2009-06-09
30 гаруй төрлийн толгойн өвдөлт байдаг

Таны толгой байнга өвдөж, сүүлийн үед энэ өвчний улмаас та болоод таны гэр бүлийн гишүүн, ойр дотнын тань хүн шаналж байгаа  юм биш биз. Энэ талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхээр эмч мэргэжилтнүүдээс асууж тодрууллаа..

Дэлхийн эмч, мэргэжилтнүүд толгой өвдөх өвчний шалтгаан, түүний эмчилгээний талаар судалсаар олон арван жилийг ардаа орхиод байна. Энэ хугацаанд эрдэмтэн мэргэд 30 гаруй төрлийн толгой өвдөлт байдгийг бүртгэжээ. Үүнээс 80-90 хувийг нь хоёр төрлийн толгой өвдөлт эзэлдэг байна. Эдгээр нь Мигрень буюу толгой таллаж өвдөх, Булчингийн чангарал бүхий толгой өвдөлт гэнэ. Харин гуравдугаарт дээрх хоёр төрлийн толгой өвдөлтийн хавсарсан хэлбэр өвдөлт ордог аж.

Өвдөлт 4-72 цаг...

 Мигрень буюу таллаж өвдөх үед өвдөлт толгойн нэг талыг хамарч, дунджаар 4-72 цаг үргэлжилнэ.  Өвдөх үед чамархайн судас зүрхний цохилтын хэмнэлээр лугшиж байгаа мэт мэдрэмж төрдөг. Заримдаа дотор муухай оргиж огиулах, бөөлжих шинж тэмдэг илэрч, биеийн хүчний ачаалал авах, шатаар өгсөх, буух, юм өргөх үед, чанга дуу авиа, хурц гэрэл, амт үнэрт өвдөлтийн эрчим нэмэгддэг байна. Цөөн тохиолдолд өвдөлтийн эрчим нэмэгдсээр хэвтэрт орох нь бий. Толгой таллаж өвдөх үед шоколад, жүрж, улаан лооль, бяслаг, бэлэн хоолонд амт оруулдаг натрийн глютамат зэрэг нь өвдөлтийг сэдрээж болзошгүй. Мөн эцэг, эх нь энэ өвчнөөр шаналдаг бол үр удам нь өвдөх магадлалтайг эрдэмтэд тогтоогоод байна.

Долоо хоног хүртэл үргэлжилж болно

Булчингийн чангарал бүхий толгой өвдөлтийн үед 30 минутаас долоо хоног хүртэл үргэлжилж болно. Өвдөлт толгойн хоёр талыг хамарч дарж, төөнөж, базаж байгаа мэт мэдрэмж төрнө. Өвдөлтийн эрчим нь  биеийн хүчний ачааллын үед,  хурц гэрэл, чанга дуунд нэмэгдэхгүй, дотор муухай оргиж, огиулж бөөлжүүлэхгүй.

Өвчний гол шалтгаанууд

Толгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй. Эсвэл энэ хоёр шалтгаан хавсарч болно. Мэргэжилтнүүд ерөнхийд нь толгойн өвдөлтийг анхдагч буюу хоёрдогч гэж ангилж үздэг байна. Хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт нь олонхи хүмүүст ,давамгайлан тохиолддог. Хүмүүс ажлын ачаалал нэмэгдсэнээс,  даралт ихдэхээр, гэмтэж бэртсэнээс хойш  байнга толгой өвддөг болсон гэж ярих нь бий. Эдгээр шалтгаан дийлэнх тохиолддог учир хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт илүүтэй тохиолддог байна. Мөн толгой өвдөлтийн бодит шалтгааныг тодруулахын тулд өвдөж байгаа газар, давтамж, хүч, цаг, улирал зэрэг онцлогийг нарийн тодорхойлох хэрэгтэй байдаг аж. Түүнчлэн толгой нь байнга өвддөг хүмүүс тэмдэглэл хөтөлж, ямар үед өвддөг, өвдөлтийн хүч, шинж тэмдэг, яавал намддаг талаар мэдээлэл бичих нь өвдөлтийн шалтгааныг илрүүлэхэд эмчдээ асар их тусыг хүргэдэг гэдгийг зориуд онцолмоор байна. Ингэснээр шинж тэмдгийн эмчилгээ хийгээд зогсохгүй шалтгааныг арилгах арга замыг олж болох нь.

Толгой өвддөг хүмүүст тохиолддог нийтлэг дутагдал

Ажил, амралтын дэглэмээ зохицуулж чаддаггүй.Олонхи нь ээлжийн ажилтай буюу шөнө нойргүй хонож ажилладаг хүмүүс байдаг.Өдрийн тогтсон цагийн хуваарь байдаггүй. Өглөөний цай, өдрийн, оройн хоолыг тогтсон цагт иддэггүй.Эмчид хандалгүйгээр эмийг дур мэдэн, замбараагүй хэрэглэдэг.

“Цахилгаан” менингетийн шинж тэмдэг тул яаралтай түргэн тусламж дууд

Цаг агаарын өөрчлөлт, ямар нэгэн хүчтэй үнэрийн нөлөө, архи, нэг төрлийн эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг шалтгааны улмаас толгой өвдөх нь бий. Харин хүчтэй, хүзүүнээс толгой чигтэй давамгайлж, заримдаа огцом хөдөлдөг, гар руу дамждаг толгойны өвчин нь хүзүү, үе хоорондын мөгөөрс гэмтсэний шинж юм. Тэгвэл хүчтэй, тархсан өвдөлттэй зэрэгцэн тухайн хүний  халуун огцом нэмэгдэж, бөөлжүүлэх нь “цахилгаан” менингетийн шинж тэмдэг тул яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Дух эсвэл хамрын  хэсгээр өвдөж, ханиах, найтаах, эсвэл тонгойход өвдөлт нь нэмэгдэж байгаа бол духны дайвар хөндий, эсвэл дээд эрүүний дайвар хөндийн үрэвсэл үүссэний шинж юм.

Цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандаарай

Хэрэв таны толгой байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж ихтэй, өвдөлт маш хүчтэй бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандаарай. Зохих шинжилгээг дэс дараатай хийлгэж, өвдөлтийн шалтгааныг тодруулан, оновчтой зөв эмчилгээ хийлгэснээр таны өвдөлт илаарших болно. Эмчилгээ нь эмийн болон эмийн бус гэсэн гэсэн үндсэн хоёр бүрдэлтэй. Эмийн эмчилгээнд: Даралт тогтворжуулах, тархины судас өргөсгөх зэрэг үйлчилгээтэй шалтгааны эсрэг эм, Шинж тэмдгийн эмчилгээнд: Денкальгин өвдөлт намдаах нийлмэл найрлагатай эмийг сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэж байна. Мөн туслах чанарын эмчилгээ- Витамин эмчилгээнд: ялангуяа В-ийн төрлийн витамин Витамин В Денкийг хэрэглэснээр толгой өвдөлтийн давтамж эрс багасч, эрчим нь суларч, эмчилгээний үр нөлөө эрс сайжирч байгаа аж.


Бичсэн: SARAAHAI | цаг: 13:26 | ERUUL MEND
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: