2008-12-17
Л.Дэмидбаатар: Залуу нас харвасан сум шиг л өнгөрдөг юм байна

Л.Дэмидбаатар: Залуу нас харвасан сум шиг л өнгөрдөг юм байна

Тайз, дэлгэцийн урлагт бvтээсэн дvрvvдээр нь СТА, жvжигчин Лхагвын Дэмидбаатарыг уншигчид маань андахгvй сайн мэднэ. Хошин урлагийн тайзнаа ааш муутай “хадам ээж”- ийн дvрийг тvvн шиг чадварлаг бvтээдэг жvжигчин ховор. Сvvлийн vед тайзнаа ховорхон vзэгдэх болсон жvжигчин Л.Дэмидбаатартай уулзаж, илэн далангvй ярилцсанаа уншигчиддаа хvргэе.

“Гэрэг” интернэшнл байж л байна шvv дээ

-Таныг өөрийн хамтлагийг тараачихаад бусдад хvчин зvтгэж явна гэж ярих болж?
-”Гэрэг” интернэшнл байж л байгаа шvv дээ. Би Монголд байж байна гэдэг чинь миний хамтлаг байгаа л гэсэн vг. Яахав, одоохондоо vйл ажиллагааг нь тvр зогсоочихоод байгаа юм.
-Яагаад жvжигчдээ тараагаад явуулчихсан юм бэ?
-Өөрсдөө л ажилтай боллоо, шалтгаан гарлаа гээд л гарцгаасан. Гэхдээ бvгдээрээ биш л дээ. Би 2004 онд “Гэрэг” интернэшнлээ байгуулаад 10 гаруй шоу тоглолт хийсэн.
-Анх театрын чиглэлийг барьж уран бvтээл туурвина гэж ярьж байсан байх аа?
-Хошин жvжгийн төрлийг Монголд хөгжvvлнэ гэж бодож байсан. Одоо л энэ хvслээ биелvvлнэ дээ. “Гэрэг”-ийнхээ нэр дээр олон бvтээл, драмын жvжиг хийх бодолтой байгаа. Хамтарч ажиллах тодорхой саналууд ч ирж байна.
-Одоо “Өнгөт инээд” хамтлагт хvчин зvтгэх болжээ дээ?
-Өнгөрсөн жилээс эхлэн “Өнгөт инээд” хамтлагт гэрээт уран бvтээлчээр ажиллаж байна. DVD-ний зураг авалтад оролцоод өчигдөр л Тэрэлжээс ирлээ. “ТVЦ-ний дагина”, “Хvний эхнэр хөөрхөн”, “Нэгж өгвөл ниссэн ч яахав”, “Мөнгөн хонхны инээд” зэрэг тоглолтын шилдэг vзvvлбэрvvдээс бvрдсэн шинэ DVD гаргах гэж байгаа юм. Саяхан “Өнгөт инээд”-ийнхэн 20 гаруй хоног баруун аймгуудаар аялан тоглоод ирсэн. Харин би хичээлтэй байсан болохоор явж чадсангvй.

“Хадам ээж”-ийн дvрдээ дуртай

-Хошин урлагийн “Алтан хараацай”-нуудын нэгт та яах аргагvй ордог?
-Тийм шvv. Яах аргагvй нэг нь мөн, 1990-ээд оны vед манай жvжигчид бvгдээрээ хошин урлаг руу хошуурсан шvv дээ. Оюутан байхад багш нар маань жvжигчин хvн ямар ч төрөлд хvч vзэх чадвартай байх ёстой гэж сургадаг байсан. Тиймээс би сонгодог, драм, кино, хошин урлаг гээд урлагийн бvх төрөлд хvчээ сорьсон. Хошин шогийн дvрvvдээсээ хадам ээжийн дvрдээ илvv дуртай.
-Хошин урлагийн төрөлд хvчээ vзсэн анхны тоглолт гэвэл?
-1993 онд юм байна. Драмын театрын залуу жvжигчин Н.Онон, И.Одончимэг, У.Уранчимэг, С.Өлзийхvv, Энхтуул, Ананд, Агар, Батхишиг бид нар нийлж, Тэрэл сvvдэр” гэдэг хошин шогийн тоглолт хийсэн нь их амжилттай болсон. Vvний дараа УГЖ Б.Батзаяа ах “Хошин урлагийн театр”-аа нээж, зарим жvжигчнийг гэрээгээр авч ажиллуулсан юм. Би тэр vед театртаа хорогдоод яваагvй л дээ. Гэхдээ удалгvй энэ театрт гэрээгээр ажиллах болсон.
-Хошин урлагийн олон хамтлагийн vндэс суурийг тавилцсан гэл vv?
-Хошин урлагийн төрлөөр vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хоёр дахь хамтлаг болох “Өнгөт инээд”-ийг 1995 онд байгуулалцаж байлаа. Дараа нь “Инээдмийн ТVЦ” хамтлагийн vндэСсуурийг ч тавилцсан.
-Өөр хамтлаг, продакшнуудтай хамтарч ажиллах уу?
-Ажиллалгvй яахав. Хамтарч уран бvтээл хийе гэсэн хvн бvхэнтэй ажиллана. Хvний залуу нас харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Саяхан л 20 нас хvрч явлаа. Гэтэл одоо нас явж байна шvv дээ. Амжуулах зvйл их байна. Уран бvтээлч хvн цаг алдахгvй байх ёстой. Нэгэнт л урлагт энэ биеэ зориулсан болохоор асар их зvйлийг хийж амжуулна даа гэж боддог.
-Цаашдын төлөвлөгөөг чинь сонирхож болох уу?
-Сонгодог болон драмын жvжигт тоглох бодолтой байгаа. Энэ хvсэл маань оноос өмнө биелэх байх. Гэхдээ одоо хийгээгvй байгаа зvйлээ бусдад дэлгэхгvй. Биелэхээ больчих ч юм билvv.

Кёкvшюзантай цуг бөх барилддаг байлаа

-Ажиглаж байхад та их шvтлэгтэй юм аа даа?
-Их шvтлэгтэй. Би уугуул нутгийнхаа Отгонтэнгэр уулаа шvтдэг. Удахгvй тахилга нь болох гэж байгаа. Уул ус, газар дэлхий, эцэг эхээ шvтдэг хvн vргэлж сайхан явдаг юм шvv дээ.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрvvлдэг вэ?
-Ном унших дуртай. Ер нь аль болохоор гэр бvлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Би Билгvvн, Дөлгөөн, Удвал гэсэн гурван хvvхэдтэй. Гэр бvлийн хvн маань багшийн мэргэжилтэй л дээ.
-Спортоор хичээллэдэг vv?
-Чөлөөт бөх, сагс, ширээний теннист сонирхолтой. Оюутан байхдаа Улсын арслан Ганбаатарын удирдлаганд “Монгол бөх” клубт хичээллэж байлаа. Надтай цуг Кёкvшюзан Д.Батбаяр, улсын начин Цэнгэлсvрэн ах, Дэлгэрбат нар цуг хичээллэдэг байлаа.
-Тэмцээн, уралдаанд оролцож байв уу?
-Дvvргийн аваргад л оролцож байсан. Олон тэмцээнд оролцож байгаагvй ээ. Хэдий спортод сонирхолтой ч урлагийн мэргэжлээ хөөсөн. Спортоор хичээллэснээр хvн өв тэгш хvмvvжилтэй, тэвчээр хатуужилтай болдог юм билээ. Энэ хvмvvжил мэргэжилд маань ч их нөлөөлсөн шvv.
-Танай удамд барилддаг хvн байдаг уу?
-Аав маань Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Лхагва гэж өсөх идэр чимэгтэй начин л даа. Манайх эцэг эхээс наймуулаа. Бvгдээрээ их, дээд сургууль төгссөн. Сагс, волейбол, чөлөөт бөх гээд бvгд спортоор хичээллэдэг.
-Сvмо хэр vзэж байна даа?
-Vзнэ шvv. Монголын хоёр ёкозуна сvмогийн дэвжээг эзэгнэж байгаад их бахархаж явдаг.

Уртын болон ардын дууг дуулж, монголоо сурталчилж явлаа

-Таныг их сайхан дуулдаг гэж сонссон юм байна?
-Багаасаа дуучин болъё гэж боддог байлаа. Гуравдугаар сургуульд сурч байхдаа улстөрийн дууны “Ундраа” хамтлагт гитаp тоглоод л дуулдаг байсан. Уртын дуу дуулах дуртай. Одоо ч гэсэн оролдсоор л байгаа. Сэтгэл тавгvйтсэн vедээ уртын дуу сонсч тайвширдаг.
-Нээрээ, Америкт байхдаа уртын дуу дуулдаг байсан гэл vv?
-Америкт байхдаа VДБЭЧ-ын дуучин Оюунжаргал, УГЖ Сийлэгмаа нартай нэг хамтлаг болж, уртын болон ардын дуу дуулан Монголынхоо урлагийг сурталчилж явлаа.
-Орчин vеийн дуу дуулна биз?
-60-70-аад оны сэтгэлд хоногшсон дуунуудаас 20 орчим дуу дуулдаг. Хөдөө бригадаар явах vедээ малчны хотонд дуулдаг байлаа.Залуу байхад нэг удаа дуулах vед ам руу цас ороод л байсныг ерөөсөө мартдаггvй юм. Ер нь жvжигчин хvн багаар явбал ухуулагч, байшин барьвал барилгачин гэдэг шиг сонгууль, уулзалт, аялан тоглолт хаана л бол хаана жvжиглээд, дуулаад л зогсч байдаг.
-Театрт байхдаа хөдөө аймгуудаар их явдаг байв уу?
-Хориод жил урлагт зvтгэхдээ эх орныхоо бvхий л өнцөг буланд очиж vзсэн. 45, 60 хоногоор баруун, зvvн аймгуудаар явж, тоглолт хийдэг байсан. Ер нь уран бvтээлч хvн бригадаар явж л өөрийн дvр төрхөө олж авдаг. Эхэндээ ахмад жvжигчдийг дагаж явдаг байснаа сvvлдээ бригадаа ахлаж явах болсон.
-Ингэхэд яагаад жvжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?
-Сургуулиа төгсөх vедээ л жvжигчин болохоор шийдсэн. УБДС-ийн дэргэдэх биеийн тамир, урлагийн факультетийн харьяа кино драмын ангид орж, 1992 онд СУИС болоход нь төгссөн.
-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт жvжигчин болсон. 10 жил ажилласан. Театрт ажиллах хугацаандаа найман сонгодог, 40 гаруй драмын жvжигт тоглосон доо.
-Таныг vеийнхнээсээ хамгийн олон удаа сонгодог жvжигт тоглосон гэдэг юм билээ?
-Жvжигчин И.Одончимэг бид хоёр хамгийн олон удаа сонгодог дvр бvтээсэн байна билээ. Миний хувьд алдарт “Ромео Жульетта” жvжгийн Дебальтагийн дvрийг бvтээсэн. “Дон Жуан” болон “Амьгvй албат” жvжгийг монголд анх удаа тавихад нь
гол дvрvvдэд нь тоглосон. Мөн “Буудлын авхай” жvжгийг анх удаа мюзикл хэлбэрээр тавихад нь Риффариттагийн дvрд тоглосон. Харин монголынхоо уран бvтээлчдийн бvтээлээс гэвэл Жаргалсайханы “Хаан тvvх” гурван ангит жvжигт хааны vнэнч тvшмэл болон хэлгvй Цоонг, Гэрэг тvшмэлийн дvрийг бvтээсэн юм байна. Мөн “Далан худалч” жужигт Далай Данжаадад хувирсан шvv
-Анх тайзан дээр ямар бvтээлээрээ vзэгчидтэй мэндчилж байв даа?
-1992 онд Р.Тагvрийн “Цусан тахилга” жvжгийн гол дvрийг бvтээсэн. Мөн А.Галиний “Өглөөний тэнгэр дэх одод” жvжигт Николай гэх цагдаагийн дvрд тоглож байлаа. Э.Санчигдан найруулагчийн энэ жvжигт би СТА С.Өлзийхvv, И.Одончимэг, У.Уранчимэг нарын шижигнэсэн залуу уран бvтээлчидтэй хамтран тоглож байсан юм.

Мэдлэгээ ахиулахаар докторантурт суралцаж байна

-Дэлгэцийн урлагт хэр олон дvр бvтээсэн бол?
-Олон кинонд тоглоогvй ээ.
-Анхны олон ангит кинонд тоглосон байх аа?
-Телевизийн анхны олон ангит кино.болох СГЗ Ч.Гомбын зохиол, УГЗ О.Соёлтын найруулсан 24 ангит “Эзэнгvй айл” кинонд тоглосон. Мөн шашин судлалын ухааны доктор Б.Дэмбэрэлдоржийн зохиол, найруулагч Уртнасангийн “Бурхад догшрох цагаар” кинонд лам Цэрэндоржийн дvрийгбvтээсэн. Энэ киноны зохиол эзэн Чингисийн нэрэмжит кино зохиолын уралдаанд тэргvvн байр эзэлсэн. Харин киног нь япончууд захиалж хийлгэсэн юм билээ. Энэ мэтчилэн 10 гаруй кинонд гол болон туслах дvр бvтээсэн дээ.
-Урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан гэл vv?
-”У.Шекслирийн “Гамлет” жvжгийн харьцуулсан судалгаа” сэдвээр 2004 онд урлаг судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан. Харин одоо СУИС-д докторантурт суралцаж байна.
-Та тvрvvнд хичээлтэй байгаад “Өнгөт инээд”-ийнхэнтэй тоглолтоор явж чадаагvй гэж ярьсан. Тэгэхээр багшилж байгаа хэрэг vv?
-Өнгөрсөн жилээс эхлэн СУИС-ийн Найруулга, жvжиглэх урлагийн тэнхмийн багш болсон.
-Багшлах хэцvv байна уу?
-Тайзан дээр тоглож байсан хvн гэнэтхэн оюутнуудад багшлахаар хэцvv л байсан. Багшийн мэргэжил их мэдрэмжтэй байхыг шаарддаг юм билээ. Хvvхдvvдээ мэдэрч, тэдний авьяасыг нээж, хамтран ажиллаж байж л сайн жvжигчин төрvvлнэ гэдгийг ойлгосон. Энэ тал дээр тэнхмийн багш нар маань надад их тусалж байгаа.
-Ингэхэд таныг урлагийн замд хөтөлсөн багш чинь хэн бэ?
-УГЖ Лхасvрэн, доктор, профессор Н.Ганхуяг нар миний багш. Урлагийн замд хөтөлснийх нь буянд би өдий зэрэгтэй явна.
-Хvндэлж явдаг жvжигчин гэвэл?
-Бумаагийн дvрээрээ олны сэтгэлд хоногшин vлдсэн Зууны манлай эмэгтэй жvжигчин, УГЖ Цэвээнжав агсан болон УГЖ Лха.Долгор нарыг хvндэлж, биширч явдагдаа.
-Сvvлийн vед урлагийн сургуулиудын тоо олширч байна. Ийм олон жvжигчин бэлтгэх шаардлага байна уу?
-Аливаа улс гvрний ард тvмний толгойг цэнэглэж, нийгмийн хөгжлийг тодорхойлж явдаг зvйлд урлаг, уран сайхан яах аргагvй ордог. Судалж vзэхэд, дэлхийн бусад орны уран бvтээлчдийн нийгмийн байдал, ажиллах нөхцөлд засаг төрөөс нь асар их анхаардаг юм билээ. Энэ асуудал манайд vнэхээр учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, урлагийнхныг харж vзэх цаг нь болжээ гэж хэлмээр байна. Манай улсын хэмжээнд драмын, дуурийн гэсэн хоёрхон театр байдаг. Гэтэл энэ олон уран бvтээлчдэд ажлын байр хэрэгтэй байна шvv дээ. Хэрэв залуу уран бvтээлчдийг дэмжээд явбал тэд монголын нэрийг дэлхийд дуурсгах нь лавтай.
-Хvvхэд залууст зориулсан театрыг дахин байгуулах хэрэгтэй гэж vздэг хvмvvс олон байдаг?
-Би ч бас vvнтэй санал нийлж байна. Лхасvрэн багш маань өмнө нь “Хvvхэд залуучуудын театр”-ын найруулагчаар ажиллаж байсан. Тиймээс ч дахин энэ театрыг нээх зорилготой зvтгэж байгаа. Өнөөдөр хvvхэд залууст зориулсан уран бvтээл дутагдалтай байна. Тиймээс багшийн маань сэдсэн энэ ажилд төр засгийн зvгээс тусална гэдэгт найдаж байна.

Р.Сарангэрэл

Монголын мэдээ


Бичсэн: SARAAHAI | цаг: 19:31 | URLAG SOYOL
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: