2010-06-10
Ясны сийрэгжилттэй хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг

Ясны сийрэгжил нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицол алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин юм. Орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг ясны сийрэгжил нь юуны өмнө нийгэм, эдийн засагт хор учруулдаг бөгөөд энэ асуудал нь дэлхий нийтийг хамарсан шинж чанартай болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр остеопороз нь халдварт бус өвчлөлийн дунд зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчний дараа дөрөвдүгээрт бичигдээд байгаа билээ. Энэ нь остеопороз түгээмэл тархалттай, олон шалтгаантай, хожуу оношлогддог болон оновчтой эмчилгээг цаг хугацаанд нь эхэлдэггүйтэй холбоотой гэнэ. Энэ талаарх энэ мэргэжилтнүүдийн ярианд анхаарлаа хандуулна уу.

 

Яс хугарах эрсдэл ихээр нэмэгдэж байна

 Хүмүүсийн ясны нягтрал 20 насанд дээд хэмжээндээ хүрдэг бөгөөд 20-35 насанд харьцангуй тогтвортой байдалтай болж, 35-40 наснаас насны ясны физиологийн алдагдал жилд 0.3-0.5 хувьд хүрдэг байна. Дэлхийн олон оронд 40-50 насны хүмүүст остеопорозын улмаас хугарал үүсэх тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж Цэвэршилт эхэлсэн эмэгтэйчүүдэд ясны алдагдал жилд 2-5 хувьд хүрч, энэ эрчээрээ 60-70 нас хүртэл үргэлжилдэг байна.. Ясны сийрэгжилттэй нийт хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг ба цэвэршилт эхэлсэн эхний таван жилд эмэгтэйчүүд нийт ясны жингийн 3-г алддаг байна. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн 30 хувь нь остеопорозтой, харин 54 хувь нь остеопенитой-остеопороз үүсэх болон остеопорозын шалтгаант хугарал үүсэх нөхцөл бүрдсэн байдалтай байдаг. Тиймээс 50 настай эмэгтэйчүүдэд нуруу хугарах эрсдэл дунджаар 15,5%, гуяны ясны хүзүү хэсгээр 17,5%, сарвууны яс-16%, ясны гурван хэсгийн аль нэг хэсгээр-39,7% байдаг байна.

Үүнээс гадна 50-с дээш насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь амьдралынхаа сүүлийн жилүүдийн турш ясны сийрэгжлийн шалтгаант хугаралд өртдөг байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдэд 50 наснаас эхлэн яс хугарах эрсдэл ихээр нэмэгдэж байгаа бөгөөд Европын остеопорозын нийгэмлэгийн үзэж байгаагаар дараагийн 10 жилд хугарлын тоо 60 хувь болтлоо өсөх магадлалтай байна.

 

20 хувь нь хагас жилийн хугацаанд нас бардаг

Остеопороз нь гуяны ясны хүзүү хэсгийн хугарлын гол шалтгаан бөгөөд ихэнхдээ 65–с дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Олон улсын судалгаагаар өндөр настнуудад үүссэн гуяны ясны хүзүү хэсгийн хугарлын 90 хувь нь ясны сийрэгжлийн шалтгаантай байсан байна. Харамсалтай нь ясны сийрэгжлийн шалтгаант гуяны ясны хүзүү хэсгийн хугарлын тоо 50-60 насны хүмүүст ихсэх хандлагатай байгаа аж.

Гуяны ясны хүзүү хэсгийн хугарлын улмаас үүссэн хүндрэл нь маш аюултай гэнэ. Тодруулбал, 20 хувь нь хагас жилийн хугацаанд нас бардаг, тал хувь нь гуяны ясны хугарлын улмаас амьдралын чанар нь буурдаг, гуравны нэг нь удаан хугацааны асаргаа шаардлагатай байх ба бусдын хараат байдалд ордог. Гуяны дээд хэсгийн хугарлыг харьцангуй зарлага ихтэй гэдэг ба учир нь удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр, чухамхүү гуяны дээд хэсгийн хугарлын улмаас остеопороз нь нь тахир дутуу болох, нас барах бүх шалтгааны дунд дөрөвдүгээрт орж байна.

 

Дааврын дутагдлын улмаас ясны жингийн алдагдал огцом явагддаг

Остеопороз үүсэх эмгэг жамын тухайд гэвэл ясны бодисын алдагдах хурд нь олон хүчин зүйлээс хамаардаг байна. Аль ч эмгэг жамын үед ясны эдийн жин буурч, хугарал үүсдэг аж. Остеопорозын үед ясны жин буурахад хүргэдэг гол хоёр онцлог байдаг. Энэ нь нэгдүгээрт, ясны бодисын солилцоо эрчимтэй явагддаг остеопорозын үед яс хайлах процесс эрчимтэй явагдах тул яс үүсэх процесс хэвийн буюу ихэссэн ч түүнийг нөхөж чаддаггүй. Хоёрдугаарт, ясны бодисын солилцоо сул явагддаг остеопорозын үед яс хайлах хурд хэвийн буюу багасдаг ба харин яс үүсэх хурд нь удааширдаг байна..

Харин цэвэршилтийн шалтгаант остеопорозын эмгэг жамд хүргэх гол хүчин зүйл нь эстроген дааврын дутагдал гэнэ. Үүний улмаас ясны жингийн алдагдал огцом явагддаг байна. Тэгвэл хөгшрөлтэй холбоотой үүсэх остеопорозын үед остеоцитийн үйл ажиллагаа багасч, яс хугарах хандлага нэмэгдсэний улмаас ясны тархилаг хэсгийн хавагнашил ихсэн, жижиг хугарлын үед нөхөн төлжилтийн эзэлхүүн багасдаг байна. Эстроген, витамин Д-н идэвхтэй метаболитуудын дутагдал нь дээрх өөрчлөлтүүд үүсэхэд хүргэхээс гадна булчингийн сулрал, мэдрэл-булчингийн тэнцвэрт байдал алдагдах, эрт үеийн тэнэгрэлд хүргэдэг аж. Энэ нь өндөр настнуудын унах давтамж нэмэгдэх, унах үед хамгаалах механизм сулрах зэргээр тайлбарлагддаг байна.

 

Эрэгтэйчүүдэд хоёрдогч остеопороз илүүтэй тохиолддог

Ясны сийрэгжлийг дотор нь анхдагч остеопороз /цэвэршилтийн дараахь, хөгшрөлийн, шалтгаан тодорхойгүй, Ювенильный байгалийн/, хоёрдогч остеопороз /Дотоод шүүрлийн өвчнүүд, хэрлэг өвчнүүд, хоол боловсруулах замын өвчнүүд, бөөрний өвчнүүд, цусны өвчнүүд, бусад өвчин, удамшлын ОП, эмийн бодис (глюкокортикоид болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх г.м)-оос шалтгаалсан гэж хуваадаг байна. Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийг бодвол хоёрдогч остеопороз илүүтэй, 78 хувь хүртэл  тохиолддог аж.

 

Яс хугарсан үед л илэрдэг

Остеопорозын 50 хувь нь шинж тэмдэггүй буюу шинж тэмдэг багатай явагддаг ба яс хугарсан үед л илэрдэг. Остеопорозтой ихэнх өвчтөнүүдэд биеийн ачаалал ихэссэний дараа болон нэг байрлалд удаан байх (суух, босох) үед нурууны өвдөлт ихэснэ. Энэ өвдөлт нь хэвтэж амарсны дараа алга болох буюу багасна. Өвдөлт илрэх нь өвчтөн бүрт харилцан адилгүй, өвчний аль ч үед илэрч болно

Ясны сийрэгжлийг оношлохын тулд багажийн шинжилгээг хийдэг. Ингэхдээ ясны рентген зураг болон остеоденситометрийн аргыг хэрэглэдэг байна. Мөн рентгенденситометр, компьютерийн томографи, микрорадиоскопи, рентген­мор­фометри болон бусад аргуудыг ховор тохиолдолд хэрэглэдэг. Харин остеопорозын хүндрэлийн зэргийг рентген шинжээр дүгнэж болох нь. Ясны сийрэгжлийн эмчилгээний гол зарчим нь ясны жингийн алдагдлыг зогсоох буюу удаашруулах, шинээр хугарал үүсэхээс сэргийлэх, ясны хэлбэржих процессыг хэвийн болгох, ясны өвдөлтийг багасгах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг сайжруулах явдал юм байна.

Эмчилгээний хувьд эмгэг жамын эмчилгээ нь ясны сийрэгжлийг эмчлэх үндсэн гол эмчилгээ бөгөөд яс хайлах процессыг дарангуйлж, яс үүсэлтийг идэвхжүүлснээр ясны хэлбэржилтийг хэвийн болгоход чиглэгддэг. .Шалтгааны эсрэг эмчилгээ ньхоёрдогчоор ясны сийрэгжил үүсгэсэн үндсэн өвчний эмчилгээ, ясны эдийн бодисын солилцоонд эсрэгээр нөлөөлөх эм бэлдмэлийг зогсооход чигдлэдэг. Үүнээс гадна шинж тэмдгийн эмчилгээг хийдэг аж..

 

Остеопороз-удаан хугацааны эмчилгээ шаарддаг өвчин

Остеопороз нь олон шалтгаант үүсэлтэй ясны бодисын солилцооны өвчлөл ба яс хэлбэржих процессийн тэнцвэр алдагдах механизмаар буюу яс уусах болон яс үүсэх хэлбэрээр явагддаг. Орчин үед остеопорозыг эрт оношлох боломжтой болсон ба оновчтой эмчилгээг хийж, хугарал үүсэхээс сэргийлж болох нь. Остеопорозоос урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор төрөл бүрийн фармакологийн өргөн хүрээний эмчилгээний бэлдмэлүүд байдаг. Остеопорозыг эмчлэх зорилгоор эдгээр бэлдмэлийг дангаар буюу хавсарч хэрэглэхдээ дэс дараалалтайгаар буюу хамтад нь хэрэглэж болдог байна. Гэхдээ эмч нь тухайн өвчтөний остеопорозын онцлог болон хэрэглэж буй бэлдмэлийн үйлдлийн механизмд тохируулан хүн тус бүрт тохирох эмчилгээний схем сонгож, өвчтөндөө уг өвчнийг удаан хугацаагаар эмчлэх буюу урьдчилан сэргийлэх ёстойг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй гэнэ.

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax