2010-06-10
Р.Чойном "Нүцгэн биеийг алдаршуулая"

Нүгэл хэмээн маяглаж нүдээ таглахгүйгээр

Нүцгэн биений гоо сайхныг магтая

Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биений тэнгэрлэг сайхныг алдаршуулая

Янаг минь чи хувцасаа тайл

Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ

Яг л өмнө минь бүрмөсөн нүцгэл

Албихдаа дүүрээрээ зурсан Адам Ява хоёр шиг

Арвин хүйсээ ягаан навчисаар бүү халхалаа

Арфилогийн бийрээр амилсан амирлангуй мод шиг

Алган дээр нар мандуулж хүйгээ өргө

Үүрийн туяа нэвт Афуратын дагина шиг

Үзсэн харсан бүхний нүдийг булаа

Яргуй дэлгэрч ятга уянгалтал

Инээд алдан янаг минь хувцасаа бушуухан тайл

Ялдамхан хорвоотой анх ингэж л мэндэлсээн гээд

Яг л өмнө минь бүрмөсөн нүцгэл

Газрын холоос цанган анган тэмүүлсээр

Гал халуун уруулаа нүүрэнд наан мансуурдаг

Гар хүрэхээр хиртчихмээр тунгалагхан ариухан гамшиг цагаан цээжийг чинь магтая

Залуу насны чадал нуугдсан оргил шиг

Замбативийн тахил болго шүтмээр

Гангар шаазан ижилдүүлэн хөмөрсөн юм шиг

Ганган товчлуурт мээмийг чинь би бахдая

Ай бүх л зуунаар шагшин дуурсагдах найрагчидийн

Бүжин хархан нүднээс албаар би доошилж

Бүлээн халуун амьд эсээр цангаа тайлах

Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулая

Тансаг дээд нилон кафрон Лабсаныг

Таар шуудай эсгийнээс би илүүдгэхгүй

Нүдэнд минь тээр болсон хувцас хунарыг зайлуул

Нүцгэн биеийг онцгойлон алдаршуулая

Нөмөрсөн хувцас нүгэл далдална

Нүдээрээ тэдэнд бүү хууртан итгэ

Нүдний өмнө бүхнээ дэлгэн туяарах

Нүцгэн бие нүглээ нуудаггүй юм

Нүцгэн биенээс нүцгэн бие тасарна

Нүгэлтэй юмнууд чиньхаана байнаа

Буйлсны өнгөт сайхан биеийг чинь гүйцэт харах хүслэн надад байнаа

Усны цээлд жараахай булхах шиг

Уяхнаар туялзах бэлхүүсийг чинь бахдая

Жавартай шөнө зүрх халууцтал энхрийлж

Жавхаалаг биеийн эсийг хүртэн хайрлах

Хуурын хялгас шиг уян зөөлөн

Хун цагаан хурууг чинь би бахдая

Сар хиртэн сүүдэртэн туяарах

Сайхан цагаан хацарыг чинь би магтая

Уруул хацраас чинь улам доошилж

Уудам хорвоотой учиран золгохнооо

Уйлан хайлан тэмүүлэн гарсан

Хамгийн анхны хаалгыг алдаршуулая

Хүн бүхэн энэ хаалгаа дуу алдуулан цуварч

Хүч дэлхийтэй анх удаага мэндэлдэг

Эр болгон энэ хаалгаар дуу алдуулан зүтгэж

Эм хүнийг анх хорвоогийн яруу сайханд хүргэдэг

Хүн бүхний мах цусанд  шингэсэн

Хүндтэй ариун энэ хаалгыг алдаршуулая

Эрт эдүгээ хэдийд ч гэсэн ер нь

Эр хүн эр хүнээсээ төрсөнгүй

Эгэл бие нь бүсгүй хүнээс төрснийг

Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн хүндэтгэж

Эр хүний итгэл хайраар ижилдэн дассан

Эмэгтэй хүний онгон цогцсыг алдаршуулая

Энэ орчлонд өөрсдөө нүцгэн ирснээ санаж

Энгүй сайхан нүцгэн биеийг алдаршуулая

Юм бүхнээс онцгойлон хайрлан шүтэх

Ертөнцийн эх болсон эмэгтэй хүнийг алдаршуулая

Нөмөр газар булаалдсан зуны гоо цэцэг шиг

Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг үүрд алдаршуулая


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax