэрэглэж, даснал хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах вэ?

-Зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх, цусны сахарын түвшингээ жил бүр хянуулах нь зүйтэй. Эрүүл биеийн жинг хадгалах гол арга зам нь амьдралын зөв хэв маяг буюу зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох гэж үздэг. Хэдийгээр зөв хоолло, идэвхтэй хөдөлгөөн хий гэж хэлэх амархан боловч яг амьдрал дээр хэрэгжүүлж, хэвшил болгоход хувь хүнээс хүч чармайлт их шаарддаг. Зөв хооллолт гэдэг нь хоол хүнсэндээ үр тариа, мах, өөх тос, сүү цагаан идээ, ногоо, жимс гэсэн хүнсний 6 төрлөөс бүгдээс нь өдөр бүр зохистой харьцаагаар хэрэглэхийг хэлнэ. Идэвхтэй хөдөлгөөн хийх гэдэг нь дор хаяж, 7 хоногт 150 минут буюу 7 хоногийн 5 өдөрт нэг хийхдээ тасралтгүй 30 минут дунд зэргийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхийг хэлнэ. Дунд зэргийн ачаалалтай дасгал хөдөлгөөнд явган явах, гүйх, дугуй унах, усанд сэлэх, бүжиглэх, бүх төрлийн спорт тоглоом ордог.

-Нэгэнт өвчилсөн тохиолдолд яавал дээр вэ?

-Энэ нь архаг эмгэг гэж тооцогддог боловч зөв хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөн, шаардлагатай бол эм, инсулины тусламжтайгаар цусны сахараа хэвийн хэмжээнд барих боломжтой. Чихрийн шижинтэй хүмүүс “за, би нэг иймэрхүү хоолны дэглэмтэй, иймэрхүү хөдөлгөөнтэй, эм эсвэл инсулинээ ийм тунгаар хэрэглэхэд миний цусны сахар хэвийн хэмжээнд байх юм байна” гэсэн өөрийн гэсэн дадал туршлагатай болох нь хамгийн чухал. Заримдаа ийм өвчтэй хүмүүс эм ба инсулиний тунгаа огт өөрчлөлгүй цусны сахар буурсан, буураагүйгээс үл хамааран хэдэн жил тэр л тун хэмжээгээрээ хэрэглэх тохиолдол байдаг. Энэ бол буруу. Тухайн өдрийн хооллолт, хөдөлгөөн, цусны сахарын хэмжээнээс хамааран эм, инсулины тунг тодорхой хэмжээгээр нэмэх эсвэл багасгах байдлаар өөрөө тохируулж сурах нь зүйтэй. Мөн чихрийн шижинтэй хүмүүс цусны сахараа өөрөө гэрээр хянахаас гадна, НbA1C буюу цусны сахарын сүүлийн 3 сарын дундаж хэмжээг улирал бүр хянуулж, энэ шинжилгээний үр дүнгийн талаар эмчтэйгээ харилцан зөвлөлдөх хэрэгтэй. НbA1C нь эмч эмчлүүлэгч 2-ын өнгөрсөн 3 сард хийсэн эмчилгээний үр дүнг харуулдаг дэлхий нийтэд “Чихрийн шижингийн хяналтын алтан стандар” гэж нэрлэгддэг шинжилгээ юм. Энэ өвчний үед хүндрэл үүсдэг нүд, зүрх ба захын судас, бөөр, хөл зэрэг эрхтнийг жил бүр шалгуулах нь зүйтэй. Одоогоор чихрийн шижинг бүрмөсөн эмчилж эдгэрүүлэх боломжгүй ч амжилттай хянаж болно гэж үздэг.

-Ямар эм бэлдмэл хамгийн тохиромжтой вэ?

-Сүүлийн жилүүдэд цусны сахар бууруулах эмийн бэлдмэлүүдийн нэр төрөл, олдоц сайжирсан бөгөөд чанартай эмнүүд орж ирж байна. Жишээ нь: Герман улсын Денк эмийн үйлдвэрийн цусны сахар бууруулах Метформин-Денк, Глимеприд-Денк эмүүдийг хэлж болно. Эдгээр эмийн бэлдмэлүүд цусны сахар бууруулах өөр өөр үйлдэлтэй учраас дангаар нь болон хавсруулан хэрэглэж болно. Нойр булчирхайгаас ялгардаг цусны сахарыг бууруулах үүрэгтэй инсулин дааврыг хүлээж авах эд эсийн мэдрэг чанарыг Метформин-Денк эм сайжруулдаг. Мөн сахар бууруулах нөлөөнөөс гадна нийт холестерол, бага нягтралтай холестерол, триглицеридийн хэмжээг цусанд бууруулж өгдөг. бол Глимеприд-Денк эм инсулин дааврын ялгаралтыг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлдэг.  Мөн зүрх хамгаалах үйлдэлтэй учир зүрхний титэм судасны эмгэгтэй өвчтөнд хэрэглэхэд тохиромжтой. Сүүлийн үед эмүүдийг хэрэглэхэд хялбар болгон уртасгасан  буюу 24 цаг үйлчилдэг хэлбэрээр үйлдвэрлэхийг эмийн үйлдвэрүүд зорьж байна. Глимеприд-Денк нь ийм бэлдмэл бөгөөд хоногт 1 удаа хэрэглэнэ.

-Чихрийн шижин өвчтэй хүмүүс насан туршдаа эм уух ёстой юу, Дэлхийн болоод Монголын эмчилгээний практикт шинээр нэвтэрч буй  эмчилгээ, вакцин байна уу?

-Дан ганц хоолны дэглэм ба хөдөлгөөнөөр цусны сахарыг хэвийн хэмжээнд тогтвортой барьж чадахгүй байгаа үед сахар бууруулах эмийн бэлдмэлийг насан туршдаа уух хэрэгтэй болдог. Зарим хүн зөв хооллодоггүй, идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, улмаар илүүдэл жингээ хасдаггүйтэй холбоотойгоор цусны сахар буурахгүй байнга эм уух шаардлага гардаг. Хэрвээ чихрийн шижинтэй хүмүүс зөв хооллож сураад, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийж, илүүдэл жингээ бууруулж чадвал эмгүйгээр цусны сахараа хэвийн хэмжээнд барих боломж бий. Цусны сахар бууруулах шинэ эм, инсулин, үзгэн тариур, 24 цаг цусны сахар хянах багаж, инсулины шахуурга, нойр булчирхай болон түүний эсийг шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээний аргуудыг дурдаж болно. ЭМШУИС-ийн эрдэмтдийн баг чихрийн шижингийн эсийн эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг саяхан эхэлсэн. Хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог хэвшинж 1-ээр өвчлөх магадлалтай хүмүүст урьдчилан сэргийлэх эмчилгээ гаргах талаар эрдэмтэд судалж байгаа. Харин хамгийн их тархсан таргалалтаас болж үүсдэг хэвшинж 2-оос сэргийлэх арга нь зөвхөн амьдралын зөв хэв маяг буюу зөв хооллолт ба идэвхтэй хөдөлгөөн байдаг.  Өөр ямар нэгэн эм, вакцин байхгүй. Өөрөөр хэлбэл, одоогоор хэвшинж 1-ээс сэргийлэх боломжгүй, харин хэвшинж 2-оос сэргийлэх боломжтой гэсэн үг.

-Манайд энэ өвчин нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Хүмүүс зөв хооллодоггүй, идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, улмаар илүүдэл жингээ хасдаггүйтэй холбоотой гэж хэлж болно. Судалгаагаар манай хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдсэн нь тогтоогдсон. 1999 онд хийгдсэн тархалтын анхны судалгаагаар нийт хүн амын 3.1 хувь нь чихрийн шижинтэй байна гэж тогтоогдсон бол 2010 онд 6.5 хувь болж нэмэгдсэн. Эмч мэргэжилтнүүд төдийгүй энгийн хүмүүс ч гэсэн эргэн тойрныхных нь дунд ийм өвчтэй хүн нэмэгдээд байгааг анзаарч эхэлсэн. Энэ бол чихрийн шижингийн тархалт эрс ихэсч байгаагийн илрэл юм.

-Ийм өвчтэй хүмүүс цусны сахар бууруулах эмээс гадна өөр нэмэлтээр уух шаардлагатай эм бэлдмэл бий юу?

-Сахар бууруулах эмнээс гадна түүний хүндрэлээс сэргийлэх эмчилгээ давхар хийх шаардлагатай. Учир нь цусны сахар өндөр үед цус өтгөрдөг, өөх тосны солилцоо хямардаг. Цус шингэлэх, бүлэгнэлт багасгах зорилгоор бага тунтай аспириныг оройны хоолны дараа, цусан дахь холестрин, триглицеридийг бууруулах зорилгоор өөх тос бууруулах эмүүдийг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Жнь: Цусны өөх тосны үзүүлэлтүүдийг шинжилсний дараа цусан дахь өөх тос бууруулах үйлдэлтэй Симва-Денк бэлдмэлийг ууна. 1 сар уугаад цусны өөх тосны үзүүлэлтүүдээ давтан шинжилж, цаашид уух тун, хугацааг тодорхойлно. Хүний цусан дах нийт холестрины хэвийн хэмжээ <200 мг/дл бөгөөд ЧШ-гийн үед <175 мг/дл байвал аюулгүй гэж үздэг. Иймд зарим хүнд Симва-Денкийг удаан хугацаагаар улирал, жилээр бүр насан туршдаа ч уух шаардлага гардаг.

-Монголчуудын дунд тогоо шиг том гэдэстэй хүмүүс олширсоор байгаа. Үүнд хамгийн хэрэгтэй эм бэлдмэлийг Симба денк гэж ойлгож болох уу?

-Гэдсээр таргалах нь чихрийн шижин, зүрх судасны эмгэгийн эрсдэл болдог гэдгийг түрүүн хэлсэн. Тэгэхээр зөв хооллолт, хөдөлгөөнөөр бүсэлхийн тойргоо эрэгтэйчүүд 90 см, эмэгтэйчүүд 80 см-т ойртуулахгүй бол цаана нь чихрийн шижин, зүрхний өвчин хүлээж байгаа гэсэн үг. Мэдээж, эдгээр том гэдэстэй хүмүүст цусны өөх тос нь өндөр л байгаа байх. Гэхдээ эхлээд цусны өөх тосны үзүүлэлтүүдээ шинжлүүлээд ямар тунгаар хэдий хугацаагаар уухаа эмчтэй зөвлөнө. Хамгийн гол нь эмийнхээ үр дүнг хянах ёстой. Тунг багадуулбал эмчилгээний үр дүн муу болно. Симва-Денк нь өөх тос бууруулах статины бүлгийн бэлдмэл бөгөөд холестриныг илүү бууруулдаг. Зарим тохиолдолд цусны триглицеридыг бууруулахын тулд фибратын бүлгийн эмийн хавсарч хэрэглэдэг. Цусны өөх тос бууруулдаг эмүүдийг тураадаг эмтэй андуурч болохгүй.

-Германы эмийн Денк пүүсийн эм бүтээгдэхүүнүүдийн талаархи таны бодол?

-Денкийн эмүүдийн хамгийн гол онцлог нь чанартай учраас тэр хэмжээгээрээ бусад ижил төрлийн эмүүдтэй харьцуулахад эмчилгээний үр дүн сайн, гаж нөлөө багатай байдаг. Эмчилгээний практикт шинээр нэвтэрч буй эм, оношлогооны арга Монголд      эрчтэй нэвтэрч, хувцаслалт, харилцаа холбооны технологийн  чиглэлээр бид дэлхийн жишигтэй эн зэрэгцэж яваа шиг анагаахын салбар дэлхийн жишиг рүү хурдан дөхөөсэй гэж би боддог доо.

 

 


Сэтгэгдэл:


хэрэгтэй мэдээлэл болсон байна
Бичсэн: Зочин цаг: 16:25, 2017-11-18 | Холбоос | |


Sain bainuu minii sahariin hemjee 10.5 garsan ondor bnuu em bichij ogson bolowch deer durdisan emnvvdiin neg ni ch alga
Бичсэн: Зочин цаг: 01:44, 2017-05-22 | Холбоос | |


sain baitsgaana uuu manai Darhand ene uwchund zuwluguu uguh emch gej barag bhgvi bgaa gants ni barag ajildaa irehgvi ireheeree buun oocher hotod yag hyanaltand ni orchhoor sain emneleg zaaj uguuch
Бичсэн: Зочин цаг: 11:07, 2017-05-13 | Холбоос | |


11-13 тай бна яах вэ
Бичсэн: Зочин цаг: 21:34, 2016-10-20 | Холбоос | |


Сайн байна уу

Чирхийн шижингийн өвчнөөр ямарч эмчилгээгүй гэх хариуг бүхийл эмнэлгээс авсан, 2 хөлөө тайруулах байсан миний нэг танил удаан хугацаанд бясалгал хийгээд 2 хөл нь зүгээр болсон байна шүү.
Бичсэн: Зочин цаг: 09:18, 2016-04-20 | Холбоос | |


Hamaagui em hereglej bolohgui
Emchid handaad 2 torliin shinjilgee ug 1.Tsusan dahi uuh tosnii hemjee 2.Tsusan dahi saahariin 3sariin dundaj. Daraa ni emch chin her tuntai ymar emnuud hedii hugatsaagaar hegeleh talaar zuvluud 3 sariin daraa dahiad emchteigee uulzaarai. Minii medehiin achtan emnelgiin dotood shuurliin oyuntsetseg gej sain emch baidag yum.
Бичсэн: Zochin (зочин) цаг: 23:18, 2016-03-16 | Холбоос | |


Чихрийн шижинд уух герман улсад үйлдвэрлэсэн эмийг хаанаас авч болох вэ? хаяг утасны дугаарыг нь өгч тус болооч
Бичсэн: Зочин цаг: 11:03, 2014-05-03 | Холбоос | |


хайртай зүрх өвдөх улайх алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 22:33, 2011-11-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax