2009-01-10
Г.Дулмаа: “Янжуур тамхи”, “ Аргагvй амраг”-ыг англиар орчуулан уншуулж, өөрөө монголоор дуулдаг байлаа

 

Г.Дулмаа: “Янжуур тамхи”, “ Аргагvй амраг”-ыг англиар орчуулан уншуулж, өөрөө монголоор дуулдаг байлаа
"Бөмбөгөр ногоон "-ыхон гэж урлагийн тvvхэнд нэрээ мөнхөлсөн хvvхнvvд дээхэн vед байсан. Домгийн мэт гоё бvсгvйчvvд тэнд ажиллаж, тухайн vедээ ёстой л “Од" болж байсан гэдэг. 1940-
өөд онд "Бөмбөгөр ногоон" буюу Хөгжимт драмын театрт Л.Цогзолмаа,Д.Мядагдамба, Г.Дулмаа, Лха.Долгор, Ң.Дашдулам, В.Долгор, С.Базаррагчаа, Д.Пурэвсурэн, С.Цэвэлмаа, З.Долгорсурэн нарынсайхан бvсгvйчvvд ажиллаж байв. Тэдний нэг Болох хvрээ дууг гайхалтай амилуулдаг дуучин СТА Г.Дулмаатай уулзаж амьдрал уран уран бvтээлийнх нь талаар ярилцсан юм.
ГАНГАЧУУДЫН ХАЖУУД ПӨӨНИЙСӨН АМЬТАН ХАРАГДДАГ БАЙСАН Ч УДАЛГVЙ
ТЭДЭНТЭЙГЭЭ ЖИЛССЭН ДЭЭ

-Сайхан зусч байна уу. Бие тэнхээ данги уу?
-Өө, сайхан зусч байна. Хөдөө явах санаатэй юм хумаа бэлдээд л сууж байна

-Бөмбөгөр ногооны бvсгvйчvvдийн нэгтэй уулзаж, илэн далангvй яриа өрнvvлэхээр таныг зорьж ирлээ?
-Бололгvй яахав. Амьдралынхаа дурсамжтай сайхан уеийн тухай ярихад надад ч бастаатай байна;

-Тухайн vеийн шилдгvvдийг багтаасан энэ театрын босгыг хэрхэн алхаж байв даа. Шалгуур нь их өндөр байсан байлгvй?
-Би 1925 онд Хөвсгөл аймгийн Бvрэнхаан сумын нутагт төрсөн. 1930-аад оны сvvлчээр ээжтэйгээ Улаанбаатарт ирж, бага, дунд сургууль төгсөөд 1942 оноос Vйлдвэр хоршооллын артельд нэхмэлчнээр ажиллах болсон доо. Тухайн vед Бөмбөгөр ногоон театрт урлаг соёлын бvхий л арга хэмжээ болдог байлаа. Хааяа артелиас бидэнд театрт жvжиг vзэх урилга өгнө. Бөөн баяр болоод л очиж vзнэ шvv. "Шарай голын гурван хаан", "Цогийн идэр насан", "Амарсанаа" гээд л театрт тавьсан бvх жvжгийг шимтэн vздэг байлаа. Сvvлдээ өөрөө эдгээр жvжигт тоглож, энэхvv нэр хvндтэй театрын тайзан дээр гарахыг хvсэх болсон доо.

-Нэхмэлчин бvсгvй өөрийн хvслээ хэрхэн биелvvлсэн нь сонин байна?
-Урлагийн хорооны дарга Болд гуай дээр давхиад очлоо. Урлагийн ямар ч мэдэгдэхvvнгvй хэрнээ тэр шvv дээ. Тэгээд л "Би жvжигчин болмоор байна. Та надад туслаач" гэж гуйсан. Болд гуай ч миний хvсэлтийг хvлээн авч, Бөмбөгөр ногооны удирдлагуудад гарын vсэгтэй бичиг хийж өгч ябуулсан юм.

-Тэгээд л орчихсон хэрэг vv. Ямар нэг шалгалт авсан уу?
-Юу гэж зvгээр оруулах вэ дээ. Ой тогтоолт болон сонсгол шалгаж, мөн дуу дуулуулж байсан санагдана. Тэгээд л тэнцvvлсэн. Ингэж л Бөмбөгөр ногоон гэж алдаршсан Хөгжимт драмын театрын хаалгыг татан орсон юм. Гэхдээ гурван сарын хугацаатай дагалдан жvжигчнээр тэр шvv дээ. Тухайн vеийн жvжигчид дуу дуулах, хөгжим тоглох, бvжиглэх гээд бvхий л төрөлд хvчээ сорьдог байлаа. Тvvнээс зөвхөн дуугаар эсвэл бvжгээр дагнасан жvжигчин гэж байдаггvй байсан. Тухайлбал, удирдаач Дамдинсvрэн гуай гэхэд хvн дутагдвал хөгжимдөөд л, шанзчин Мядагбадам Тандий мод"-ыг дуулаад л зогсч байх жишээтэй.

-Гурван сарын хугацаандаа тэнцсэн гэхээр та урлагийн мэдэгдэхvvнгvй хvн ч биш байсан бололтой?
-Юугаа ч мэдэхгvй амьтан хаана хэрэгтэй гэсэн газар нь vсчиж явтал тухайн vед театрын найрал дууны багш байсан зөвлөлтийн мэргэжилтэн Клечко багш намайг тоож, "Чи сайн дуучин болж чадна" гэдэг юм байна.
Ингээд 1946 онд найрал дууны анги байгуулагдахад тус ангийн анхны дуучдын нэг болсон юм. Намайг дуучин болоход ахмад уран бvтээлчид болох Д.Ичинхорлоо, Д.Янжинлхам, Ж.Дорждагва, Д.Лувсаншарав, В.Сvрэнхорлоо, мэргэжилтэн Клечко, Л.Цогцолмаа нар багшилж, дуулах арга зvйд сургасан. Ялангуяа Клечко, Д.Лувсан¬шарав багш нарын заасан монгол, орос, украин ардын дуу маш сонирхолтой байсан. Тэдгээр дууг сурахын тулд хамт олныхоо адил ихэд хичээдэг байлаа. Мөн тухайн vед дуучдын мэргэжил чадварыг шалгаж, зэрэгтогтоодог байсан. Vvний дагуу 1948 онд шалгуулан гуравдугаар, 1953 онд хоёрдугаар зэргийн дуучин болсон.

-Бөмбөгөр ногоонд тухайн vеийн сор болсон бvсгvйчvvд ажиллаж байсан гэлцдэг?
-Vнэхээр тийм шvv. Ичинхорлоо, Рэнцэнноров, Хандсvрэн, Цэрэндулам гээд л алхаж гишгэх нь намжир төгс, цагаан өдөн малгай, сувдан даруулга, сvvжин алтан ээмэг, торго, чисчvv, пvvсvv дээлээр гоёсон, тайрмал vстэй сайхан бvсгvйчvvд олон байлаа. Хvрээ хvvхнvvдийн донж маягийг хувьсгалт Монголын шинэ моодтой хоспуулан намбархсан Бөмбөгөр ногооныхон хvн бvхний харааг аргагvй булаадаг байсан юм.

-Та ч бас тэдний нэг байснаараа бахархдаг биз дээ?
-Би анх цагаан ултай гуталтай, монгол дээлтэй хvн энэ өргөөний хаалгыг татаж байлаа. Гангачуудын хажууд нэг пөөнийсөн л амьтан харагдаж байсан байх. Гэхдээ нэг их удалгvй тэдэнтэйгээ ижилссэн шvv.

-Таныг ороод удаагvй байхад театр шатсан байх аа. Юунаас болоод шатчихсан юм бол?
-Цахилгаанаас болсон л гэдэг юм. 1949 онд театраа шатахад их харамсч билээ. Бидний хувцас хэрэглэлийн ихэнх нь шатчихсан. Галаас гаргаж чадсан зарим нэг утаатай дээл хувцсаа угаагаад л учиргvй уйлалдаж байсан даа. Ингээд л бид теартгvй болж, нэг хэсэгтээ орох газаргvй өнчрөн хоцорсон. Дараа нь Улсын хөгжимт драмын театрыг Дуурь бvжгийн эрдмийн театр болгон өөрчлөхөд хамт олонтойгоо тус театрын анхны жvжигчид болж, vндэсний болон дэлхийн сонгодог жvжиг, бvжиг, концертод тасралтгvй оролцох болсон доо.

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ДУУРИЙН
НАНСАЛМАА, ХОРОЛМАА НАРЫН ДVРД
ТОГЛОСНООРОО БАХАРХДАГ


-Ингэхэд театрт хэчнээн жил зvтгэсэн байх юм?
-40 гаруй жил ажилласан байна билээ.

-Таныг "Учиртай гурван толгой" дуурийн Хоролмаагийн дvрийг гаргууд сайн бvтээсэн гэж урла¬гийн хуучцуул ярьдаг юм билээ?
-Театрт орсноосоо хойш "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаагийн дv¬рийг бvтээхийг хvсдэг байлаа. Гэтэл нэг удаа гол дvрийн жvжигчин нь өвдөж, намайг оронд нь Нансалмаад тоглуулсан юм. Хэсэг хугацаанд энэ дvрийг бvтээсэн. Миний хувьд Нансалмаад л тоглох дуртай. Гэтэл театрын дарга дуудаж, "Хоролмаад тогло" гэдэг юм байна. Намайг эсэргvvцтэл "Чи энэ дvрийг бvтээж чадна. Vvнийг чинь мэдэж байна. Томилсон дvрт тоглохгvй юм бол театрт юу гэж орсон юм бэ" гээд л загнасан. Ингэж би Монголын урлагийн бvтээлийн охь манлай болсон Д.Нацагдорж, Б.Дамдинсvрэн, Смирновын "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дvрд тоглосон юм даа.

-Эсрэг, тэсрэг хоёр дvрийг бvтээхэд хэцvv байсан байх даа?
-Энэ хоёр дvрийг бvтээхийн тулд их чармайсан. Нэг жvжгийн эсрэг, тэсрэг дурийг гаргах мэдээж амар байгаагvй. Нансалмааг төлөв даруу, эгэл жирийн, тайван, тэвчээртэй, vнэнч монгол бvсгvйн дvрээр бvтээж байсан. Харин Хоролмаагсэргэлэн цовоо, зальтай, нvvрэмгий,зоригтой, илэн далангvй, эрэмгий шинж төрхтэйгээр жvжиглэж байлаа. Дээр нь дvрvvддээ сайхан дуулахыг хичээж байсан.

-"Учиртай гурван толгой"-гоос өөр ямар томоохон дуурьт тоглож байв даа?
-"Хөхөө намжил", "Шарай голын гурван хаан", "Амарсанаа", "Талын баатар", "Зам", "Далан худалч", "Шивээ хиагт", "Хан бvргэд", "Жаргалын зам", Онегин", "Чио Чио Сан", "Травиата" зэрэг vндэсний болон сонгодог 40 гаруй жvжиг, дуурь, бужгэн жvжигт тоглосон. Мөн тэмдэглэлт ой, төрийн хvндэтгэлийн болон бусад концерт гээд 3000 гаруй тоглолтод оролцсон байна билээ.

-Театрт тоглохын зэрэгцээ хөдөө бригадаар их явдаг байв уу?
-Улсын дуурь бvжгийн театрын уран бvтээл болон дуурийн урлагийг ард тvмэнд сурталчлах, vзвэр vйлчилгээний болон төсөв санхуvгийн төлөвлөгөө биелvvлэхийн тулд бид жилдээ нэг, заримдаа хоёр удаа орон нутагт урлагийн бригадаар явдаг байлаа. Ингэхдээ 18 аймаг, 200-гаад сум нэгдэл, сангийн аж ахуй, vйлдвэр, цэргийн анги, албан газруудаар айлчлан тоглосон.

-Багаар бодоход сар гаруй явна биз?
-Хамгийн бага нь 40 хоног явна. Нэг удаа бур жилийн хугацаатай явсан шvv. Гурван сар болоод гэртээ ирж, ганц хоёр хоног амарч, хувцас хунараа бэлдэж аваад л гараад явчихдаг байлаа. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтаж, бvтэн жилийн буйхаа бригадаар явсан юм. Ингэхдээ Ардын жvжигчин Д.Ичинхорлоо, УГЖ Лувсан нарын хамт явж, урлаг уран сайхан гэж юу болох, урлагийн хөгжлийн эхэн уе, тvvхт уламжлалын талаарх мэдлэгээ зузаатгасан. Мөн яаж жужиглэж, дуулбал амжилт олох, урлаг уран сайхнаар ард тумэнд юу хэлж өгөх ёстой зэргийг тэднээс сонсч, мэдэж авсан. Энэ нь надад урлагийн их сургууль төгссөнтэй тэнцэх уйл явдал болсон доо. Анх бригадаар явахдаа "Жиижуу хот", "Цонхон дээр суусан ялаа" гэсэн хоёр л дуутай гарсан бол эргэж ирэхдээ 10 гаруй дууг өөрийн болгосон байсан. Ичинхорлоо гуай малгай өмсч, сахал vс наачихаад л Сумьяа ноёнд тоглож, харин би Жуяар хуvхний дvрийн бvтээдэг байлаа. Харилцаа дуунд анх дуулсан минь энэ л дээ.

ДУУНЫХАА УТГА САНААГ ГАРГАХЫН
ТУЛД АЯЛГУУНД НЬ ТОХИРУУЛАН
ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ, НАМБА ТӨРХ
VЗVVЛДЭГ БАЙЛАА


-Таны дуулсан олон дуу радиогийн алтан фондод хадгалагдан vлдсэн гэж сонссон юм байна?
-Хот хедөөгийн олон концертод ардын болон зохиолын 100 гаруй дууг гоцлон дуулж байсан. Тvvнээс "Улиастайн гол", "Говийн өндөр", "Зуун лангийн жороо", "Жийжvv хот", "Алигэрмаа", "Сумьяа ноён "зэрэг харилцаа дууг ард олон маш сайхнаар хvлээн авдаг байсан. Эдгээр дууны зарим нь Монголын радиогийн алтан фондод орсон байдаг юм.

-Ардын дууг жинхэнэ хvрээ намбаар нь дуулдаг дуучдаас одоо Дулмаа л vлдээд байна гэж Ардын жужигчин Л.Цогзолмаа гуай ярьсан байсан?
-Алдартдуучин, жужигчин Ичинхорлоо гуайг дагаж, жилийн бригадаар аялан тоглох vедээ би тvунээс ардын дууг хэрхэн хурээ маягаар дуулах намба төрхийг сурсан. Мөн Бөмбөгөр ногооноос эхлээд Дуурийн театрт олон жил ажиллаж,vндэсний жvжиг, дуурьт тоглож байсан минь ч нөлөөлсөн байх. Миний хувьд ардын дууны утга санааг нь гаргахын тулд аялгуунд нь тохирсон хөдөлгөөн хийж, намба төрх vзvvлдэг байсан нь ямар нэг хэмжээгээр амжилт олсон байх л даа.

-Эх орныхоо тайзнаас гадна гадаадын олон орны тайзан дээр дуулсан биз дээ?
-Залуучууд оюутны фестиваль, урлагийн хамтлагийн хамт Берлин, Бээжинд очиж, "Малчны уралдаан" гэдэгдуу дуулж байлаа. Нөхөр маань олон жил гадаадад элчингээр ажилласан л даа. Тиймээс нөхрийн хамт БНХАУ, АНУ, Энэтхэг, Египет, Солонгос, Алжирт байхдаа дэлхийн урлаг уран сайхны сонгодог, шилдэг бvтээлтэй танилцаж байлаа. Ялангуяа Нью-Йоркт байхдаа НVБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын олон vндэстний сайн дурын уран сайхны бvлгийн концертод оролцож, НVБ-ын төв болон Нью-Йорк, Бруклин, Нью-Жерси хотын сургууль, соёлын газрууд, цэргийн ангиудад дуулж байсан.

-Ямар дуунуудаа сонирхуулж байсан бол?
-"Янжуур тамхи", "Аргагvй амраг", "Цонхон дээр суусан ялаа" зэрэг монгол ардын дууны vгийг англиар орчуулан хамтлагийнхаа нэгэн охиноор уншуулж, өөрөө монголоор дуулахад олон тvмэн маш их сонирхон, "Чингисийн Монгол" гэж баяр хvргэдэг байлаа. Энэ хамтлагт надаас гадна Америк, Англи, Франц, Тайвань, Өмнөд Солонгос, ирланд, Итали, Голланд, Египет, Пакистан, Шинэ Зеландын уран бvтээлчид байсан. Энэ vед хаа газрын урлагийн хvмvvсийн санаа бодол адилхан байдгийг мэдэрсэн.

-Урлагт хvчин зvтгэх хугацаандаа таны авсан хамгийн том шагнал гэвэл?
-Соёлын тэргvvний ажилтан, Алтангадас одон, ойн медалиуд олон бий. Гэхдээ vvнээс илvv ард тумний алга ташилт л надад хамгийн том шагнал болдог. Нас ахиад ирэхээр энэ алга ташилтыг их vгvйлэх юм даа. Одоогоос олон жилийн өмнө Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бригадаар явж байхдаа "Сунжидмаа" дууг дуулсны дараа нэг барга хvvхэн надтай уулзаж, "Та сая миний амьдралын тухай дуу дууллаа. Би багадаа богтлогдож ирсэн хун" гээд намайг тvшиж, их уйлж билээ. Энэ мэтчилэн намайг зорьж, надтай уулзах гэсэн хvсэлтэй хvмvvс олон байдаг байлаа. Хөдөө орон нутгаас миний дууг сонсох дуртай, дууныхаа vгийг бичиж явуулаач гэсэн ззхиа олон ирдэг байсан. Энэ бvхэн л надад юу юунаас илvv том шагнал болж, уран бvтээлээ туурвих эрч хучийг өгдөг байсан даа.

-Ингэхэд гавьяаныхаа амралтад хэзээ гарсан бэ. Та одоо "Эртний сайхан" хамтлагт харьяалагддаг байх аа?
-1985 онд тэтгэвэртээ гарсан. Дараа нь 1987 оноос ардын харилцаа дууны хамтлагт оролцон, Н.Дагванамдалын хамт Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дорнод, Дорно-говь, Хэнтий аймгаар аялан тоглосон. Харин сvvлийн жилvvдэд "Эртний сайхан" хамтлагийнхантайгаа концерт, vдэшлэг, уулзалтад оролцон, монгол ардын дуугаа дуулсаар л явна. Мөн хуучны хvрээ дууны намба төрхийг хадгалж vлдээх зорилготой ажиллаж байна даа.

Р.Сарангэрэл
Монголын мэдээ 134/2166/

Сэтгэгдэл:


broken heart confused winking sad big hug big hug devil devil broken heart kiss love struck blushing batting eyelashes blushing nerd sick
Бичсэн: Зочин цаг: 18:05, 2009-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax