2008-12-17
Д.Билгээ: Би мэдээ л уншиж чадна гээд зогсч байх эрх нэвтрүүлэгчид байхгүй

Д.Билгээ: Би мэдээ л уншиж чадна гээд зогсч байх эрх нэвтрүүлэгчид байхгүй

Улаанбаатараас ярьж байна. Монголын үндэсний радиогоос ярьж байна” хэмээн уянгалаг сайхан хоолойгоор үзэгчидтэйгээ мэндчилэн өглөө бүрийг угтдаг нэгэн эмэгтэйтэй уншигч та бүхнийг уулзуулъя. Монголын радиогийн тэргүүний ажилтан, СТА, Доржийн Билгээ өдгөө 40 дэх жилдээ нэвтрүүлэгчээр ажиллаж байна. Түүнтэй уулзаж ажил, амьдралынх нь талаар илэн далангүй ярилцсан юм.

-Монголын радиотой амьдралаа холбосон дурсамжаар хоёулаа яриагаа эхлэх үү дээ?
-Бололгүй яахав. Би1942 онд Өмнөговь аймгийн Сэврээ сумын нутагт төрсөн. Бага насаа хөдөө өнгөрөөж, долдугаар ангиа төгссөн жилээ Худалдааны техникумд суралцахаар нийслэл хотод ирж байлаа. Техникумиа төгсөөд Улсын их дэлгүүрт тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Дараа нь Улаанбаатар зочид буудлыг ашиглалтад ороход нягтлангаар нь ажиллах болсон. Тэндээ долоон жил ажилласан.
-Тэгвэл үндсэн мэргэжлээсээ огт өөр салбарт хүч сорьсон байх нь ээ?
-Тийм шүү. Улаанбаатар зочид буудлын гадаад тооцооны салбарт ажилладаг байхдаа ажлынхаа шугамаар радиогийн нэгэн эмэгтэйтэй танилцсан юм. Тухайн үед радиогийн нэвтрүүлэгч авна гэсэн зар гарч байсан л даа. Нөгөө таньдаг хүүхнээсээ “Би радиогийн нэвтрүүлэгчийн шалгалт өгвөл болох болов уу” гэж асуутал “Таны хоолойны өнгө их гоё юм байна. Очоод шалгуулаад үз” гэж зөвлөсөн. Тэгээд л радиог зорьсон доо.
-Тухайн үед хэр олон хүн шалгуулж байсан бол?
-Намайг орох үед Мэдээлэл радио телевизийн улсын хороо гэж том байгууллага байлаа. Радиогийн хувьд байгуулагдаад 30 гаруй жил болчихсон, хөлөө олсон байгууллага. Харин телевиз байгуулагдаад ганцхан жил болж байсан. Их нэр хүндтэй байгууллага байсан болохоор хүмүүсийг хатуу шалгаж авч байлаа. Надтай хамт 150 гаруй хүн шалгуулсан. Тэгээд 150-иас дөч, дараа нь 10, тэгээд таван хүнийг үлдээж, эцэст нь хоёрхон хүнийг нэвтрүүлэгчээр авч билээ.

-Анх эфирт хэзээ гарав. Ямар мэдээ уншиж байсан бэ?
-45 хоног бэлтгэл хийгээд эфирт гарсан. Энэ хугацаанд мэдээ, өгүүллэг, найруулал, нэвтрүүлэг гээд төрөл бүрийн материал уншиж, бэлтгэл хийдэг байлаа. Уншсан зүйлээ ахмад найруулагч, нэвтрүүлэгчдэд байнга хянуулна. Эргээд өөрөө сонсоно. Тэгэхээр маш их алдаа гардаг л даа. Анх эфирт гарч байхдаа дотоод мэдээ уншсан юм байна. Их сандарч байсан шүү.

-Томоохон зочид буудалд нягтлангаар ажиллаад хангалттай цалин хөлс авдаг байсан байх. Ийм ажлаа орхиод нэвтрүүлэгч болсон гэхээр аргагүй л татагдаж дээ?
-Өмнөговь аймгийн сургуулийн дотуур байранд байх үеэсээ л тухайн үед элбэг байсан хар дугариг хүлээн авагчаас эгшиглэх хөгжим болон мэдээ мэдээллийг өглөө, үдэшгүй сонсдог байлаа. Тэгээд зургаа, долдугаар ангид орсноосоо хойш энэ хар хайрцаг дотор ярьдаг хүмүүс шиг болох юмсан гэж мөрөөдөх болсон. Техникумд орсны дараа, мөн Их дэлгүүр, зочид буудалд ажиллах үедээ ч радиогийн нэвтрүүлэгч болохыг мөрөөдсөөр л байсан. Бас гайгүй дуулчихдаг, дууны дугуйланд сурдаг байсан л даа. Тиймээс дуулдаг хүн радиод орж болдог юм болов уу гэж хүмүүсээс асуудаг байлаа.

-Улаанбаатар зочид буудалд ажиллаж байхдаа та хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?
-650 төгрөгийн цалин авдаг байсан. Ийм өндөр цалинтай ажлаа орхиод 450 төгрөгийн цалинтай ажилд орж, зургаан cap дагалдангаар ажилласан. Энэ хугацаанд шаардлага хангахгүй бол халагдах болзолтойгоор тэр шүү дээ. Тэгэхээр эрсдэлтэй алхам хийж байсан байгаа биз.

-Нэвтрүүлэгч болоод хэцүү санагдаж байв уу?
-Нэвтрүүлэгч хүн хамгийн гол нь их зүйлийг уншсан байх ёстой гэдгийг ойлгосон. Нийгэмд болж буй аливаа үйл явдлын талаар мэдээлэлтэй, төсөөлөлтэй байж, өөрийгөө цэнэглэж байх ёстой юм билээ.

-Сэтгүүлчдийн бэлтгэсэн материалыг амилуулж уншихад их ур чадвар шаардагддаг байх даа?
-Бусдын бүтээлийг ойлгож, судалж, эхлэл, оршил, төгсгөл, тайллыг нь мэдэрсний үндсэн дээр олон түмэнд хүргэнэ шүү дээ. Миний хувьд аливаа зүйлийн дамжуулагч гэсэн утгаар нь ажиллахыг хүсдэггүй. Би өөрөө бичсэн, одоо бичсэн зүйлээ хүмүүст хүргэх гэж байна гэж төсөөлж, зүрх сэтгэлээсээ уншдаг. Сонсогчдын ой тойнд буутал, нүдэнд харагдтал уншихыг хичээдэг. Радиогийн ажлын гол онцлог нь энэ л дээ. Сэтгүүлчийн эрэл хайгуул хийж олсон мэдээллийг дотроо зураглаж, үнэн сэтгэлээсээ хандан, амиллуулж чаддаг болсон тохиолдолд л өөрийгөө нэвтрүүлэгч боллоо гэж тодорхойлж болно. Харин дамжуулагч болж сууна гэдэг утгагүй асуудал. Миний хувьд аливаад бүтээлчээр хандахыг л эрхэмлэдэг.

-Тэгвэл та хэдийд өөрийгөө нэвтрүүлэгч боллоо гэж тоосон бэ?
-Дунд үеэс нь гэх үү дээ. 1968 онд Монголын радиогийн босгыг алхан орж ирснээс хойш 40 жил болох гэж байна. Ирэх жилийн гуравдугаар сард радиод ажилласны 40 жилийн ой минь болно доо.

-Туршлагатай нэвтрүүлэгчтэй хамтран ажиллахыг уран бүтээлчид хүсдэг юм билээ?
-Олон жил ажилласан туршлагатай нэвтрүүлэгчид сэтгүүлчийн бүтээлийг хараад учир начрыг нь богинохон хугацаанд ойлгоод л уншчихдаг. Харин туршлага муутай шинэ залуу нэвтрүүлэгч бусдын бүтээл дээр сайтар ажиллахгүй л бол сэтгүүлчийн хөдөлмөрийг хогийн саванд хийсэнтэй л адил зүйл болно шүү дээ.

-Нэвтрүүлэгч хүн ямар ч төрлийн мэдээллийг унших чадвартай байх ёстой юу. Эсвэл ямар нэг төрлөөр нь дагнадаг уу?
-Түүхэн бүтээл, уран зохиол, эсээ, жүжиг, гадаад, дотоод мэдээ, нэвтрүүлэг гээд бүх төрлийн мэдээллийг унших чадвартай байх ёстой. Би мэдээ л уншиж чадна гээд зогсч байх эрх нэвтрүүлэгчид байхгүй. Ямар төрлийн мэдээлэл уншиж байгаагаасаа шалтгаалаад хувирч чаддаг байх хэрэгтэй. Тухайлбал, мэдээг шүлэг шиг уянгалуулан уншвал инээдтэй сонсогдоно биз дээ. Оросын нэвтрүүлэгчдийн хувьд тодорхой төрлийг дагнан унших тохиолдол байдаг. Харин манай нөхцөлд энэ бол боломжгүй зүйл. Нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор бүх төрөлд хүчээ үзэх чадвартай байх ёстой л гэж үздэг.

-Нэвтрүүлэгчид дуу хоолойгоо маш их гамнадаг гэл үү?
-Уур амьсгалдаа тохируулан хувцаслаж, идэх, уухаа тохируулан, даарч хөөрч, өвчин тусахгүй байхыг. хичээдэг. Өвчин тусчихвал дуу хоолойнд өөрчлөлт орно шүү дээ. Бидний хувьд өөртөө арчаатай байж, болзошгүй эрсдэл бүхнээс сэрэмжилж явдаг.

-Микрофон нэгт нөхдийнхөө талаар ярихгүй юу?
-СГЗ Хишгээ, СТА Отгон, УГЖ Равдан нартай хамтран ажилладаг. Мөн хэд хэдэн залуу нэвтрүүлэгчид бий.

-Та одоо радиод гэрээгээр ажиллаж байгаа гэл үү?
-2000 онд гавьяаныхаа амралтад гарсан. Түүнээс хойш гэрээт нэвтрүүлэгчээр ажиллаж байна. Сэтгүүлчид хааяа дуудаж, өөрсдийнхөө нэвтрүүлгийг уншуулдаг л даа. Мөн зарим нэг төсөл, захиалгат нэвтрүүлгийг уншиж өгдөг.

-Таныг Москвагийн радиод ажиллаж байсан гэж сонссон юм байна?
-1975-1981, 1988-1992 онуудад Москвагийн радиод ажиллаж байсан. “Москвагаас ярьж байна”-д нэвтрүүлэгчээр ажиллаж байсан юм. Тухайн үед монгол хэл дээр гардаг нэвтрүүлгийн цаг их байсан. Харин сүүлийн жилүүдэд цаг нь их багассан байна билээ.

-Москвагийн радиод ажиллахад зарчим нь өөр байсан уу?
-Монголын радиогийн ажлын зарчимтай яг адилхан байсан. Хэрэглэж байгаа багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж нь л илүү байсан л даа. Нэвтрүүлэгч ямар хэмжээнд ажиллах, ямар үйл ажиллагаа явуулах ёстой гээд бүгд л адилхан байсан. Ажиллах хугацаандаа Оросын мэргэжилтнүүдээс маш их зүйлийг сурч мэдсэн шүү. Зөвхөн радиогийнхон гэлтгүй манай телевизийнхэн ч тэднээс маш их зүйл сурсан. Орост хамтран ажиллаж байсан үеийнхэн маань одоо бүгдээрээ тэтгэвэртээ гарч дээ.

-Тухайн үед Москвагийн радио, телевизэд ажиллах хүнийг гэр бүлээр нь явуулдаг байсан гэл үү?
-Гэр бүлээр нь явуулдаг байсан. Миний хоёр хүүхэд Москвад сургууль төгссөн юм шүү дээ. Бага хүү маань ясли, цэцэрлэгт нь суралцаад Монголд ирснийхээ дараа орос сургуульд орсон. Тэгээд 1988-1992 онд дахин Москвагийн радиод ажиллах үед дунд сургуулиа төгссөн. Хүүхдүүд болоод нөхөр бид хоёрт Москвад харах, үзэх зүйл их байлаа. Музей, театраар нь байнга очно. Дээр нь нэвтрүүлэгчийн мэргэжлээрээ маш их туршлага хуримтлуулсан.

-Энэ 40 гаруй жилийн хугацаанд зөвхөн радиодоо л ажилласан уу. Өөр салбарт тухайлбал,телевизэд хүчээ сорьж байв уу?
-Зөвхөн радиодоо л үнэнчээр хүчин зүтгэсэн.

-Таныг кинонд дуу оруулж байсан гэж сонссон юм байна?
-Ажлынхаа хажуугаар 1971-1988 оны хооронд Монгол кино үйлдвэрт очиж баримтат кинонд дуу оруулдаг байлаа. Мөн Москвад байхдаа “Фильм экспорт” нэгдлийн уран сайхны болон хүүхдийн кинонд дуу оруулж байсан.

-Дэмий нэвтрүүлэгч боллоо гэж харамсах үе тохиолдож байв уу?
-Өөрөө дурлан байж очсон болохоор хэзээ ч харамсч байсангүй. Амьдралдаа өөрчлөлт хийсэн алхмаа алдаа гэж хэзээ ч бодоогүй шүү.

-Ингэхэд анх радиод орох үедээ ямар нэвтрүүлэгчдийг үлгэр дуурайл болгон ажилладаг байв даа?
-УГЗ Гунгаа, Чулуунбат, Цэцгээ нарыг үлгэр дуурайлаа болгож, яриаг нь их сонсдог байлаа. Ажлаа тарчихаад харина гэж байхгүй. Нэг л их идэвхтэй хүн дасгал сургуулилт хийж, бусдын болоод өөрийн яриаг сонсоод л суугаад байна. Ингэж нэлээд хугацаанд “дэвхэцсэний” эцэст өөрийн арга барилаа олж авсан даа.

-Нэвтрүүлэгч, дуу оруулагчид заавал жүжиглэх авьяастай байх ёстой юу?
-Зайлшгүй шаардлагатай. Бид бүтээлээ амилуулахын тулд эмгэн, бүсгүй, хүүхэд гээд л янз бүрийн дүрд хувирах хэрэг гардаг шүү.

-Социализмын үед томоохон арга хэмжээнүүдийг талбай дээрээс шууд дамжуулдаг байсан гэл үү?
-Баяр наадам, Октябрийн хувьсгалын ойн өдөр, Майн баяраар Сүхбаатарын талбай дээрээс шууд нэвтрүүлэг хийдэг байлаа. Энэ үеэр 60-70 хуудас уншдаг байсан шүү. Анх удаа би 1970 оны Октябрийн баяраар СВ Гунгаа гуайтай хамтран шууд нэвтрүүлэгт оролцож байлаа. Маш их сандарч байсан ч туршлагатай хүн дэргэд байхаар аяндаа тайвширчихдаг юм билээ. Социализмын үед дээр дурьдсан шиг томоохон тэмдэглэлт үйл явдлын өмнөх өдрүүдэд олон цагаар ажиллуулдаг байлаа. Тухайлбал, Ленин багшийн мэндэлсний 100 жилийн ойгоор маш олон цуврал нэвтрүүлэг хийсэн юм. Энэ үед бид шөнийн хоёр, гурван цаг хүртэл ажиллаж байсан.

-”Улаанбаатараас ярьж байна” гэсэн үгийг олон түмэнд хүргэхийн тулд их эрт ажилдаа ирдэг байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Үүрийн таван цаг өнгөрөөгөөд л ажилдаа ирнэ. Эфир эхлэхээс 15 минутын өмнө биеэ бэлдэж, ухаан санаагаа төвлөрүүлээд зургаан цаг болмогц, дээрх үгээ хэлж, сонсогчдыг сэрээдэг байсан даа.

-Хаалганы цаана бүх бухимдлаа хая гэж театрын найруулагчид тушаадаг юм билээ. Энэ хууль танайд ч бас үйлчилдэг үү?
-Манайд ч мөн адил үйлчилдэг. Бүхий л уур уцаар, бухимдлаа хаалганы цаана хаяад бясалгал хийсэн мэт тайван амгалан болсон тохиолдолд л ажлаа эхэлдэг. Хэрэв оюун санаа сарних юм бол мэдээллийнх нь утга санааг гаргаж чадахгүйд хүрнэ шүү дээ.

-Хоолойгоо сайжруулахын тулд дуучид, нэвтрүүлэгчид түүхий өндөг хэрэглэдэг гэсэн яриа байдаг?
-Манай нэвтрүүлэгчид ерөөсөө өндөг хэрэглэдэггүй. Байгалиас заяасан дуу хоолойгоо цэвэр ариун байлгаж, эвдэхгүйг хичээдэг.

-Өөрөө хэр олон шавьтай болоод байна вэ?
-Байгууллагын шугамаар зарим нэг дамжаанд багшилсан. Мөн мэдээллийн “Хурд” агентлагийн залуу сэтгүүлчдэд мэдээгээ уншихад нь заавар зөвлөгөө өгч байна. Залуу хүүхдүүдийг өөртөө сэтгэлтэй, зоригтой байж, аливаад үнэн сэтгэлээсээ хандан, дур сонирхолтой ажиллах хэрэгтэй гэж л зөвлөдөг. Хэр хугацаанд мэргэжилдээ зүгшрэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг юм.

-Сүүлийн үед маш олон радио, телевиз шинээр байгуулагдлаа. Хөтлөгч, нэвтрүүлэгчдийн нь ур чадвар тун муу байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна?
-Үүнтэй би ч санал нийлж байна. Үнэхээр харамсмаар зүйлс гарч, бас сонсогдох л юм.

-Тухайлбал?
-Саяхан нэг телевизээр “Оргил” рашаан сувилалд цэргийн алба хаасан 25 хүртэлх насны залуусыг хамгаалалтын албанд авна гэсэн зар явахыг сонслоо. “Оргил” рашаан сувилалд хүн цэргийн алба хаасан мэтээр ойлгогдож байгаа биз дээ. Ийм утгын алдаатай зарыг уншиж, хэлж, бичиж, нэвтрүүлж байгаа бүх хүн буруутай. Бас нэг жишээ хэлчих үү

-Тэг л дээ?
-Машинд явах зуураа
FM сонсч байтал хөтлөгч бүсгүй утсаар холбогдсон эмэгтэйгээс “Чи хэдтэй вэ” гэлээ. “25 настай” гэтэл “Өө, тэгвэл бөндийчих” гэх юм. Тэгснээ “За, за тоглосон юм аа” гэсэн. Хүнтэй ингэж харилцаж болохгүй биз дээ. Та гэж хүндэлдэггүй юм аа гэхэд өөрөө гээд асуучихаж болно. Бөндийчих гэсэн үгийг нь би ойлгоогүй. “Жирэмсэл” ч гэж байгаа юм уу эсвэл “үхэх болсон” гэсэн ч юм уу бүү мэд. Нэг л их гоёж гоодсон, маягласан, хэлээ зажилсан, үгээ зөөсөн, үг буруу хэлж сул үг их хэрэглэсэн жижигхэн охид л телевиз, радиод ажилладаг болж дээ. Талх гэсэн үгийг талах, салхи гэхийг салих гээд л их буруу ярьж байна. Монгол хэлээ зүй ёсоор нь хэрэглэж чадахгүй бол хойч үеийнхэн маань яаж зөв ярьж сурах вэ дээ. Заримдаа ч бүр “Юу хэлээд, яриад өнгөрчихөв өө” гэмээр дуржигнуулчих юм. Тодорхой хүрээний сонсогчидтой байх л даа. Гэтэл тэднийг өөр насныхан, тэр дундаа хүүхдүүд сонсч байгаа нь л харамсалтай байна.

-Нэвтрүүлэгч болох хүсэлтэй хүн заавал залуухан байх шаардлагатай юу?
-25-аас доош насны залуу хүн авахыг боддог. Учир нь үүнээс дээш насныхан эртнээс бэлтгэл хийгээгүй болохоор хэл нь нугарч, уян хатан бус болчихдог юм. Шинэ нэвтрүүлэгчдэд хэл ам, дуу хоолой гээд өгүүлэхүйн эрхтний дасгал их хийлгэдэг. Нэгэнт сурсан тохиолдолд хэл хурц, шүд бүрэн л байвал хэдэн ч жил ажиллаж болдог онцлогтой мэргэжил дээ.

Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.06.30/


Бичсэн: SARAAHAI | цаг: 19:50 | URLAG SOYOL
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: