2010-06-10
Таны толгой эргэж, дотор муухай оргидог уу

-эмч зөвлөж байна-


Онгоц, галт тэрэг, машинаар явах үед таны толгой эргэж, дотор муухай оргиж, бөөлждөг үү? Тэгвэл толгой эргэлт, түүний шалтгаан, орчин үеийн эмчилгээний талаар эмийн Актавис компанийн эмч төлөөлөгч, хүний их эмч Б.Өнөрцэцэгийн яриаг саатан уншаарай.

 -Толгой эргэх эмгэгтэй хүмүүс манай улсад хэр олон байдаг юм бол. Энэ өвчний шалтгааны талаар яриагаа эхлэх үү?

-Толгой эргэх гэдэг нь организм биеийн байрлал, хөдөлгөөнийхөө чигийг  алдаатай мэдэрч, орон зайн чиг авах чадвараа алдахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний орон зай баримжаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг тэнцвэр, хараа, хүртэхүй гэсэн гурван системийн хооронд үл авцалдах мэдээлэл өгснөөс толгой эргэдэг. Манай орны хүн амын дунд 50-иас дээш насны хүмүүсийн  гуравны нэгд, мэдрэлийн эмчийн үзлэгт хамрагдсан хүмүүсийн 10 хувьд нь энэ өвчин тохиолдож байна.Толгой эргэлтийн шалтгааны 80 хувь нь сонсгол тэнцвэрийн анализаторын төвийн болон захын хэсгүүдийн гэмтэлтэй холбоотой байдаг.

-Энэ өвчин дотроо олон хэлбэр, янзтай байх уу?

-Толгой эргэлтийг дотор нь үүдэвчийн толгой эргэлт/төвийн гаралтай, захын гаралтай/, үүдэвчийн бус гэж  ангилдаг. Үүдэвчийн толгой эргэх хөдлөл  нь хүний дотор чихний тэнцвэрийн эрхтэний тодорхой хэсэг цочирсноос үүсдэг. Эмнэлзүйд орчны юмс эсвэл өөрийн бие хөдлөх, эргэх, унах, хажуу тийш муруйх, ганхах мэдрэмж төрнө. Толгой эргэх үед айдас хүрэх, тэнцвэр алдагдах, нүдэнд нистагм илрэх болон вегетатив шинжүүд дагалддаг. Үүдэвчийн толгой эргэлтийн үед  ой санамж алдагдан, ухаан алдалгүй унах нь бий.Захын гаралтай толгой эргэлтийн шалтгааныг дотор нь меньер өвчин, сонсголын мэдрэлийн неврит, тархины гэмтэл, лабиринтит, байрлалын толгой эргэх хөдлөл, үйл ажиллагааны гэж ангилна.

-Эдгээр ангиллууд нь өөр шинж тэмдгүүдээр илрэх үү? Тухайлбал, байрлалын толгой эргэх хөдлөлийн үед хүний биед өөрчлөлт гарах вэ?

-Богино хугацаанд толгой эргэх онцлогтой, хэдэн секунд үргэлжилнэ, толгойн байрлалыг өөрчлөх үед үүснэ, ихэвчлэн тархины гэмтэл, вирусын  үрэвсэл, дунд чихний үрэвсэл буюу хагалгааны дараа, мөн зарим хордлогын тухайлбал, архины,барбитуратын үед үүснэ.

Лабиринтит нь дунд чихний хурц, архаг үрэвслийн үед болон хагалгааны дараа үүснэ. Хурц эхэлнэ, тэнцвэрийн алдагдал хэдэн өдрөөс хэдэн долоо хоног үргэлжилнэ, зөвхөн өвчин үргэлжлэх хугацаанд толгой эргэх хөдлөл тохиолддог. Харин Меньер өвчин дунд насанд эхэлж, ихэвчлэн эмэгтэйчүүд өвдөнө. Үе үе толгой эргэх, сонсгол буурах, чих шуугих, чих битүүрэх зэрэг дөрвөн үндсэн шинжээр тодорхойлогдоно. Толгой эргэх хөдлөл гэнэт эхэлж, хэдэн хормоос хэдэн цагаар үргэлжилдэг. Өвчний хурц хөдлөлийн дараа явдал тогтворгүйдэх, толгой бага зэрэг эргэх шинж хэдэн өдрийн турж ажиглагдана. Толгой эргэх хөдлөлийн завсрын үеүдэд сонсгол эргэж засрах ч, цаашдын дахилтын явцад эргэлтгүй дүлийрэх хандлагатай. Өвчний шалтгаан эмгэг жам нь хагас цагирган сувгийн эндолимфийн хүүдий дэх шингэний шимэгдэлт саатаж, тэнд агуулагдах шингэний хэмжээ ихэссэнтэй холбоотой. Өвчний хөдлөлөөс сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх давсны  хэмжээг багасгах хэрэгтэй юм. Клиник практикт меньер өвчнөөс гадна нуруу-суурийн артерийн дутал вегетатив-судасны хямралын шалтгаант меньер төст хам шинж тохиолдох нь харьцангуй элбэг байдаг. Меньер өвчний үед вестибо гэх эмийг өндөр үр дүнтэй нь судалгаагаар батлагдсан. Толгой эргэх давтамжийн тоо сард дунджаар 2 дахин багассан байна. Толгой эргэх зовиурын үргэлжлэх хугацаа бараг 3 дахин буурсан.

-Толгой эргэлтийг сэдрээдэг ямар хүчин зүйлс байдаг бол?

-Агааргүй бүгчим өрөөнд байх, удаан хугацаагаар юм ширтэх, компьютер дээр ажиллах, машин барих, хөдөлж буй зүйлийг дагуулж харах зэрэг нь толгой эргэхэд нөлөөлдөг. Толгой эргэлтийг дагалдан гуйвах, дайвах мэдрэмж, тэнцвэргүйдэл, дотор муухайрах, унах, нүд харанхуйлах, бөөлжих, муужрах шинжүүд хүмүүст мэдрэгддэг.

-Өвчнөө тодорхойлуулахын тулд ямар оношлогоо, шинжилгээнүүд хийлгэх хэрэгтэй вэ?

-Тэнцвэрийн  үйл ажиллагааг шалгах оношлогооны сорилууд болох биеийн ерөнхий үзлэг, мэдрэлийн үзлэг, диадохокинезийн сорил, Лор эмчийн үзлэг, аудиометри, толгойн КТ эсвэл МРТ, электронистагмографи зэргийг хийлгэх шаардлагатай..

-Эмчилгээний хувьд?

-Үндсэн өвчний эмчлэх, дотор чихний цусан хангамж сайжруулах, тэнцвэрийн бөөмсийн идэвхжлийг  бууруулах-Вестибо (бетагистин), тэнцвэрийн дасгал хийх эмчилгээнүүдийг хийдэг. Энэ өвчний үед Вестибог хэрэглэхэд өвчтөнд аюулгүй, шингэц сайн, гаж нөлөө байхгүй болох нь олон удаагийн клиник судалгаагаар тогтоогдоод байгаа. Вестибо нь сонсгол-тэнцвэрийн I-III зэргийн өөрчлөлттэй өвчтөний эмчилгээнд дангаар хэрэглэх боломжтой. Сонсгол-тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааг сэргээж, толгой эргэх, мөн дагалдах вегетатив урвалуудыг багасгах болон бүрэн арилгах нөлөөтэй.


Сэтгэгдэл:


Энэ эм байна уу. Хаана зарж байгаа вэ. Байгаа бол үнэ нь хэд вэ.
Бичсэн: Зочин цаг: 06:48, 2022-09-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax