2008-12-17
О.Шагдарсүрэн: Явсан замынхаа уртыг тооцоод үзтэл 70 гаруй мянган км болсон байна билээ

О.Шагдарсүрэн: Явсан замынхаа уртыг тооцоод үзтэл 70 гаруй мянган км болсон байна билээ

Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Осорын Шагдарсүрэнтэй уулзаж ярилцлаа. ШУА-ийн дэргэдэх Биологийн хүрээлэнг санаачлан байгуулж, захирлаар нь 20 гаруй жил ажилласан тэрбээр одоо МУИС-ийн Амьтан судлалын тэнхимд багшилж байна.

Байгалийн дунд төрж өссөн болохоороо энэ мэргэжлийг сонгосон

-Амьтан судлаач. Сонирхолтой, сайхан мэргэжил биз?
-Тэгэлгүй яахав. Би чухам л Монгол орноороо хэрэн хэссэн хүн. Очиж үзээгүй газар орон ч гэж байхгүй дээ. Судалгаа хийж л яваа юм. Нийтдээ 70 гаруй мянган километр зам туулсан байна билээ.
-Ингэхэд яагаад энэ мэргэжлийг сонгосон юм 69?
-Би 1929 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт малчны гэрт төрсөн. 10 нас хүртлээ мал маллаад 1940 онд Матад сумын бага сургуульд ррж, 1948 онд аймгийн сурГуулийн долдугаар ангийг дүүргэсэн. Тэгээд Улсын их сургуулийн бэлтгэлд хоёр жил суралцаад физик, математикийн ангид орсон юм. Гэхдээ ийм сонголт хийсэндээ тун дургүй байлаа. Гэтэл ирэх жил нь биологийн анги шинээр нээгдэж, би ч уухайн тас шилжсэн. Тухайн үед биологийн тэнхмийг А.Г.Баников гэгч Орос эрдэмтэн толгойлж байлаа. Байгалийн дунд төрж өссөн болохоор энэ мэргэжилдээ үнэхээр дур сонирхолтой байсан. Аав маань анчин хүн байсан. Багад минь намайг дагуулаад л анд байнга явна. Тиймээс нутаг орныхоо уул ус, ан амьтан, өвс ургамлыг тун сайн мэддэг байлаа. Миний хувьд төгсөөд л сургуульдаа багшилж эхэлсэн. Одоог хүртэл 50 гаруй жил энэ сургуультай амьдралаа холбож явна даа. Нэг хэсэг ректороор нь ажиллаж байлаа.

-Эрдмийн зэрэг цолуудаа ямар сэдвээр хамгаалсан бэ?
-1961 онд Москвагийн их сургуулийн аспирантурт явж, гурван жил суралцсан. Ирээд багшлахын зэрэгцээ ШУА-ийн дэргэд Биологийн хүрээлэн байгуулах ажлыг удирдан зохион байгуулж захирлаар нь 20 орчим жил ажилласан даа. Миний хувьд амьтны аймаг, тэр дундаа шувуу, хөхтөн амьтны судалгааг их хийсэн. 1964 онд “Монгол орны махчин шувууны экологи” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Энэ чиглэлээр Монголдоо анх удаа судалгаа хийсэн нь энэ юм л даа. Одоо харин энэ сэдвийг хүмүүс их судлах болж. Харин докторын ажлаа “Монгол орны агнуурын аж ахуйн биологи, эдийн засгийн үндэс” сэдвээр хамгаалсан.

Үлийн цагаан оготныг устгах нь манай орны нөхцөлд хортой

-Үлийн цагаан оготны талаар нэлээд судалгаа хийж, ном бүтээл гаргасан гэл үү?
-”Үлийн цагаан оготно” номоо 1972 онд хэвлүүлсэн.

-Манайхан энэ амьтныг бэлчээрийн хорлон сүйтгэгч гэдэг шүү дээ?
-Монголын амьд байгалийн нэгтөлөөлөгч яах аргагүй мөн. Энэ амьтан Монгол оронд 34 сая га газарт тархсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын газар нутгийн гуравны нэгд нь үлийн цагаан оготно байдаг. Энэ амьтны гол онцлог нь үе үе олширдогт байдаг юм. Нэг хэсэг цөөрснөө гэнэтхэн үрждэг. 11-12 жилийн мөчлөгтэй ийм үзэгдэл ажиглагдаад байдаг шүү.

-Яагаад гэнэт олширдог юм бол?
-Маш түргэн үрждэг. Хавар, нэг эм оготно 7-10 гөлчгий гаргана. Эхэлж гарсан зулзагууд нь тэр жилдээ буюу 45 хоноод л хээлтдэг. Гурав дахь төрөлтийн зулзагууд ч мөн гөлчгий гаргана. Өөрөөр хэлбэл, эх нь гурав, эхний зулзага нь хоёр, сүүлчийн зулзага нь нэг удаа төрнө. Ингээд хавар нийлсэн эр, эм хоёр оготно намар болоход 60 орчим болж үрждэг. Оготногүй байсан газар гэнэт баахан оготнотой болж, хүмүүс гайхдгийн учир ийм. Үүнийг хүмүүс оготно нүүгээд ирчихлээ гэж ойлгодог л доо.

-Олширсон үедээ ихээхэн хор хөнөөлтэй юм биш үү?
-Өвс ургамал ихээр иднэ. Энэ нь зуны бэлчээрт хортой л доо. Гэхдээ зун тачирхан өвстэй газарт л үрждэг. Харин өндөр сахлаг өвстэй бэлчээрт хор холбогдол байхгүй. Ер нь их ургамалтай газарт амьдарч чаддаггүй амьтан.

-Жилийн жилд үлийн цагаан оготныг устгахад олон сая төгрөг зарцуулдаг?
-800 сая төгрөгийг энэ ажилд зарцуулж байна. Энэ хор нь их муу нөлөөтэй. Хүн, мал, шувуу хордож байна. Уг нь үлийн цагаанг устгах нь манай орны нөхцөлд хортой л байгаа юм.

-Ийм мөнгө зарлагадаж хор цацах хэрэггүй гэж үү?
-Яг тийм. Хор хэрэглэх шаардлагагүй. 2-3 жил болоод л үхээд дуусчихдаг амьтан шүү дээ. Тэгээд ч энэ амьтнаар шувуу, махчин болоод үслэг амьтад хооллодог. Устгал хийсний дараа дээрх амьтдын тоо толгой ч цөөрчихдөг гэмтэй.

-Үлийн цагаан оготноос өөр ховор амьтан судалж байв уу?
-Ондатр гэх өвөрмөц амьтныг судалж, Монголд нутагшуулахад гар бие оролцсон. Дэлхийн олон оронд энэ амьтныг нэг нэгээсээ худалдан авч, нутагшуулдаг. Харин 1942 онд манай улсад энэ амьтан өөрийн аясаараа Сэлэнгэ аймгийн нутгаар орж ирсэн юм. Хараа, Ерөөгийн сав газар, Буурын голын орчимд шүү дээ. Ондатр яг үлийн цагаан оготно шиг үрждэг. Өвөл нь манай нутагт дасч зохицохгүйгээс олноороо үхнэ. Харин зун нь олширчихно. Тиймээс энэ амьтныг өвөлжих нөхцөл бүрдсэн нутагтай болгохоор бид санал гаргасан. ИнгээдЗасгийн газрын шийдвэрийн дагуу ондатрыг Хар ус нуурын орчимд нутагшуулахаар болсон юм. Энэ ажлыг миний шавь Я.Даш гардан хийсэн. Үүний ачаар ондатр маш ихээр үржиж, Монгол орон ондатртай болсон.

-Одоо энэ амьтны тоо толгой хэр олон байгаа бол?
-Хар ус нуур, Ховдын гол орчмоор их бий.

-Ондатрын үс үнэтэй байх аа?
-Үс нь асар үнэтэй. Тиймээс бага ч болтугай валют олоосой гэсэн үүднээс энэ амьтныг Монголд нутагшуулсан. Биднийг нутагшуулах үед арьс нь дөрвөн ам.доллар байсан. Одоогоос 40-өөд жилийн өмнө шүү дээ. Одоо нутгийн хүмүүс агнаж, гоё сайхан үсийг нь ашигладаг юм билээ.

-Өөр ямар сонин содон амьтан судалж байв даа?
-Говь нутагт амьдардаг хар сүүлт зээрийг судалсан. Манайхан 60-аад оны үед зээр их агнадаг байлаа. Нутагтаа цөөрч ховордсон энэ амьтныг хамгаалахын тулд эрдэм шинжилгээний ажилтнууд Засгийн газарт хүсэлт тавьсан л даа. Ингэснээр хар сүүлт зээрийг агнахыг хориглож, их ч элбэгшсэн. Гэтэл ерээд он гарч, ан амьтны талаар тодорхой бодлогогүй болсноос дийлэнхийг нь хядаж, одоо тун цөөхөн үлдээд байна. Мөн цагаан зээр байна. Биднийг судалж байх үед Дорнод Монголын нутагт л цөөхөн үлдсэн байсан. Далаад оны үед судалж үзэхэд дөчөөд онд амьдарч байсан нутгийнхаа 25 хувьд нь л үлдсэн байсан. Ингээд тусгай төлөвлөгөөтэй, хяналттай агнах болж, улмаар 1993 онд Байгаль хамгаалахын сайд Батжаргалын тушаалаар цагаан зээр агнахыг бүрмөсөн хориглосон. Хориг1998 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд цагаан зээр маань маш их үржсэн дээ. Бүр нийслэл хот орчим болоод говийн нутаг, Өвөрхангай аймагт ч тархсан. Харин одоо агнах явдал ихэссэнээр Дорнодын хээр талд л цагаан зээр нутаглаж байна.

-Таныг бас махчин шувууны талаар судалгаа хийсэн гэж сонссон юм байна. Голчлон ямар шувууг судалсан бэ?
-Махчин шувуу, тэр дундаа идлэг шонхрыг их судалсан. Оготно, хулганаар хооллодог, их үзэсгэлэнтэй сайхан шувуу. Сүүлийн үед спорт агнуурын чиглэлээр гадагшаа их гаргах болсноор тоо толгой нь их цөөрч байна. Миний шавь С.Төмөрбаатар шонхор үржүүлэх нөхцөлийг саижруулахын тулд хиймэл үүр байрлуулж байна. Үүний үр дүнд энэ шувууны тоо толгой нэмэгдэх болсон нь сайшаалтай. Миний хувьд зөвхөн идлэг шонхор гэлтгүй олон шувуу судалсан л даа. Ном зохиол ч олныг бичсэн.

Мал бол гэршүүлсэн ан амьтан

-Сүүлийн үед юу хийж байна даа?
-Бэлчээрийн монгол малын амьдралыг судалж байна. Мал гэдэг зээр, гөрөөс, буга, согоо шигл амьдралтай амьтан. Байгалийн зэрлэг өвс ургамлаар хооллон, жилийн дөрвөн улирлын турш онгон байгалийн орчин нөхцөлд ан амьтад шиг зэрлэгээр амьдардаг сүүн тэжээлтэй амьтан. Иймээс зэрлэг ан амьтдын адил байгалийн шалгарлын хууль ёсоор удамшлын шилдэг, сайн чанартай хэсэг нь үлдэн хоцордог. Харин амьдрах чадвар султай нь үхэж үрэгдцэг. Ийм байдлаар Монгол орны газарзүй, цаг агаарын нөхцөлд зохицон, ган зудын аюулыг даван туулсаар түүхэн хөгжлийн явцад хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангасаар ирсэн гэршүүлсэн ан амьтан байгаа юм.

-Монголчууд мал аж ахуй эрхэлж эхэлснээс хойш хэчнээн жил болж байгаа юм бол?
-Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх аргыг хүн төрөлхтөн олж, ашиглах болсоор 5000 жилийн нүүрийг үзээд байна.
XIII зуун буюу Чингисийн их улсын үед Монголын эдийн засгийн гол үндэс нь мал сүрэг байж. Бүх хоол хүнс, хувцас хэрэглэл, арилжаа наймааны төлбөрийн хэрэгол нь ч мал сүрэг нь байсан. Мөн цэрэг дайны үед унаа хөсөг, хоол тэжээл нь болж байсан түүхтэй. Энэ үед цэргийн их цувааны дэргэд хүнсний малыг бас нэг цуваа болгон тууж явдаг байсан байгаа юм. Дундад Азийн нутаг, Аму-Дария мөрний сав дагуу, цаад тал нь Багдад хот хүртэл малаа туугаад явж байсан гэдэг. Дөрвөн жилийн дотор 3000 км замыг туулаад буцаж ирсэн мал байдагтухай ч түүх сударт бичиж үлдээсэн байна шүү.

-Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл маш олон удаа ган, зуд болсон байх даа?
-Энэ 800-гаад жилийн дотор ойролцоогоор 70-80 удаа ган, зуд болсон байгаа юм. Энэхүү байгалийн гамшгийг мал сүрэг бэлчээртээ л даван туулж, үржиж, өссөөр өнөөдрийг хүрсэн түүхтэй. Нэг зүйл сонирхуулж ярихад, 1940-өөд оны үед мал сүргийг цэрэг дайны зорилгоор асар их бэлтгэн хэрэглэж байсан. Ингэхдээ дандаа нас бие гүйцсэн, тарга тэвээрэгтэй малыг сорчлон бэлтгэж байж. 1940-2000 оныг хүртэлх хугацаанд манай улс 300 сая мал идэж, худалдаж арилжсан байгаа юм. Хэрэглэдгээрээ хэрэглээд л байсан ч одоо манай мал сүрэг маань 34,8 сая болоод байна.

-Сайн малыг нь сорчилж бэлтгэсний хор уршиг гэж бий л байх даа?
-Муу мал гар дээр үлдэж хоцорсноор ган зудад амархан нэрвэгддэг байсан. Харин сүүлийн үед мал сүрэг өсч, яс чанар нь сайжирсаар байна.

-Малаас авч хэрэглэх бүтээгдэхүүний тоо ч нэмэгдэж байх шиг?
-Бэлчээрийн малаас маш олон төрлийн бүтээгдэхүүн авч хэрэглэж байна. Ер нь монголчуудыг мал сүрэг нь тэжээж байна гээд хэлчихвэл, буруудахгүй л болов уу. Бэлчээрийн малгүй болчихвол Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Сүүлийн үед хот суурин газрын ойролцоо их хэмжээний сүү өгдөг үүлдрийн малыг үржүүлж, суурин газрын хүмүүсийг цагаан идээгээр хангаж байгаа нь зөв бодлого гэж дүгнэж байна.

-Монгол малын бусад малаас ялгагдах онцлогийг тодорхойлохгүй юу?
-Монголын бэлчээрийн мал маш түргэн өсдөг, үнэ төлбөргүй бэлчээрийн ургамлаар тэжээл хийдэг, өртөг хямдтай. Ийм учраас дэлгэр их нутгийнхаа хаана ч, янз бүрийн хэмжээний фермүүд байгуулж, малаа шинжлэх ухааны үндэстэй өсгөн, үр ашгийг нь ихэсгэж, малчин түмнийхээ амьдралыг дэмжүүлэх хэрэгтэй байна.
-Сүүлийн жилүүдэд мах, сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх талаар хүмүүс их сонирхох болж?
-Экологийн цэвэр мах, сүүний нөөцийн хувьд хамгийн баялаг улсын тоонд манай орон яах аргагүй орно. Өөрийн орны бэлчээрийн малаас үнэ төлбөргүй гарч буй энэ их нөөцийг цуглуулан авч, энэ их нөөцийг цуглуулан авч, үйлдвэрийн аргаар боловсруулж, айл өрх, хүн ардаа элбэг дэлбэг хангах тухай асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Учир нь малчид малаас гарч буй бүтээгдэхүүнээ сайн боловсруулж чадахгүй байна. Хүн хүчний нөөц дутсанаас ашиг шимийг нь гүйцэд хүртэхгүй байна. Тиймээс би судалгаан дээрээ үндэслэн зарим нэг саналыг боловсруулаад байгаа.

-Тухайлбал, ямар санал гэж?
-20-25 айл хамтраад малаа дундаа өмчилж, малынхаа ашиг шимээр аж ахуйн жижиг үйлдвэрүүд байгуулж болох юм. Улмаар мах бэлтгэлийн ажлыг боловсронгуй болгож, ноос ноолуурыг хамтдаа бэлтгэвэл хэмжээ нь ч ихэснэ. Ийм ажиллагааг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна.

-Сүүлийн үед манай улсад мянгат малчид олширсон. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Мянгат малчид малаа бусдад хувааж өгөн маллуулж байгаа. Ажлын байр нэмэгдэж, хүмүүс цалин хөлстэй болж байна. Ингэснээр мал зөвхөн нэг айлынх бус олон хүний амьдралыг тэтгэж, дэмждэг аж ахуй болон хувирлаа. Ийм хэлбэр хувьсгалаас өмнө байдаг байсан. Баячуудын малын ашиг шимээр амьдардаг хүмүүс олон байсан шүү дээ.

-Ингэхэд цөөн малтай хүмүүсийн хувьд аж ахуй эрхлэх боломж байна уу?
-Зөв зохион байгуулвал бололгүй яахав. Судалгааны үр дүнд нэг санаа дэвшүүлээд байгаа. Аж ахуйч хүн улсаас зээл аваад тэр зээлийнхээ мөнгөөр 100-200 гэхчлэн цөөн малтай айлуудын малыг худалдан авч болох юм. Улмаар малаа зарсан хүмүүсийг ажилчнаар авч, мянгат малчид шиг ажиллана. Ийм хүмүүс олширвол эдийн засагт маш их ач холбогдолтой гэсэн тооцоо гарсан. Ийм жижиг аж ахуйнууд олширвол хөдөөд ядуурлыг маш амархан арилгах боломжтой. Ажилгүй хүмүүс бүгд ажилтай болно. Бүтээгдэхүүнээ гадаад, дотоодод зохион байгуулалттайгаар, нэгдсэн журмаар гаргаж болно. Би ийм аж ахуйг “Нүүдлийн фермийн аж ахуй” гэж нэрлэж байгаа.

-Өөр ямар санаа санаачилга боловсруулаа, байна даа?
-Манайхан малын бүтээгдэхүүнийг гол төлөв хатааж хэрэглэдэг. Хатаасан бүтээгдэхүүн чанараа олон талаараа алддаг гэмтэй. Иймээс бүтээгдэхүүнийг хатааж, чанарыг нь алдагдуулахгүйн тулд хөлдүү хэлбэрээр нь ашиглах хэрэгтэй байна. Хөлдөхөд, бүтээгдэхүүний чанар хэвээрээ байдаг болохоор тэр шү дээ. Фермүүд дэргэдээ хөргүүрийн аж ахуйтай болох хэрэгтэй. Байгалийн хөргүүр мөсөн зоориудыг бий болгож болно. Зоориндоо цагаа идээ, мах зэрэг бүтээгдэхүүнээ жилийн дөрвө улирлын турш хадгалж болно шүү дээ. Хөлдөөсөн бүтээгдэхүүнээ хөргүүлтэй машинаар зөөж, хот суурин газрын оршин суугчид болон үйлдвэрүүдэд нийлүүлж болно. Ингэснээр хөдөө аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх боломжтой юм. Мөн нэг чухал санааг дэвшүүлээд байна. Өвлийн цагт манайхан малдаа тэжээл болгон өвс өгдөг. Хадлангаа бэлтгэхийн тулд олон га газрын өвсийг сүйтгэдэг. Сахлаг өвстэй газрыг хадсанаас ургамлын ургац зогсдог гэмтэнэ. Ингэснээр өвлийн цагт мал бэлчээх газаргүй болдог. Хэрэв малчид 10, 20-иороо нэгдэх аж ахуй байгуулчихвал өндөр ургацтай өвс, хаягдал будаа овъёос зэргийг хамтын хүчээр тарьж болно. 100 га газар тарихад л 20 тонны хэмжээтэй 20 гаруй нуруу өвс тэжээл бэлдэх боломжтой. Эдгээр нь өвлийн туршид хангалттай хүрнэ. Ингэж бэлчээрээ хадгалж үлдэхгүй бол өвөл мал бэлчих газаргүй болчихоод байна шүү дээ.

Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.06.21/


Бичсэн: SARAAHAI | цаг: 19:41 | SHINJLEH UHAAN
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: