Б.Батзаяа: Үнэн эсэхийг нь цаг хугацаа олон түмэн ялгах байлгүй
“Хөдөөгийн баясгалан” киноны Болд, “Мартагдашгүй намар”-ын Отгон нарын дүрээрээ олны сэлтгэлд хоногшин үлдсэн нэгэн эрхмийг энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо урилаа. Тэрбээр хошин урлагийн “Шинэ үе” продакшныхантай хамтран насанд хүрэгчдэд зориулсан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. “Бүгд унтаж байхад” жүжгийн сургуулилтынх нь үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.
Худал мэдээлэл цацсаныхаа хүчинд овоо хэдэн төгрөг олсон байх аа.
-Сүүлийн жилүүдэд та тайзан дээр гарсангүй. Олны нүднээс далдхан байсны тань шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна?
-Шар сонинууд дээр гарсан элдэв мэдээллийн талаар л надаас асуух гээд байна уу. Батзаяа гэдэг нөхөр сүүлийн жилүүдэд шар сонинуудыг их тэжээж байна даа. Миний тухай янз бүрийн мэдээлэл цацсаныхаа хүчинд тэд овоо хэдэн төгрөг олсон байх аа. Гэхдээ надад олсон мөнгөнөөсөө хувь өгөхгүй л юм байна шүү дээ.
-Хошин урлагийн “Загалмайлсан эцэг” архинд орчихоод эмчилгээ хийлгэж байна, орон гэргүй, тэнүүчилж явна гээд л бичсэн байсан?
-Тайзан дээр гаралгүй удчихаар л хүмүүсийн нүдэнд илүү тусаад байгаа бололтой. Ямар ч хүнд ууж идэх тохиолдол гардаг л биз дээ. Архинд орсноосоо ч болсон юм биш. Зүгээр л бие махбодидоо бага зэрэг “засвар” хийлгэх хэрэгтэй болоод л эмнэлэгт хэвтсэн юм. Гэхдээ удаан хэвтээгүй ээ. Орон сууцгүй тэнүүчлээд байсан юм байхгүй. Ямар ч байсан траншейд амьдрахгүй нь л ойлгомжтой шүү дээ. Бас сонин дээр бичсэн шиг Эрээнд амьдраагүй. Өссөн төрсөн нутагтаа эрүүл саруул, энх тунх, элэг бүтэн амьдарч байна.
-Бас их хэмжээний өр төлбөрт орсон, Солонгост явахдаа дэлгүүрээс нь хулгай хийж байгаад баригдсан гэх юм?
-Тийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
-Хошин урлагийнхны хандивын тоглолт хийж, олж өгсөн мөнгийг ганцхан шөнө казинод үрчихсэн гэсэн мэдээ гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тодорхой юм яримааргүй байна. Заавал далан булчирхайгаа тоочих албагүй биз дээ.
-Өөрийнхөө тухай элдвийн мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийхгүй гэж үү?
-Дэмий биз дээ. Буянаараа л болог. Худал мэдээлэлтэй хөөцөлдөж байх цаг зав үнэндээ алга. Хийх ажил их байна. Тэгээд ч төр түмэн нүдтэй. Үнэн эсэхийг нь цаг хугацаа, олон түмэн ялг.аад өгөх байлгүй дээ. Нэмж хэлэхэд, Монголын ардтүмэн намайг мэднэ дээ. Нийтээрээ бухимдалтай байгаа энэ цаг үед хэн нэгнийг дарамталж, сэглэж мэрэхийн хэрэг байгаа гэж үү. Сэтгүүлчид маань бага ч гэсэн ёсзүйтэй байгаасай даа.
Алтан гахай жил ивээлээ хайрлана гэдэгт итгэлтэй байна
-Хэсэг хугацаанд завсарлаад тайзан дээр гарлаа. Хүмүүс үүнд их л олзуурхаж байгаа бололтой?
-Яруу найргийн шилдгүүдийг тодруулах “Болор цом” наадам дээр шүлгүүдээ уншлаа. Дажгүй шүлэг бичсэн байгаа биз. Өөрөө үзсэн үү. /инээв/. Ойрд тайзан дээр гараагүй болоод ч тэр үү сэтгэл хөдлөөд их сайхан байсан шүү.
-”Алтайн халиун” компанийн найман жилийн ойд оролцоно гэснээ яагаад ирээгүй юм бэ?
-Яаралтай ажил гарчихаад очиж амжаагүй юм аа.
-Харин одоо “Шинэ үе”-ийнхэнтэй хамтарч тоглох нь ээ?
-Хүрлээ, Бооёо хоёр маань жүжигтээ тоглооч гэж урихад нь их баярласан.
-Инээдмийн жүжиг гэл үү. Ямар дүр бүтээж байгаа юм бэ?
-Зочид буудлын эрхлэгчийн дүрд хувирч байгаа. Ойрд тоглоогүй болохоор дутуу дулимаг зүйл их л байна шүү. Дүү нараасаа ч суралцаж байна. Зааж зөвлөх зүйлээ ч хэлж л байна.
-Хийж бүтээхээр төлөвлөсөн зүйл их л байгаа биз дээ. Ингэхэд 2007 оныг хэрхэн төсөөлж байна вэ?
-100 жилд ганцхан удаа тохиодог билэг дэмбэрэлтэй алтан гахай жил надад ивээлээ хайрлана гэдэгт итгэлтэй байна. Мэдээж, хийж бүтээхээр төлөвлөсөн зүйл олон байлгүй яахав. Юутай ч ард түмэндээ хандаж хэлэхэд, 2007 онд Батзаяа урлагийн тайзан дээр байнга үзэгдэх болно.
-Бие даасан тоглолтоо хийх үү?
-Магадгүй,
-Тэгвэл DVD, VCD-ний тухайд юу хэлэх вэ. Уран бүтээлчид бүгдээрээ л гаргадаг шүү дээ?
-Гаргаж бололгүй яахав. Гэхдээ нөгөөх л хөрөнгө мөнгөний асуудал яригдана шүү дээ. Уг нь өөрийн бүтээсэн дүрүүдийг хойч үеийнхэн болоод намайг хүндэлж явдаг хүмүүст, одооны хэллэгээр бол фэнүүддээ DVD, VCD-гээ хүргэмээр л байна.
“Хөдөөгийн баясгалан” киноны дүрдээ их хайртай
-Урлагтай амьдралаа холбоход тань юу хамгийн их нөлөөлөв өө?
-Багын хөдөлгөөнтэй, урлагт сонирхолтой байсан минь л нөлөөлсөн байх. Хэн нэгэн намайгжүжигчин бол гэж албадаагүй ээ. Зөвхөн өөрийн хүсэл, дур сонирхлоор л жүжигчин болсон.
-Урлагийн замд хөтөлсөн багш тань?
-Хэн ч хөтлөөгүй. Харин Багшийн дээдийн кино драмын ангид сурах үедээ Маамхүү, Жигжидсүрэн багш нараасаа номын дуу сонссон юм байна.
-Хамгийн анхны бүтээсэн дүр гэвэл?
-16 настай байхдаа “Хөдөөгийн баясгалан” киноны Болдын дүрийг бүтээсэн. Энэ үеэс л жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
-Ингэхэд 40 орчим жил урлагт зүтгэхдээ хэчнээн дүр бүтээсэн бол?
-Олон дүр бүтээгээгүй ээ. Гэхдээ бас цөөхөн ч биш.
-Эдгээрээс хамгийн сэтгэлд хоногшсон дүр нь?
-Олны сэтгэлд хоногшсон “Хөдөөгийн баясгалан” киноны Болд, “Мартагдашгүй намар”-ын Отгон нарынхаа дүрд хайртай.
-Урлагийнхнаас хамгийн хүндэлж явдаг хүн гэвэл?
-Алтан үеийнхэн гэгддэг ахмад жүжигчдээ бүгдийг нь хүндэлж, хайрлаж явдаг.
Ялангуяа драмын театрын ахмад жүжигчдийг дээдэлж, үг сургаалийг нь сонсч, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Одоо ч би өөрөө хошин урлагийнхан дотроо хөгшинд нь тооцогдож эхлээд байна даа.
Тогтсон ханшгүй, өгснийг нь л авдаг
-Уран бүтээлч бүхэнд өөрийн гэсэн үнэ ханш байдаг. Таны ханшийг сонирхож болох уу?
-Надад тогтсон ханш байхгүй ээ. Өгснийг нь л авдаг. Уран бүтээлд, тоглолтод оролцохдоо өөрийнхөө хэмжээнд л жүжиглэхийг хичээдэг. Харин дараа нь мөнгө төгрөгийн асуудлаа ярина шүү дээ. Ер нь тэгтлээ их үнэрхээд байдаггүй ээ.
-Тухайлбал, “Бүгд унтаж байхад” жүжигт тоглоод хэдэн төгрөг авах вэ?
-Энэ нууц хэвээрээ үлдэг, тэгэх үү.
-Ингэхэд жүжигчин болсондоо харамсах үе тохиолдож байв уу?
-Хэзээ ч харамсч байгаагүй. Жүжигчин болоогүй бол өдийд тийм ажил хийх байсан гэж ч төсөөлж байсангүй. Заяа төөргөөрөө л явж байна. Ер нь миний ганц чадах зүйл бол жүжиглэх л юм даа.
-Тэгвэл таны бодлоор жүжигчний мэргэжлийн сайхан нь юундаа байдаг юм бэ?
-Бүтээсэн дүр нь үзэгчдэд хүрч, тэдний сэтгэлийг баясгаж, нижигнэсэн алга ташилт хүртэх шиг сайхан зүйл жүжигчин хүнд хаана байх вэ. Энэ мөч л хамгийн их урам хайрладаг. Хүмүүсийг инээлгэж, эерэг энерги цацруулдаг буянтай ажил болохоор нь би энэ мэргэжилдээ дуртай.
-Өнөөдрийн урлагийнханд ажлын хөлсөөрөө хангалуун амьдрах боломж байна уу?
-Урлагаар дагнаад хангалуун амьдрахгүй ээ. Яахав, өдөр хоногоо аргацааж, хоёр
идэхгүи, хоосон хонохгүи амьдрах боломж бол байна. Уран бүтээлчдийг хүмүүс их л баян цатгалан гэж ойлгодог юм билээ. Үнэн чанартаа хоосон ядуу хүмүүс шүү дээ.
Хошин урлагийн академиа дахин сэргээнэ
-Таны байгуулсан хошин урлагийн академи юу болсон бэ. Үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
-Хэсэг хугацаанд завсарласан. Харин одоо академийнхаа үйл ажиллагааг дахин сэргээх гэж байгаа.
-Тэгэхээр Монголын хошин шогчид нэгдсэн зохион байгуулалтад орох нь ээ?
-Тэгж ойлгож болно. Хошин урлагийн нэгдэл, продакшнууд маань энэ үйл ажиллагаанд нэгдэж, нэгэн зорилготой ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-Дэндүү олон хамтлаг, бие биеэсээ хуулбарласан үзүүлбэрүүдийг сонирхуулж байна гэсэн шүүмжлэл сонсогддог?
-Нийгмээрээ бухимдалтай байгаа энэ нийгэмд ганц хүн ч гэсэн инээж явбал сайхан л биз дээ. Хүмүүст инээд бэлэглэж байгаа хошин шогчдоо муулмааргүй байна лдаа. Харинч өмөөрмөөр байна.
-Хошин урлагийн академийн буянаар олон хүн хоолтойгоо золгосон, бас орон байртай болсон гэлцдэг?
-Академийн ачаар ч юу байх вэ. Харин хошин урлагийн буянаар олон хүн хоолондоо хүрсэн. Одоо академи бодлогын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах болохоор өмнөхөөсөө ч илүү амжилтгай ажиллах боломжтой.
Хамгийн сүүлд Хөх хот руу явсан
-Урлагийн буянаар олон улсад айлчилсан байлгүй?
-10 гаруй оронд очсон юм байна.
-Хамгийн их таалагдсан орон нь гэвэл?
-Франц. Үнэхээр сайхан санагдсан.
-Хамгийн сүүлд ямар улсад очив?
-Хөх хот уруу явсан. “Одон” телевизийн ойн баярт очсон юм лдаа.
-Таны хувьд хамгийн очих дуртай газар чинь?
-Найз нөхдийнхөөрөө л зочлох дуртай.
-Ингэхэд та хэр олон найзтай вэ?
-Найз нөхөд бий л дээ. Гэхдээ зовлон жаргалаа ярьдаг дотны найзууд гэвэл хоёрхон л байна. Сэтгэл тавгүйрхэх, гуньж гутрах, баярлах хөөрөх үедээ тэднийгээ л зорьдог.
-Дотно нөхөрлөж явсан нөхөд дайснууд болох нь олон гэлцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ийм зүйл надад тохиолдож байсангүй. Цаашид чтохиолдохгүй гэдэгт итгэл дүүрэн байна. Бие биеэ сайтар ойлголцоогүйн үндсэн дээр ийм байдалд хүрч мэдэх л юм. Мөн нөгөө талаар хэтэрхий их хүндлэл эргээд үзэн ядалтад хүргэх тохиолдол ч байдаг юм.
Өөрөөрөө л байх юмсан даа
-Хүний ямар зан чанарыг илүүд үздэг вэ?
-Хүлээцтэй, ухаалаг хүн таалагддаг. Хүн хүнээрээ л байхад би дуртай. Хүлээцтэй, ухаалаг байж чадвал ихийг мэдэрч, ойлгож чадна гэдгийг амьдралаараа мэдэрч, ойлгож явна даа.
-Тэгвэл хүний ямар зан аашийг тэвчиж чаддаггүй вэ?
-Худлаа дүр эсгэсэн хүмүүст их дургүй. Ялангуяа эр хүнд байгаагаараа л байх шиг сайхан зүйл байхгүй. Нэгийг харж шарваж, нөгөөг харж инээсэн хүмүүс үнэхээр муухай санагддаг.
-Шашин шүтдэг үү?
-Шүтэж сүйд болдоггүй. Гэхдээ монгол хүнийхээ хувьд бурханд сүсэглэлгүй яахав.
-Ингэхэд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна даа?
-Тухайн байдлаасаа л шалтгаална. Ер нь чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрөөх дуртай. Мөн зав гарвал бильяард цохих ч сайхан шүү.
-Ан авд хэр вэ?
-Нэг ч удаа амьтны амь тасалж үзээгүй. Гэхдээ эр хүн байна, анд явж үзэлгүй яахав. Хааяа найз нөхдөө дагаад явна аа.
-Сүүлийн жилүүдэд монголчууд маань сүмо бөхийг их сонирхох болж. Өөрөө хэр үзэж байна даа?
-Зурагтаар гарч таарвал хааяа үзнэ. Түүнээс биш цаг зав гаргаж шимтэж үздэггүй. Эхлэл төгсгөлийг нь харин заавал үздэг.
-Урлагийн тайзнаа тантай мөр зэрэгцэн зүтгэж явсан УГЖ Д.Батсүхийн бие тааруухан байгаа. Найз нөхрийн хувьд та хэр тусалж байна вэ. Мөн хошин урлагийнхан ямар төлөвлөгөөтэй байгааг сонирхмоор байна?
-Алиа хошин зангаараа ард түмнээ баясгаж явдаг найз маань хүндээр өвдчихлөө. Үнэхээр харамсалтай байна. Өвчин зовлон гэдэг хэнийг ч тойрохгүй, бас ялгахгүй юм даа. Гэхдээ сайн санаат ард түмэн маань хайртай жүжигчиндээ гараа сунган туслах байх аа. Бидний хувьд Бачкадаа зориулан хандивын тоглолт хийхээр ярилцаж байгаа. Удахгүй олны хүртээл болох байх аа.
Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.1.26/