2008-12-17
А.Очирбат: Бялхаж, цалгиж тансаглахгүй ч сэтгэл өөдрөг, амар амгалан амьдарч байна

А.Очирбат: Бялхаж, цалгиж тансаглахгүй ч сэтгэл өөдрөг, амар амгалан амьдарч байна

Ард олныхоо дунд “Итгэлт баян” хэмээн өргөмжлөгдсөн ардын жүжигчин А.Очирбатыг энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо урилаа.

80 насыг зооглож яваа тэрбээр бие тэнхлүүн, сэтгэл өөдрөг үр, ач, зээ нараа тойруулан амьдарч явна. Биднийг дөрөвдүгээр хороололд байрлах гэрт нь очих үед тэрбээр “Итгэл баян”-ы зурагтай аяган дотор цай ууж харагдсан. Аяганых нь зургийг сонирхон харахад Очирбат гуай “Үүнийг надад “Өнгөт инээд” хамтлагийнхан бэлэглэсэн. Өөрийнхөө зурагтай аяганд цай ууж суухаар гайхав уу” гээд инээмсэглэсэн юм.

Бөхөд ухаангүй дуртай хүн дээ, би

-Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн баярыг хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна даа?
-Яг одоогоор төлөвлөсөн зүйл алга л байна. Уламжлал ёсоор Төв цэнгэлдэхэд очиж бөхөө сонирхоно доо. Мөн морь барианы газар ч очно. Ер нь бөх, моринд дургүй монгол хүн байхгүй шүү дээ. Тиймээс наадамчин олон маань бүгдээрээ надтай ижил төлөвлөгөө гаргачихаад л сууж байгаа байх.

-Таныг бөхийн хорхойтон гэж урлагийн хууччуул ярьдаг юм билээ?
-Бөхөд ухаангүй дуртай хүн дээ, би. Нэг хэсэг бөхийн хорхойтон гэж намайг л хэлдэг болов уу гэмээр санагддаг байлаа.

-Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэхэд уяатаи мэт суудаг байсан гэл үү?
-Хотын захиргаан дээр очиж урилга гуйж аваад л наадмын талбайг зорьдог байлаа. Бас болоогүй ээ, богцондоо өдөр нь идэж, уух юмаа хийчихнэ. Тэгээд л хоёр өдөр нам суучихна. Хоёр Мөнх аварга болон хоёр Эрдэнийн үед ид суудаг байлаа. Бүр наадмын барилдаан дуусчихаад байхад ч хоргодонгуй байдаг байлаа шүү дээ.

-Энэ жил ч гэсэн Цэнгэлдэхэд очоод “нам сууна” биз?
-Одоо чадахгүй ээ. Хөгшрөөд, бие дийлэхээ больсон. Харин телевизээ үзээд л нам суучихна даа.

-Энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол. Таны таамгийг сонирхмоор байна?
-Өсөхбаяр эсвэл Сумьяабазар аварга хоёрын нэг нь л түрүүлж таарна. Ер нь Өсөхбаяр, Сумьяабазар, Сүхбат гурвын дээр дайрч гарах хүн ойрын жилүүдэд төрөхгүй байх аа.

-Ингэхэд таны хүүхэд ахуй нас хаана өнгөрсөн бэ. Багадаа хурдны морь унадаг байв уу?
-19 нас хүртлээ Төв аймгийн Бүрэн суманд амьдарсан. Хөдөөний хүүхдүүдийн хувьд хөлд орсноосоо хойш л малтай нөхөрлөнө шүү дээ. Хөл нүцгэн таваргаж, хурга, ишигтэй зууралдсаар хүүхэд насаа үдсэн дээ. Арван нас хүрдэг жилийнхээ зун анх удаа сумын наадамд хурдны морь унасан юм байна. Тэр үед би жижигхэн биетэй, давжаа хүүхэд байлаа.

-Морь хэр хурдалсан бол?
-Нэлээд хойгуур ирсэн санагдаж байна шүү. Үүнээс хойш дахиж уралдааны морь унаагүй ээ. Харин сунгаанд олон удаа морь унаж байсан. Гэхдээ манайх морь уядаггүй айл байсан л даа. Миний хувьд морь сайн уургалдаг байлаа. Гэвч бяд муутай болохоор уургалсан морио алдчихдаг байсан юм. Бас даага, шүдлэн булгиулахдаа их сайн байсан шүү. Манай нутгийн зарим хүн даага, шүдлэнгээ бариад намайг зорьж ирдэг байсан гээч.

Дүрсээ гаргах өвчин туссан биш урьсан болгонд тоглоод яахав

-Ингэхэд “Баян Итгэлт” маань яажшуухан амьдарч байна даа. Энэ талаар уншигчид маань сонирхож байгаа нь лавтай?
-Бялхаж, цалгиж тансаглахгүй, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, хамгийн гол нь сэтгэл өөдрөг, амар амгалан амьдарч байна даа. Хүнд үүнээс илүү хэрэгтэй зүйл гэж юу байхав.

-Ач, зээ олонтой болж байна уу?
-Би чинь хоёр хүү, нэг охинтой хүн шүү дээ. Одоо тав зургаан ач, зээтэй болоод байна. Хөгшнийг маань Маруся гэдэг. Насаараа Кино үйлдвэрт тайзны чимэглэл дээр ажилласан хүн дээ. Одоо бид хоёр ач, зээ нартайгаа зуслан, гэрийн хооронд ирэн очин л байна.

-Охин чинь таны мэргэжлийг өвлөсөн байх аа?
-Оюун маань “Илүү сартай зун” кинонд суугаа охины дүр бүтээснээсээ хойш урлагтай холбогдсон. Хэд хэдэн кинонд тоглосон байх шүү. Одоо дуу оруулагчаар ажиллаж байгаа.

-Авч байгаа тэтгэвэр амьдралд тань хүрэлцэх юм уу?
-Төр, засгийн буянаар сайхан амьдарч байна аа. Дээр нь Ардын жүжигчин цолны хэдэн төгрөгийн нэшгдэл авчихна.

-Хааяа нэг реклам, сурталчилгаанд тоглосон харагддаг?
-Жижиг сажиг зүйлд тоглоод бас овоо юм залгуулчихна шүү. Тэтгэврээс тэтгэврийн хооронд нэмэр болдог л юм.

-Ийм захиалга хэр их ирж байна даа?
-Захиалга тасрахгүй шүү. Би ч өөрийгөө айхтар үнэлээд байдаггүй. Өгснийг нь л авдаг. Хааяа хэдэн хүүхэд ирээд “Юманд тоглуулахаар урьж байна” гээд л баривчлах нь холгүй аваад явах юм байна шүү дээ. Киноны урилга ч тасрахгүй байна. Мэдээж, өвгөний л дүр бүтээнэ. Арай л чавганцад тоглохгүй байх шиг байна (инээв). Заримдаа их хөөрхөн өвгөний дүр бүтээнэ ээ. Гэхдээ би урьсан болгонд очиж тоглоод байдаггүй шүү. Хүмүүс буруугаар ойлгох вий. Дүрсээ гаргах өвчин туссан биш урьсан болгонд тоглоод яахав. Гэхдээ найз нөхөд, шавь нар гуйгаад байвал тоглохоос өөр аргагүй болдог.

Надаас илүү багшлах ур чадвартай хүн олон байгаа шүү дээ

-Одоо мэргэжлээрээ багшилж байна уу?
-УДЭТ-ын дэргэдэх Хүүхэд, залуучуудын театр студийн зөвлөх багшаар намайг томилсон. Гэхдээ миний багшилна гэж юу байхав дээ.

-Яагаад болохгүй гэж. Та асар их туршлагатай жүжигчин шүү дээ?
-Нас явж, 80 гарчихлаа. Дээр нь би суурь боловсролгүй хүн шүү дээ. Бага болон дунд сургууль ч төгсөөгүй. 1947-1950 оны хооронд урлагийн сургуульд л суралцсан. Дээр нь би өөрийгөө багшилж чадахгүй гэдгээ нэлээд эрт мэдэрсэн л дээ. Хүүхэд, залуучуудын театрын дэргэд студи байгуулах үед тайзны ярианы багшаар ажиллаж үзсэн. Жүжиглэлтийн тухайд би хэний ч дор орохгүй. Гэхдээ онол гэхээр л таг суучихдаг юм.

-Багшлаач гэсэн санал бол ирнэ биз?
-СУИС болон урлагийн хувийн сургуулиудаас багшлах санал тавьдаг л юм. Гэхдээ би хүлээж авдаггүй. Надаас илүү багшлах ур чадвартай хүн олон байгаа шүү дээ.

-Сургуульд багшлаагүй ч гэсэн олон шавьтай болсон байлгүй?
-Театр студийг төгссөн 20 гаруй хүүхэд намайг багшаа гэж дууддаг юм. Мөн одоогийн АЖ, найруулагч Б.Мөнхдорж, УГЖ Жанчивдорж агсан нарыг театрт орох үед нь надад дагалдуулан өгч байсан.

Тайзан дээр кинонд 30 орчим дүр бүтээсэн байна билээ

-Таныг Хүүхэд, залуучуудын театрыг үүсгэн байгуулсан хүний нэг гэдэг юм билээ?
-Яах аргагүй “Алтан хараацай”-нуудынх нь нэг мөн. Намын XI их хурлаас хүүхдийн урлагийн байгууллагатай болгох Төв хорооны тогтоол гарснаар 1950 онд энэ театрыг байгуулсан түүхтэй. Тухайн үед би Урлагийн сургуулиа дүүргэж байлаа. Манай ангийг 12 жүжигчин төгссөн л дөө. Тэгээд бүгдийг нь Хүүхэд, залуучуудын театрт томилж билээ.

-Тухайн үеийн Урлагийн сургуульд ямар хүмүүс багшилдаг байв даа?
-Ардын жүжигчин, Төрийн шагналт Цагааны Цэгмид манай ангийн багш байлаа. Дээр нь Э.Оюун, Д.Лувсаншарав, Сэвжид, Цэрэндулэм нарын шилдгүүд багшилж байсан. Ийм мундаг хүмүүсээс номын дуу сонссон болохоор тухайн үедээ л гайгүй жүжигчин боллоо гэж өөрсдийгөө тоодог байлаа. Одоо манай ангийнхнаас профессор Д.Маамхүү, УГЗ Д.Хишигт, Ц.Цэрэндулам бид хэд л үлдэж дээ.

-Театрын тайзан дээр анх гарч байсан үеэ дурсахгүй юу?
-А.Любимовагийн “Цасан хүү” жүжигт туслах дүр бүтээж, анх удаа театрынхаа тайзан дээр гарсан. Энэ жүжгээр Хүүхэд, залуучуудын театрын нээлтийг хийж байсан юм. Энэ үедээ бид ихэвчлэн Зөвлөлтийн зохиолчдын жүжгээс л тоглодог байлаа.

-Яагаад?
-Монголд хүүхдийн жүжиг байхгүй байсан юм чинь аргагүй шүү дээ. Харин 1953 оноос Д.Намдаг, Ч.Лодойдамба нарын зохиолчид хүүхдийн үндэсний жүжигтэй болохоор шийдэж, “Нэг ангийнхан” гэсэн жүжгийг бидэнд өгсөн. Үүнээс хойш олон зохиолч хүүхдийн жүжиг бичсэн дээ. Дээр нь бид Зөвлөлтийн сонгодогжүжгүүд болон “Ромео Жульетта”, “Дээрэмчид” зэрэг дэлхийн сонгодог жүжгүүдээс ч тоглож байлаа.

-Хүүхэд, залуучуудын театртай эн зэрэгцэж байсан гэж ойлгож болох нь ээ?
-Үнэн хэрэг дээрээ тийм л байсан. Тухайн үед Драмд дуурь, хүүхэд залуучуудын гээд гурван театр одоогийн УДЭТ-ын байран байрладаг байлаа.Бүтээлүүдээ тусдаа хийнэ.

Бидний хувьд жилдээ 3-4 жүжиг тавьчихна. Бас хөдөө бригадаар их явдаг байсан. Дээр нь драмынхан манай жүжигт, манайхан драмын жүжигт ч тоглодог байлаа. Цагааны Цэгмид багш маань хуртэл хүүхдийн жүжигт тоглож байсан шүү. Бидний талаар алдарт Ванган багш “Орчин үеийн драмын урлагийг хүүхдийн театр шинэчилж байна” гэж ярьсан удаатай. Драмынхан илүү сүрлэг, хэтрүүлэгтэй тоглодог бол бид их энгийн тоглодог байсан. Ингэж хэллээ гээд нөгөө хуучны аваргууд маань ирээд намайг шанаадчих юм биш байгаа даа (инээв).

-Ардын жүжигчин гэх эрхэм алдрыг та энэ л театраас хүртсэн байх аа?
-Тэгэлгүй яахав. Театртаа үнэнчээр зүтгэсний минь хариуд төр, засгаас надад энэ хүндэтгэлийг үзүүлсэн. Б.Энхтуяа, З.Галсанданзан, Н.Мягмар, Л.Жанчивдорж нар ч энэ л театраас гавьяат цолыг гардсан юм шүү дээ. Мөн гавьяа цолыг нь хүртээгүй ч гэсэн хийсэн бүтээснээрээ ард олондоо хүндлэгдсэн хүмүүс цөөнгүй байсан. Дээр нь Ванган, Гэндэн нарыг дагалдаж гарч ирсэн АЖ Б.Мөнхдорж болон И.Нямгаваа, Л.Лхасүрэн нарын мундаг найруулагчид бүгдээрээ л ажил амьдралын гараагаа манай театраас эхэлсэн юм шүү дээ.

-Театраас гадна кино урлагт бүтээсэн дүрүүд тань ч Ардын жүжигчин болоход нөлөөлсөн байж таарна?
-Нөлөөлсөн л байх. Миний хувьд урлагт 60 гаруй жил зүтгэх хугацаандаа тайзан дээр 2000 гаруй, кинонд 30 орчим дүр бүтээсэн байна билээ. Харин телевизийн зохиомж, нэвтрүүлэг, реклам сурталчилгаанд тоглосон дүрийнхээ тоог мартчихжээ.
Нас нэмээд ч тэр юм уу, сүүлийн үед их мартамхай болоод байна.

Зарчихжээ гэдгийг нь сонсоод “Нямгаваа ингэлээ гэж үү дээ” гээд нулимс унагасан

-Та ч театрынхаа талаар нэвтэрхий толь л гэсэн үг юм аа?
-Тэгж хэлж болно шүү. Голомтоо сахиж үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь. Бүр хойд хөрш рүү театрын сургуульд яв гэхэд нь ч яваагүй шүү. Харин манай ангийн таван хүүхэд хойно суралцаж ирээд найруулагч болцгоосон.

-Буурийг нь сахиж үлдсэн театраа үгүй болоход тун их харамссан байх даа?
-Одоо ч гэсэн итгэж өгөхгүй л байна. Зарчихжээ гэдгийг нь сонсоод “Нямгаваа ингэлээ гэж үү дээ” гээд нулимсаа унагасан.

-Хэдэн жилийн өмнө театрыг Нямгаваа найруулагч хувьчлах гэхэд нь таныг их дэмжсэн гэж сонссон юм байна?
-Нямгаваа менежментийн хувьчлалаар авна гэж хөөцөлдсөн л дөө. Үүнийг нь Төрийн өмчийн хороо болон тухайн үеийн Соёлын яам ч зөвшөөрсөн. Харин Ц.Төмөрбаатар тэргүүтэй хэдэн жүжигчин түүнд өгөхгүй гэж зүтгэсэн юм. Тэр үед хөгшчүүл голдуу жүжигчид тэр дундаа Дашхүү бид хоёр Нямгавааг дэмжсэн. Учир нь тэр театрыг байгаа хэмжээнээс нь шинэ маяг руу оруулж, их өөрчилсөн. “Намайг сонсоцгоо”, “Эрх гүнж”, “Хайрыг хайрла” зэрэг сайхан жүжгүүдийг театрт ирээд найруулсан. Мөн “Элдэв зураг” гэх хошин шогийн үзүүлбэрүүдийг найруулж, ингэснээр үзэгчдийг татаж чадсан. Энэ үед манай театр их хүчирхэгжсэн юм шүү дээ. Энэ бол Нямгаваагийн ач. Дээр нь театрыг өргөтгөх төсөв хөрөнгө, зураг төслөө гаргачихсан, түүнийгээ бидэнд үзүүлж байлаа. Гэтэл тухайн үед Ц.Төмөрбаатарт зураг төлөвлөгөө ч байгаагүй. Тиймээс л Нямгавааг дэмжсэн юм. Гэхдээ удахгүй их алдсанаа, буруудсанаа мэдсэн л дээ. Тиймээс түүнийг дэмжсэнээрээ би ч гэсэн нүгэлтэй.

-Засвар хийх нэрийдлээр бүх жүжигчдээ явуулчихсан гэл үү?
-Театрын байрыг хувьчилж аваад засвар хийнэ гэсэн шалтгаанаар жүжигчдийг тараасан. Ингээд л бид харьяалалгүй болсон доо. Нямгаваа ч биднийг хайхрахаа больсон. Ингээд л Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байсан хэдэн жүжигчин насны эцэст наадам, цагаан
cap, урлагийн ажилтны баяраар урьж залах байгууллагагуй болчихсон юм даа. Хаа очиж УДЭТ-ынхан биднийг өөрсдийн ахмадууд шиг санаж, бүх арга хэмжээндээ урин, алган дээрээ өнхрүүлж байгаа шүү.

-Тэгээд театрынхаа хувь заяаны талаар хөөцөлдөж үзэв үү?
-Нямгавааг ХААН банкинд театрын байрыг зарсан гэдгийг сонсоод Петр Морроутай уулзах гэж хоёр ч удаа оролдсон. Намайг хүлээж аваагүй. Харин өнгөрсөн оны сүүлчээр дэд захирал эмэгтэйтэй нь уулзахад, “Бид барилгыг нь л худалдаж авснаас театрыг аваагүй. Бидэнд огт хамаагүй” гэсэн хариулт өгсөн. Аргагүй дээ, тэдэнд ямар буруу байхав дээ.

-Сүүлийн үед Нямгаваа найруулагчтай уулзав уу?
-Зарсан сураг гарснаас хойш түүнийг огт хараагүй. Хаана яваа юм, бүү мэд. Ер нь уулзахыг ч хүсэхгүй байна. Сураг сонсоход, хүүхэлдэйн театрыг босгоно л гэж яваа сурагтай. Үүнд нь ч итгэхгүй байна. Ийм том театрыг барилга байшингүйгээр төсөөлөх аргагүй. Сайн найруулагч, жүжигчид байхад болох юм биш үү гэх хүн гарах л байх. Энд тэндхийн байрыг түрээслээд жүжиг гаргана биз. Ингэж нүүдлийн маягаар байгуулахад түүн дээр хэдэн залуу жүжигчин л очих байх.

-УДЭТ-ын дэргэд Хүүхэд, залуучуудын театр студи байгуулагдсан. Мөн УГЖ Л.Лхасүрэн оюутнуудтайгаа хамтран Хүүхэд, залуучуудын театр байгуулах гэж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр залуу жүжигчдийг дэмжих хэрэгтэй байх даа?
-Үүнтэй санал нийлж байна. Нямгаваад театрыг хувьчлахыг зөвшөөрсөн зохих байгууллагууд эдгээр залуусыг дэмжээсэй. Зохион байгуулалтыг нь сайн хийж өгч, хөрөнгө мөнгөөр дэмжих болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэх байна даа. Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн юм. Уг нь Очирбат гуайтай олны сэтгэлд хоногшсон сайхан дүрүүд тэр дундаа Итгэлт баяных нь талаар ярилцахыг хүссэн ч “Энэ талаар би улиг болтлоо ярьсан. Тиймээс хоёулаа энэ удаа ярихгүй байя тэгэх үү” хэмээн “гуйсан”юм. Тиймээс түүнтэй амьдралынхаа 50 гаруй жилийг холбосон, “нэвтэрхий толь” нь гэж өөрийгөө тодорхойлж буй театрынх нь талаар түлхүү ярилцлаа.

Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.07.06/


Бичсэн: SARAAHAI | цаг: 19:47 | URLAG SOYOL
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: