2011-08-04
Д.Сэржээ: Цусны даралт ихсэх нь “ЧИМЭЭГҮЙ ХАР ТАХАЛ” юм
     Монголчуудын дунд даралт ихсэх өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр насанд хүрэгчдийн 30 гаруй хувь нь энэ өвчинд нэрвэгдээд байна. Ямар ч зовиур шаналгаагүй, өөрийгөө эрүүлд тооцож явсан хүн гэнэт цус харваж, зүрхний шигдээс болон, бөөрний дутагдалд орж, улмаар амь насаа ч алдаж байна. Тиймээс ч эрдэмтэд цусны даралт ихсэлтийг чимээгүй хар тахал гэж нэрлэх болжээ. Тэгвэл энэхүү тахалд тооцогдоод байгаа аюултай өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Нэгэнт өвчилсөн бол ямар эм бэлдмэл хамгийн тохиромжтой нь бол. Эдгээр асуултад хариулт авахаар ШУ-ны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч, зүрх судасны зөвлөх эмч Д.Сэржээтэй ярилцлаа.

-Зуны аагим халуун өдрүүд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн хувьд хэцүүхэн үед тооцогддог. Ингэхэд цусны даралтад цаг агаарын байдал хэрхэн нөлөөлдөг юм бол?
-Хүмүүс зуны улиралд ялангуяа халуун өдрүүдэд даралт ихэслээ гэж ярьж, боддог. Үнэн хэрэгтээ даралт ихсэх нь зуны улиралтай төдийлөн холбоогүй л дээ. Гэхдээ аагим халуун өдөр даралтаа хянуулдаггүй хүмүүс өндөр даралтдаа эм уулгүй явсаар цус харвах тал бий. Даралт ихсэлт жилийн дөрвөн улирлын алинд нь ч адилхан тохиолдож болно. Энэ талаар тодорхой судалгаанд тулгуурлаж ярьвал ойлгомжтой байх болов уу. 2001-2005 онд доктор, профессор А.Өлзийхутаг, Ардын эмч доктор Ч.Цэрэннадмид тэргүүтэй бидний хэсэг эрдэмтдийн хийсэн цусны даралт ихсэлтийн хүндрэл, нас баралтын талаархи судалгаагаар монголчуудын даралт ихсэх байдал нь өвлийн улиралд 28 хувь, зун 20 хувь, хавар, намрын цагт 22-24 хувьтай байгаа нь ажиглагдсан. Түүнчлэн доктор Дуламсүрэнгийн “Цусны даралтад цаг агаарын байдал хэрхэн нөлөөлөх вэ?” сэдэвт ажилд хавар, өвлийн улиралд өвчлөл ихэсдэг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс халуун бус харин сэрүүн гэгддэг хавар, өвлийн улиралд цусны даралт ихсэх өвчин илүүтэй тохиолдож, нас баралт нь ихэсдэг гэсэн дүгнэлтэд манай эрдэмтэд хүрээд байгаа юм.
-Үүний учир шалтгаан нь юунд байна вэ?
-Манай орны хаврын улирал хувирамтгай, тарчиг, харин өвөл нь дэндүү хүйтэн. Ийм цаг үед хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болохоос гадна хоол хүнс, аминдэмийн хомсдол ч нөлөөлдөг. Ер нь хүмүүс аль ч улиралд тодорхой зовиур шаналгаа мэдэгдэхгүй байсан ч өөрийнхөө даралт ямар түвшинд байгааг хянадаггүй. Мөн бага зэрэг даралттай байсан ч тохирох эмийг нь журмын дагуу уудаггүй. Дээр нь халуун нар, сэтгэлийн дарамт, ажлын ачаалал, архи, тамхины хэрэглээ хэтрэх зэрэг нөлөөлөх хүчин зүйл олон бий. -Сүүлийн жилүүдэд энэ өвчин эрс залуужиж байгаа талаар ярьж, бичих боллоо?
-Тиймээ. Даралт ихсэх эмгэг зөвхөн манай улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудалд тооцогдоод удаж байна. Өмнө нь зөвхөн хөгшин настай хүмүүст л тохиолддог өвчин гэсэн ойлголт байсан бол одоо хүүхэд, залуус ч ялгалгүй өвчлөх нь олширлоо. Ялангуяа ажил, хөдөлмөрийн ид насан дээрээ яваа идэвхитэй амьдралтай хүмүүс ихээр өвчилж байна. Дэлхийн хэмжээнд 1,5 тэрбум хүн энэ өвчнөөр өвчилж, жилд долоон сая хүн хорвоог орхидог гэсэн судалгааны дүн гараад байна. Энэ нь хэт таргалалт, хөдөлгөөний дутагдал, хоолны буруу дэглэм, спортоор хичээллэхгүй байх зэрэг амьдралын эрүүл ахуйн дэглэм алдагдсантай холбоотой.
-Тархи, зүрх бөөр зэрэг хүний амин чухал эрхтэнүүд энэ өвчний улмаас ихээхэн өөрчлөлтөд ордог гэсэн байх аа. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Тиймээс л энэ өвчнийг эрдэмтэд “Чимээгүй хар тахал” гэж нэрлэдэг болоод байна. Өвчтэй гэдгээ өөрөө ч мэдэлгүй явж байгаад гэнэт тархинд нь цус харваж, зүрхний шигдээс, бөөрний дутагдалд орон, амь насаа ч алддаг болохоор тэр шүү дээ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь өдөрт 30 минут биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж занших явдал юм. Ингэснээр цусны даралт 4-9 мм МУБ-аар буурч, биеийн жин хэвийн байдалдаа орж, зүрхний агшилт, артерийн судасны уян хатан чанар сайжирдаг. Мөн ясны сийрэгжилт, илүүдэл өөх тос, сахар ихсэлт буурч, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэн, бүдүүн гэдэсний хорт хавдар, бөөрний дутагдал зэрэг өвчин тусахгүй байх боломжтой. Мөн эрүүл зөв хооллож чадвал цусны даралт 8-14мм МУБ-аар буурна гэж судлаачид үздэг тул эмгүйгээр эдгэрэх боломж та бүхний гарт байна. -Хүний биед хамгийн ашиг тустай хоол хүнсний талаар зөвлөгөө өгөөч? -Жимс ногоо ислэгийг нэрлэж болно. Ногоо нь хүний биед шингэц сайтай, амин дэмээр баялаг, бодисын солилцооны явцад үүссэн хортой зүйлийг саармагжуулагч байгалийн нэгдлүүдийг агуулдаг хүнс юм. Ислэгийг зөвхөн ургамалд байдаг нүүрс усны нэг төрөл гэж ойлгож болно. Энэ нь таны гэдэс дотрыг цэвэрлэж, илүүдэл өөх тосны шимэгдэлтийг бууруулан, гэдсэнд үүссэн хорт бүтээгдэхүүнийг гадагшлуулдаг. Ислэг ихтэй хүнсэнд хивэг, арвайн гурил, бор гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд ордог. Харин хоол хүнсэндээ давс, чихэрлэг ихтэй бүтээгдэхүүн, цагаан гурил, малын өөх тосыг аль болох бага хэрэглээрэй гэж зөвлөх байна даа.
-Спортоор хичээллэх, зөв хооллохоос өөр даралт бууруулах арга байдаг уу. Ер нь хүн өөрийгөө хэвийн даралттай байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
-Юуны өмнө цусны хэвийн даралт гэж юу болохыг хүмүүс сайн мэдэх хэрэгтэй. Хэвийн даралтын түвшин гэдэг нь систол (их) нь 140, диастал (бага) нь 85мм МУБ-аас доош байхыг хэлдэг. Энэ хэмжээнээс их байвал эмчээс зөвлөгөө авах, бүр ихсэх төлөвтэй бол хяналтад орох хэрэгтэй. Даралт хэвийн бол гурван сард нэг удаа, зүрх бөөрний өвчтэй бол үзлэгийн давтамжийг ойртуулан нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
-Даралт нь өндөр хэрнээ эм хэрэглэдэггүй, зовиур шаналгаагүй бол бага зэрэг даралттай ч би эрүүл гээд яваад байдаг хүмүүс олон байдаг?
-Цусны даралттай ч өөрөө мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй яваад байвал далд байгаа өвчин хэзээ нэгэн цагт хүндрэлийнхээ эцсийн шатанд хүрч, улмаар амь насанд аюул учирна. Цусны даралтаас болж гэнэт нас барах шалтгаан нь зүрхний зүүн ховдлийн томрол, зузаарал(генортрофи)-г эмчлэх асуудал орхигдсонтой холбоотой. 2005 онд хийсэн бидний судалгаагаар Амло денк, Нефеди денк, Эналиприл, Атенолол зэрэг эм нь артерийн гипертендийг эмчлэхэд тэр дундаа даралтын улмаас зүрхний зузаарсан ханыг эргүүлэн нимгэрүүлдэг сайн үр дүнтэй болох нь тогтоогдсон. Эхний үед нь илрүүлж, системтэй эмчилвэл зүрхний ханын томрол, зузаарлаас шалтгаантай нас баралтаас сэргийлж болохыг судалгааны дүн харуулсан.
-Даралт буулгах маш олон төрлийн эм байдаг шүү дээ. Эдгээрээс хамгийн үр дүнтэйг нь нэрлэхгүй юу?
-Энэ өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг олон бүлгийн эм байдаг. Үүнээс Германд үйлдвэрлэсэн өндөр чанартай эм бэлдмэлийг эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Сүүлийн үеийн эмчилгээний чиг хандлагад уртасгасан үйлдэлтэй буюу хоногт нэг удаа хэрэглэдэг эмүүдийг зөвлөх болсон. Даралт ихсэх өвчнийг эмчлэхэд хамгийн өргөн хэрэглэж байгаа сүүлийн үеийн бэлдмэлүүдэд Амло-Денк 5/10, Нифеди-Денк 10/20, Эна-Денк 10/20, ЭнаНСТДенк, Ко Лозар денк 50, Лозар-Денк, Симба-Денк 20/40, Vivace R 2,5 зэрэг найдвартай, үйлчилгээ сайтай эмүүд тооцогдож байна.
-Уртасгасан үйлчилгээтэй, хоногт нэг л хэрэглэхэд тохиромжтой гээд эдгээр эм нь их олон давуу талтай бололтой?
-Цусны даралтыг богино хугацаанд хурдан үйлчилдэг эмээр буулгахад хэсэг газрын тодруулбал, амьдралын чухал эрхтэнүүд болох зүрх, тархи, бөөр зэрэг эрхтэний цусан хангамж доройтож, хүндрэл гарах нь элбэг. Тиймээс даралтыг аажмаар буулгах шаардлагатай байдаг. Тэгвэл Амло Денк, Нифеди Денк, Лозар Денк, Эна Денк зэрэг эм нь 24 цагийн үйлчилгээтэй учир даралтыг аажмаар удаан буулгаж, удаан хугацаагаар тогтвортой хэмжээнд барьдаг тул даралтын хэлбэлзлийг багасгаж, бусад эрхтэнийг гэмтэхээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн гол нь хоногт нэг удаа хэрэглэдэг эмүүдийг уухдаа эмчтэйгээ зөвлөж, эмээ сонгон, жорын дагуу хэрэглэх шаардлагатай.
-Танай эмнэлгийг зүрх судасны чиглэлдээ тэргүүлэх эмнэлэг гэж хүмүүс ярилцдаг. Уншигчид маань таньд үзүүлж, зөвлөгөө авахыг хүсвэл хаана хандаж болох вэ. Зорин ирсэн үйлчлүүлэгчдээ ямар тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэлээр үзүүлэн, оношлож байна вэ?
-П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн хашааны залгаа баруун талд “Буянт оношлогоо“ (Сетунари) эмнэлэг маань байрлаж байгаа. Манай эмнэлэгт зүрх судас, дотор судлалаар хэвтэн эмчлүүлэх боломжтой. Зүрх судасны оношлогооны кабинетэд зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний өнгөт допплер-ЭХО-н шинжилгээгээр зүрх судасны өвчнийг эрт илрүүлэн оношлож, улсын хэмжээнд болон хувийн хэвшлийн эмнэлэгт нэвтрүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл:


daralt helzelzeltei hvn ymar em heregleh ve
Бичсэн: Zochin (зочин) цаг: 06:25, 2020-12-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax