2011-09-22
Монголчууд өөрсдөө Монголын зах зээлд гол тоглогч нь байх ёстой

“Дэлхийн банк санхүүгийн зах зээл, эдийн засагт Монгол Улс өрсөлдөгч, тоглогч болох бололцоо бүрдээд байна. Ялангуяа уул уурхайн баялагт түшиглэсэн Монголын эдийн засаг дэлхийд хүчээ авах цаг ирлээ. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш нийгмийн олон шийдэл, асуудалтай тулгарахын зэрэгцээ эдийн засгийн байдал нь улам бүр хөгжсөөр ирсэн. Уул уурхайн идэвхтэй хөгжил нь дэлхийн банк санхүүгийн зах зээлд Монголын оролцоог хүчтэй болгох үндэс суурийг бий болгож байна. Гэтэл бид үүнд хэр бэлтгэлтэй байна вэ. Монголчуудынхаа банк санхүүгийн, эдийн засгийн, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үүрэг хариуцлага зайлшгүй тулгараад байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг энэ өндөр хариуцлагатай үйл явцад хувь нэмэр болно гэдэгт найдаж байна” гэж “JCI Эко” байгууллагын 2011 оны захирал П.Хасбаатар “Үндэсний хөгжил-Хөрөнгийн зах зээл” хэлэлцүүлгийг нээх үедээ хэлсэн юм.

     Хэлэлцүүлгийг “JCI Эко” байгууллагынхан Монголын хөрөнгийн Бирж, “Монгол 999 Үндэсний нэгдэл”-тэй хамтран зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд JCI-ийн гишүүдээс гадна Монголын зарим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид ирсэн.

 Хэлэлцүүлгийн үеэр Монголын хөрөнгийн Биржийн дэд захирал Г.Саруултай уулзаж, цөөн хором ярилцсан юм.

 

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудалд Монгол Улсын төр засгаас хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Стратегийн ач холбогдол бүхий орд газрын нийт хувьцааны тодорхой хэсгийг үндэсний хөрөнгийн биржээр дамжуулан арилжих хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад эзэмшүүлж, арилжих ажлыг хийхээр төлөвлөж буй нь бодлогын хувьд зах зээлийг дэмжих чухал алхам боллоо. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны боловсруулсан бодлогын чухал баримт бичиг болох “Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онуудад хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл” батлагдсаны зэрэгцээ Засгийн газрын 2010 оны 115 тоот “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч, уг тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа шат бүртээ эрчимтэй явагдаж байна.

-Монголын хөрөнгийн Бирж, Лондонгийн хөрөнгийн Биржтэй хамтран ажиллахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Удирдлага, зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, Монголын хөрөнгийн Бирж төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх, дотоодын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл арилжааныг орчин үеийн  MILLENNIUM  IT технологи нэвтрүүлэх, зах зээлийн бус эрсдэлийг бууруулах, хүний нөөцийг сайжруулах зэрэг тулгамдаад байгаа олон чухал ажлыг хамтран хийж байна.

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн талаархи бодлоо хуваалцаач?

- JCI бол олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний байгууллага. Монголын манлайлагч залуусаас бүрдсэн энэ байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Энэхүү лекц, хэлэлцүүлгээр хөрөнгийн зах зээлийн тулгамдаж буй олон асуудлыг, олон талаас нь ярилцаж, тодорхой зөвлөмжүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байна.

 

“Үндэсний хөгжил-Хөрөнгийн зах зээл” хэлэлцүүлгийн хамгийн сонирхол татсан хэсэг нь Эдийн засгийн ухааны доктор, “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ажлын албаны дарга Б.Аюушийн тавьсан илтгэл байлаа.

Тэрбээр олон улсын хэмжээний олон семинар зөвлөлгөөнд оролцож, “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал”, “Монголын компанийн засаглалын өнөөгийн байдал” зэрэг сэдвээр илтгэл тавьж, ҮЦХ, СЗХ-ноос батлан мөрдүүлж байгаа 20 орчим журмын төслийг боловсруулсан нэртэй эдийн засагч юм.

“Монгол Улс дэлхийд гайхагдах байгалийн баялагтай улс. Харин бид тэрхүү баялгаа зөв зүйтэй ашиглаж чадаж байна уу. Байгалийн баялагтай орнуудын нэг хэсэг нь өндөр хөгжсөн байхад нөгөө хэсэг нь үгүйрэн доройтдог. Тиймээс Монголчуудын өмнө дээрх хоёр замын алинаар нь явах вэ гэсэн түүхэн үе ирээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эдийн засгийн хувьсгалын эхлэл тавигдаад байна. Энэ нөхцөл байдалд бид юу хийж чадах вэ. Бидэнд байгалийн баялаг нь байна. Энэхүү баялгаа өөрсдөө эзэмшихийн тулд монголчууд өөрсдөө Монголын зах зээлд гол тоглогч нь байх ёстой” гэж доктор Б.Аюуш ярьсан.

Хэлэлцүүлэгт оролцогчид “536 ширхэг хувьцаа-Та хөрөнгө оруулагч мөн үү”, “Хариуцлагатай хувьцаа эзэмшигч гэж хэн бэ?”, “Уул уурхайгаас орж ирэх мөнгөний урсгалыг үр ашигтай байлгах арга замууд”, “Эрдэнэс-Таван толгой- Их бүтээн байгуулалтын түүчээ болж чадах уу?”, “Бүтээн байгуулалтад Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоо” зэрэг сэдвийн дагуу лекц сонссон. Мөн хөрөнгө оруулалтын сан яагаад хэрэгтэй вэ, Тавантолгой, Оюутолгой-Хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын үр ашиг юунаас шалтгаалах, хөрөнгийн зах зээл дэх иргэд аж ахуйн нэгжийн оролцоог сайжруулах, үр ашигтай байлгах хувилбаруудын талаар ч хөндөн ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм.

 “Үндэсний хөгжил-Хөрөнгийн зах зээл” хэлэлцүүлгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, үндэсний хэмжээний хэлэлцүүлэг болгох төлөвлөгөөтэй байгаагаа “JCI Эко” байгууллагын удирдлагууд мэдэгдсэн юм. Монголын уул уурхайн хөгжилд баримталж буй бодлого нь байгаль, нийгэм, эдийн засгийн хувьд “Хариуцлагатай” байх зарчмыг тэд уриалсан.

Мөн 126 улсад үйл ажиллагаагаа явуулдаг нийгмийн идэвхтэй лидер залуусаар эгнээгээ бүрдүүлэгч JCI байгууллагын эко гишүүд үндэсний хэмжээний Чацарганы палантаци байгуулахаар төлөвлөж, ажилдаа хэдийнэ орсон тухай баяртай мэдээг дуулгасан юм. Тэдний санаачилсан энэхүү ажилд Монголын олон аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс нэгдэхээ мэдэгдээд байга гэнэ. Түүхий эд нь дэлхийд эрэлттэй байгаа, дээр нь шим тэжээлтэй хүнсний олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой энэхүү бүтээгдэхүүнийг ашиглан хөрөнгийн зах зээлд оролцох хүчирхэг байгууллага бий болгох зорилготой байгаагаа JCI-чууд ярьж байсан. Тэдний санаачилсан ажил үйлс бүтэмжтэй байх болтугай.

 

 

 

           

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax