Д.Төрмөнх: Бурхан багшийн төрсөн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн газруудаар яваад ирлээ
“Нохойн орон” киногоороо Монголын кино урлагийг дэлхийд таниулсан найруулагч Д.Төрмөнхтэй уулзаж ярилцлаа. Түүнтэй энэ удаа уран бүтээлийн талаар ярилцсангүй. Энэтхэг дэх аялал болон бурхан багшийн бясалгалын талаар хөөрөлдсөн юм.
-Таныг найруулагчийн мэргэжлээ сольж, щашин номтой нөхөрлөх болсон гэж сонслоо?
-”Бодь мөрийн зэрэг” номын тухай нэвтрүүлэг, баримтат кино бүтээсэн болохоор хүмүүс тэгж бодсон байх л даа.
-Саяхан Энэтхэг яваад ирсэн гэл үү. Ямар шугамаар явсан юм бэ?
-Энэтхэгээр хөндлөн гулд аялж яваад саяхан ирлээ. 12 жилийн өмнө IX Богдыг Монголд урих ажлаар Баасан ламтай цуг Энэтхэгийг зорьж байсан л даа. Гэтэл оны өмнөхөн сэтгүүлч Ханддолгор над уруу утасдаад “Энэтхэг явахгүй юу” гэдэг юм байна. “Ямар учиртай юм бэ” гэтэл “Бурхан багшийн төрсөн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн газруудаар явж нэвтрүүлэг бэлдэх юм” гэсэн. Миний хувьд 49-ний жил орж, засал хийлгэх хэрэгтэй байсан учир энэ саналыг ихэд бэлэгшээн хүлээж авсан. Хоёрхон хоноод л Энэтхэгийг зорьсон. Харин явах замдаа л юунд, ямар зорилготой явж байгаагаа мэдсэн дээ.
-Тэгээд юунд, ямар зорилгоор явсан байх юм?
-Бурхан багшийн өөрийнх нь сурч, гэгээрсэн, дараа нь бусдад айлдвараа түгээсэн Випяшана гэдэг бясалгал байдаг юм байна. Түүний Монгол дахь төлөөлөгчид бясалгалд суухаар явж байгаа нь тэр юм байна л даа. Бясалгалд сууна гэхээр нь энэ хүмүүс ч очоод нүдээ аниж, завилж суугаад бясалгаж өгөх юм байна гэж бодож явлаа. Монгол хүнийхээ хувьд цагаан сараар Гандан орно. Бусад үед мухар сүсэгт итгэдэггүй, үгүйсгэдэг хүн л дээ, би. Тиймээс эд нар бясалгалаа хийнэ биз, харин би нэвтрүүлгээ л хийе гэж бодож явлаа. Гэтэл байдал огт эсрэгээр эргэсэн шүү.
-Яаж тэр вэ?
-Бомбейгоос 300 гаруй км-т байрлах Дармагири гэдэг газарт очтол 10 хоногийн бясалгалд суулгачихдаг юм байна. Хор болохгүй л байх гэж бодоод суусан. Нэг удаа 1000 хүнийг 10 хоногийн хугацаатай бясалгалын дамжаанд суулгадаг юм байна. Том суварга дотор энэтхэг, испани, америк, монгол гээд төрөл бүрийн шашны хүмүүс бясалгаж суухыг харсан. Эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаад тус бүрт нь байрлуулж байсан.
-Өдөрт хэдэн цаг бясалгал хийж байв?
-Бидний төсөөлдөг бясалгалаас огт өөр юм. Их хатуу дэглэмтэй. Цагаан хоол иднэ. Дээр нь 10 хоног хэнтэй ч, юу ч ярьж болохгүй. Архи, тамхи хэрэглэхгүй, амьтны амь таслахгүй, хулгай хийхгүй, хурьцал үйлдэхгүй гэсэн таван дүрмийг энэ хугацаанд сахидаг юм байна лээ.
-Шашны нэг урсгал юм аа даа?
-Шашинтай ямар ч холбоогүй. Хинди, христос, будда, мусильман гээд олон шашныхан бясалгадгаараа онцлогтой юм байна.
-Бурхан багшийн мэндэлж, гэгээрч, нирваан дүрийг олсон газар очсон гэсэн. Ингэхэд бурхан багш түүхэн хүн гэл үү?
-2500 жилийн өмнө амьдарч байсан тухайн үеийн хааны ханхүү Сиухарт Гоутам гэдэг хүн байсан юм байна. Эхнэр, хүүхэдтэй хүн байж. Ордны амьдралаас залхаж, бясалгал хийж, гэгээрсэн гэсэн.
-Түүнийг бурхан багш мөн гэдгийг нь хэн, хэзээ, хэрхэн нотолсон юм бол?
-Одоогоос 2000 жилийн өмнө амьдарч байсан “Догшин” Ашоха хаан бурхан багшийн бясалгалыг хийснээр “Номын” Ашоха нэртэй болсон түүхтэй гэсэн. Тиймээс ч бурхан багштай холбоотой бүх газрын хөшөө, дурсгалыг босгосон юм билээ.
-Випяшана бясалгал гэдэг нь ямар утга учиртай юм бэ?
-Випашяна гэдэг нь үнэнийг байгаагаар нь мэдрэх, харах гэсэн утгатай үг юм байна.
-Бусад бясалгалаас юугаараа ялгаатай юм бол?
-Бид бясалгал гэхээр л Шри шригээр төсөөлдөг. Гэтэл бясалгалууд дотроо олон янз байдаг юм байна. Випяшана бясалгалын хувьд хүний биеийн дотоод гүнд нь байгаа үйлийн үрийг устгадаг. Мөн бурхан багшийн өөрийнх нь заасан сургааль гэдгээрээ онцлогтой гэон.
-Тэгээд бясалгал хийхэд хэцүү юм уу?
-Хүний үйлдсэн барцад биеэс яаж зүгээр гарах вэ дээ. Их өвддөг юм билээ. Тэгээд дээр нь хэд хоног хүнтэй үг яуугарахгүй гээд их л хэцүү байсан.
-Бясалгалаа дуусгаад дурсгалт газруудаар явсан гэсэн байх аа. Сонин содон зүйл олныг үзэж харсан байлгүй?
-Бурхан багшийн мэндэлсэн газар Балбад байдаг юм байна. Лүнбини нэртэй цэцэрлэгт мэндэлж, тэнд нь сайхан сүм байгуулчихаж. Мөн эхээс унах үед угаасан нуурыг нь үзсэн. Бараг ширгэчихсэн байна билээ. Гэгээрсэн газар болох Бодьгаяд нь есөн давхар байшин шиг сүм байгуулчихсан байна. Дор нь сууж гэгээрсэн бодь модыг нь ч харлаа. Бас номын хүрд эргүүлж, шавь нартаа ном айлдсан газруудад нь ч очсон.
-Нирваан дүрийг үзүүлсэн газарт нь очсон уу?
-Очилгүй яахав. Бурхан багш 81 насандаа нас эцэслэсэн юм байна.
Хоол идээд түүнээсээ хямраад өнгөрсөн түүхтэй гэсэн. Бурхан багшийг нирваан дүр олох үед нь хүмүүс бүчиж зогсох үед нэгэн эмэгтэй бясалгалын арга заагаад өгөөч гэж гуйсан юм билээ. Гэтэл бурхан багш амьсгаа хураах хүртлээ түүнд ном айлдсан гэсэн. Тэр эмэгтэй хамгийн сүүлчийн шавьд нь тооцогддог юм байна. Мөн тэрбээр, нас эцэслэхээсээ өмнө өөрийн чандрыг найман хэсэг болгон хувааж, тухайн үеийн Энэтхэгийн найман хаандөгөхийг даалгаж. Бидний очсон бүх газар Бурхан багшийн чандар хадгалагдаж байсан шүү.
-Манайхан бурхан багшийн чандрыг авчирна гэж нэг хэсэг ярьсан байх аа?
-Бурхан багшийн чандрыг авчирна гэдэг бүтэхгүй юм шиг санагдсан л даа. Чандрыг нь Энэтхэгийн хилээр гаргахыг хориглосон байдаг юм билээ. Бид чандрыг нь сүмээс гаргуулж, зургийг нь авъя гэхэд зөвшөөрөөгүй. Жилд нэг удаа л гаргаж хүмүүст үзүүлдэг гэж байсан. Харин бидэнд гэрэл зургийг нь өгсөн.
-Явсан газруудад мөргөлчид хэр олон байх юм?
-Мөргөлчдийн хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй гэсэн. 2500 жилийн өмнөх хүний мэндэлсэн газар дээр мөргөх гэж олон зуун мянган хүн ирдэг нь үнэхээр сонирхолтой санагдсан шүү. 25 зуун өнгөрсний дараа бурхан багшийн аз жаргалтай болгох номнол нь шашин болон хувирч, улмаар төвдүүд мухар сүсгээр нэмж хачирлаж, дотор нь хэдэн хэсэгт хуваачихсан юм билээ. Гээгдэж алга болсон Випяшана бясалгалыг 30 гаруй жилийн өмнөөс ном ёсоор нь хөгжүүлж эхэлсэн гэсэн. Энэ бясалгалын их багш нь Гоёнка гэдэг 82 настай өвгөн байна. Цагтаа бизнесмэн байсан энэ хүн толгойн өвчинд нэрвэгдэж, морфиноос өөр эмчилгээгүй болсон байж. Тэгээд найзынхаа зөвлөснөөр Бирмд очиж, бясалгалд суусан байгаа юм. 10 хоногийн дараа бүхий л өвчин нь арилж, улмаар бясалгалын багш болж, амьдралаа зориулсан түүхтэй. Сонирхуулж хэлэхэд, Гоёнко багш дэлхийн олон орноос онцолж, Монголыг дааж авъя гэсэн юм билээ.
-Яагаад тэр юм бол?
-Учрыг нь лавлахад, “Монгол бол Лун бини цэцэрлэг дэлхийн энергийн төв. 2050 онд Монгол орон бурхны шашны төв болно” гэж хэлсэн. Тиймээс дэлхийн 125 оронд бясалгалын төвтэй ч Монголыг илүүд үзсэн гэсэн.
-Ингэхэд манайд энэ бясалгал дэлгэрээд хэчнээн жил болсон юм бол?
-1996 оноос Монголд нэвтэрсэн гэсэн. 20 мянга орчим хүн бясалгалд суусан гэсэн шүү. Гэтэл би энэ бясалгалын тухай сая л явахдаа мэдлээ.
-Бясалгалын их багш нь манайд ирнэ гэнэ үү?
-Ирэх зун ирж магадгүй. Өнгөрсөн наадмын үеэр манайд гурван шашны дээд өндөрлөг ирсэн шүү дээ. Эргэцүүлээд бодоход Монгол энергийн төв гэдэг нь үнэн санагдсан шүү. Манай төрийн томчууд, нэр цуутай олон хүн энэ бясалгалд суудаг юм байна. Бүр Энэтхэгт очиж суудаг гэсэн.
-Бясалгал нь нэлээд үнэтэй байх даа?
-Ямар ч төлбөргүй! Харин дууссаных нь дараа хүмүүс өөрийн хэмжээгээр хандив өргөдөг юм байна. Сонин шүү. Ямар ч бизнес 30 жил болоод л уналтад ордог жамтай. Гэтэл энэ бясалгал зөвхөн хандиваар орлогоо олдог мөртлөө улам бүр цэцэглээд байдаг. Үүний учрыг олох гэж Япон, Америкийн бизнесменүүд ирж судалж байсан шүү. Ташрамд сонирхуулахад, Бомбейгоос 300 км зайтай газарт 10 мянган хүн зэрэг сууж бясалгах боломжтой том суварга ашиглалтад орох гэж байна. Энэ нь дэлхийн найм дахь гайхамшигт тооцогдож байгаа гэсэн. Энэтхэгийн ZTV-гийн захирлын Гоёнка багшид бэлэглэон таван сая ам.долларын газарт энэ суваргыг босгосон юм билээ. Суваргын орой дээр өнгөрсөн оны 11 дүгээр сард бурхан багшийн чандрын хэсгийг байрлуулсан гэсэн.
-Ингэхэд бясалгалд сууснаар таны амьдралд өөрчлөлт оров уу?
-Сэтгэл санаа, бие махбодь маань ариуслаа. Элдэв хороос хол явах боллоо. Тиймээс маргаашнаас дахин бясалгалд суух гэж байна.
-Монголдоо юу?
-Тийм.
-Явсан газрын сонин хачнаар бэдсэн нэвтрүүлгээ хэзээ сонирхуулах вэ?
-Ирэх гуравдугаар сард олны хүртээл болгоно.
-Ингэхэд америкчуудтай хамтарч хийх кино чинь юу болсон бэ?
-Одоогоор хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэж амжаагүй л явна.
-”Нохойн орон” киногоо гадаад, дотоодод гаргаж байна уу?
-Удахгүй “Тэнгис” кинотеатрт гаргах бодолтой байгаа.
-Сүүлийн үед өөр уран бүтээл дээр ажиллав уу?
-Миний үгийг нь бичсэн “Дурлал шиг асна” дууг Ариунаа маань сайхан дуулж олонд хүргэлээ. Мөн цомгийнхоо нэрийг болгон өгсөнд их баярласан. Одоохондоо өөр бүтээж, туурвисан зүйл алга. “Номуун” студиэ ажиллуулаад л байж байна даа.
Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.02.01/