2011-09-02
Л.Баярсайхан: Нийт үргүйдэлтийн 50 хувь нь эрэгтэйчүүдээс хамаардаг болоод байна
Сүүлийн жилүүдэд манай орны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үргүйдэлт ихэсч байгаа нь эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан асуудалд тооцогдоод байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар эм бэлдмэл хамгийн үр дүнтэй байгаа талаар уншигчиддаа мэдээлэл өгөхөөр “Даффодил Сайн Эмэгтэй Клиник”-ийн захирал, эмч Л.Баярсайхантай уулзаж ярилцлаа
. -Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл ихэсч байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ?

-Манай орны нөхөн үржих индекс 1990 онд 4.2 хувьтай байсан бол 2010 онд 1.9 хувьтай болсон гэсэн үзүүлэлт бий. Энэ хэвээр 20 жил үргэлжилбэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын адил уугуул, язгуур иргэдийн тоо багасч, улмаар бусад иргэдийн дунд уусч мэдэх нь. Одоогоос 10-15 жилийн өмнө Монголын хүн амын олонхи байсан өсвөр насныхан өнөөдөр нөхөн үржихүйн насандаа ирсэн тул төрөлт харьцангүй ихэссэн мэт санагдаж байгаа байх. Үнэн хэрэгтээ нөхөн үржихүйн асуудал бол манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Нийгэм хөгжиж, хөрөнгөжиж, материаллаг хэрэглээний хамаарал ихсэн, нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь идэвхжиж, хүн амын боловсролын түвшин ихсэх, тутам үргүйдэлтийн асуудал тухайн улсад түгээмэл болдог. Ийм үед байгалийн жамаар жирэмслэх, төрөх асуудал ховордож, кесар хагалгааны тоо ихсэн, хиймлээр үр тогтоох, хуруу шилэнд олсон, ихэрлэсэн хүүхдийн тоо эрс өсдөг.

-Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл гэвэл?
-Бэлэг эрхтэн системийн халдварын асуудлуудыг хамгийн түрүүнд хөндөх нь зүйтэй. Сүүлийн үед залуус харьцангүй эрт бэлгийн харьцаанд орж, зарим нь замбараагүй харьцаанд аж төрөн, бэлгийн олон хавьтагчтай байх нь ердийн үзэгдэл болоод байгаа. Олонхи нь хожуу гэр бүл болж байна. Тэр болтлоо олон хүнтэй хавьталд орж, бүх л төрлийн халдвар вирусыг авах нөхцлийг бүрдүүлдэг. Ихэнх бэлгийн халдвар, вирусууд ямар ч шинж тэмдэггүй, чимээгүй явагддаг тул өөрийгөө эрүүлд тооцож явсаар байдаг. Гэтэл нэг л өдөр гэр бүлтэй болоод хүүхэд хүстэл жирэмслэхгүй байх нь бий. Үргүйдэлт гэсэн оноштой эмнэлэг хэсч яваа залуусын тоо нэмэгдсээр л байна. Зөвхөн эмэгтэйчүүд бус эрчүүдийн зүгээс хамаарах үргүйдэлт сүүлийн жилүүдэд ихсэх болсон. Энэ нь бүр даамжраад нийт үргүйдэлтийн 50 хувь нь эрэгтэйчүүдээс хамаардаг болоод байна. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Эдгээрээс зөвхөн нэг шалтгаан нь хламиди гэх нянгийн халдвар, үрэвслийн асуудал юм. Тиймээс өнөөдөр энэ сэдвээр онцолж ярихыг хүсч байна.

-Бололгүй яахав. Ингэхэд хламидийн халдвар гэж юу вэ? Энэ талаархи мэдээллийг уншигчдад маань өгөөч?
-Хамгийн түгээмэл тархсан бэлгийн замын халдварын нэг бол хламиди. Хламиди бол маш жижиг паразит нян, вирусын адил үржихийн тулд бусдын эд эсийг ашигладаг. Хламиди олон төрөл байдаг ч, яг хүнд халдварлагдаж өвчин үүсгэдэг нь Хламиди Трахоматис юм. Маш амархан тархдаг гол шалтгаан нь ямар ч зовиур, шинж тэмдэггүй, чимээгүй халдварлагдаж, дамжих онцлогтойгоос болдог. Эмэгтэйчүүдийн 75, эрэгтэйчүүдийн 50 хувьд хламиди халдвар ямар ч шинж тэмдэггүй эрүүл хүн шиг явагддаг.

-Халдвар яаж дамжих вэ? Ямар хүмүүс халдвар авах хамгийн эрсдэлтэй вэ?
-Бэлгийн идэвхтэй амьдралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс халдвартай хүнтэй харьцаанд орсноор хламиди тусна. Бэлгийн харьцаа үтрээгээр, анусаар, амаар ялгаагүй халдварлагдана. Ямар ч шинж тэмдэггүй тул хүмүүс халдвар тарааж, халдварлагдаж байгаагаа мэдэхгүй харьцана. Төрөх үед ээж нь халдвартай бол хүүхэддээ халдварыг халдаах явдал бий. Ийм халдвартай ээжээс төрсөн хүүхэд уушгины хатгаа болон нүдний үрэвслээр өвдөж болно. Хэчнээн олон хүнтэй харьцаанд орно, тэр хэмжээгээр хламиди тусах эрсдэл ихэснэ. Хламидийн халдварыг заг хүйтэн–гонорей ба бусад бэлгийн замын өвчинтэй амархан эндүүрдэг. Хламиди гонорей хоёр өвчин хэдийгээр ижил төстэй шинж тэмдэг илэрч, ялгаагүй үргүйдэлтийн шалтгаан болдог ч эмчилгээ нь огт өөр. Нас бие гүйцсэн эмэгтэйчүүдээс залуу бүсгүйчүүл, охидын умайн хүзүүний хучуур эдийн онцлогоос болж, эрт бэлгийн харьцаанд орсон охидод хламиди маш амархан тархдаг. Хламиди нь амаар, анусаар тархдаг тул ижил хүйстнүүд ч элбэг өртдөг.

- Хламидийг “чимээгүй өвчин” гэж ойлгож болох нь ээ. Ингэхэд халдвар авсан бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Халдварлагдсан эмэгтэйчүүдийн 75, эрэгтэйчүүдийн 50 хувьд ямар ч шинж тэмдэггүй явагддаг. Эмэгтэйчүүдийн умайн хүзүү болон шээсний сүвийг гэмтээдэг тул үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, эсвэл шээхэд эвгүй мэдрэмжээр эхэлж болно. Халдвар улмаар дээшилсээр гуурсан хоолойд хүрэхэд мөн ямар ч шинж тэмдэггүй байж болно. Эсвэл хэвлийн доогуур, ууц нуруугаар өвдөх, дотор муухай оргих, халуурах, бэлгийн харьцааны үед өвдөлт илрэх, сарын тэмдгийн бус өдрүүдэд цус гарах зэрэг шинж илэрч болно. Халдварлагдсан эрэгтэйчүүдийн эрхтэнээс өнгөгүй цайвар ялгадас гарах, шээх үед эвгүй мэдрэмж төрөх, бэлэг эрхтэнээр халуун оргих, загатнах, хорсох зэрэг шинж илэрнэ. Анусаар харьцаанд ордог эмэгтэй, эрэгтэй хүмүүст бол шулуун гэдсээр өвдөх, хэвийн бус ялгадас, цус гарах шинж илэрдэг. Халдвартай хүнтэй амаар харьцаанд орсон хүмүүсийн амны хөндий, хоолой, багалзуураас хламиди бас илэрч болно.

-Жирэмсэн хүн хламидын халдвар авсан бол ямар хүндрэл гарах вэ?
-Жирэмсний хүндрэлүүдийн эрсдэлийг ихэсгэнэ. Хамгийн элбэг хүндрэл бол умайн гадуурхи жирэмслэлт, дараа нь зулбалт, мөн хугацаанаас өмнө дутуу төрөлтийн эрсдэл нэмэгдэнэ. Халдвартай эхээс төрсөн хүүхдэд нүд, амьсгалын замын халдвар үрэвсэл үүсч болно. 25-50 хувьд хүүхдийн нүд улайж өвдөх коньюктивид өвчин, 5-20 хувьд нярайн уушгины хатгаа үүсдэг. Эдгээр хүндрэл өвчин нь хүүхэд төрснөөс хэдэн долоо хоног, хэдэн сарын дотор тохиолдоно. -Хламидын халдвартай хүн юу мэдэх ёстой вэ? - Давтан шинжилгээ, эмчилгээ ч шаардагддаг. Хэдийгээр эмчилгээ хийгдэж, эдгэрсэн ч тогтмол үзлэг, шинжилгээ, хяналтанд байх нь чухал. Эмчилгээний үед бэлгийн харьцааг зогсоох, харьцаанд орж байсан хүмүүстээ хламиди халдвар илэрсэн, эмчлүүл гэдгийг заавал хэлэх хэрэгтэй. Халдвартайгаа мэдсэн эмчлүүлж байгаа хүн л хавьтаж байсан хүндээ хэлэхгүй бол тэд мэдэхгүй цааш тараасаар л байх болно. -Энэ өвчнийг хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө өгөөч? -Халдвар авснаа хэр эрт мэднэ, эмчилгээ хийнэ, үр дүн нь төдийчинээ сайн. Эмчилгээ амархан. Өндөр хөгжилтэй орнуудад ганц төрлийн антибиотикийг, нэг удаа л ууж эмчилдэг. 7 хоногийн турш уудаг эм ч бий. Гол нь эмчийн заавар зөвлөмжийг сайтар сахиж, гам барин эмээ уух нь чухал.

-Манай орны нөхцөлд хамгийн үр дүнтэй эмчилгээнд хэрэглэдэг эм нь юу вэ?
-Тодорхой нөхцөл байдлаас болж эмчилгээнд янз бүрийн эм бэлдмэл, голчлон антибиотик хэрэглэдэг. Манай нөхцөлд хамгийн үр дүнтэй хэрэглэдэг антибиотик бол Докси денк бөгөөд энэ нь тетрациклины бүлгийн доксициклин гэдэг хламидийн халдварт онцгой мэдрэмтгий үйлчилгээ үзүүлдэг эм агуулсан байдаг. Хламиди оношлогдсон, батлагдсан үед Докси денкээр эмчилгээ хийх нь онц үр дүнтэй. Гэхдээ жирэмсний үед хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй. Энэ үед өөр эмээр эмчилнэ. Жирэмснээс даавраар хамгаалж байгаа тохиолдолд үйлчилгээ сулардаг тул Докси денк хэрэглэхийн өмнө хамгаалалтын аргаа өөрчлөх нь зүйтэй. Эмчилгээ хийж байхдаа шингэн сайн уух нь чухал, мөн эхний хэд хоног уухад шинж тэмдгүүд арилдаг. Энэ үед эмчилгээгээ зогсоохгүй, харин эмчийн уу гэж зөвлөсөн тунг зөвлөмжийн дагуу ууж дуусгах нь амжилттай эмчилгээний гол нөхцөл болно. Дур мэдэж уух, дутуу тун хэрэглэх нь архаг буюу эмэнд эсэргүүцэлтэй хламидийн халдвартай болох гол нөхцөл болдог гэдгийг сануулмаар байна

-Шинж тэмдэг нь мэдэгддэггүй болохоор хүмүүс эмчилгээ хийлгэхгүй уддаг байж таарна. Ер нь энэ халдварын үед эмчилгээ хийлгэхгүй бол яах вэ?
-Шинж тэмдэг илэрдэггүй болохоор хүмүүс ямар ч эмчилгээ хийлгэхгүй явдаг.Тухайн хүний бие организм, дархлаа тогтолцооны онцлогоос хамаарч ноцтой хүндрэл үүсэхгүй байж болох ч хамгийн түгээмэл хүндрэл нь бага аарцагны эрхтэний архаг үрэвсэл, наалдац юм. Эдгээр нь умайн гадуур жирэмслэлт, дотуур цус алдалт, яаралтай мэс засал эмчилгээ, эмчилгээний дараахь бага аарцагны эрхтэний наалдац, анхдагч ба хоёрдогч үргүйдэлт, архаг хэвлий бага аарцагны өвдөлтийн хам шинж гээд хэсэг бүлэг өвчин эмгэгийн шалтгаан болох нь бий.

-Манай оронд хламидийн халдварын оношлогоо, эмчилгээ ямар төвшинд байна вэ?
-Гадаадын ямар ч улс орноос ялгаагүй түвшинд оношлогоо хийдэг. Олон лаборатори хламидийн шинжилгээ хийж байна. Ихэнх эмнэлгүүд нэг удаагийн халамидийн сорил тестээр илрүүлдэг болсон. Мөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчийн үзлэг заавал шаардагдах ба оношлогоо, эмчилгээний асуудал улам хялбаршина. 25 нас хүрсэн бэлгийн харьцаанд орсон хүн бүр жилдээ нэг удаа хламидийн шинжилгээ өгөхийг бид зөвлөдөг. Мөн хамгаалалтгүй харьцаанд орсон тохиолдолд, шинэ хүнтэй бэлгийн харьцаа тогтоосон, эсвэл олон хавьтагчтай бол, мөн дээр дурьдсан ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл даруй шинжилгээ өгөх хэрэгтэй.
Сэтгэгдэл:


хаана шинжилгээ өгөх ве мөн шинжилгээ өгөхөд ямар зардал гарах вэ
Бичсэн: Зочин цаг: 00:53, 2014-08-19 | Холбоос | |


tand ih bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 01:18, 2011-11-13 | Холбоос | |


баярлалаа,
Бичсэн: Зочин цаг: 15:02, 2011-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax