2009-01-12
Ж.Батхүү: ДОХ-ын эсрэг бэлдмэлээ эхлээд хулгана дээр, дараа нь туулай, сармагчин, эцэст нь хүн дээр туршина

МУИС-ийн биологийн факультетийн Биохими-био Органикийн тэнхмийн багш профессор Ж.Батхүүтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр Японы Токиогийн их сургуулийн докторантурыг эмзүйн чиглэлээр төгссөн цөөхөн эрдэмтдийн нэг юм.


Нэг эм гаргахын тулд багаар бодоход жил, 100 сая ам.доллар зарцуулдаг
-Таныг Японы эрдэмтэдтэй хамтран ДОХ-ын эсрэг эм бэлдмэл хийж байгаа .гэж сонслоо. Судалгааны ажил тань хэр амжилттай байна даа?
-Манайханд нэг гэм бий л дээ. Бага зэрэг туршилт хийгээд л үр дүн гарчихвал шууд сенсаац болгочихдог. Хуруу шилэнд хийсэн туршилт нь амжилттай болчихвол ДОХ-той хүн дээр турших боломжгой, энэ өвчнийг анагаах эм олчихлоо гэж туйлширч болохгүй л дээ. Тиймээс миний хувьд хүмүүст бодит мэдээлэл өгөх үүднээс энэ асуудал дээр болгоомжтой хандаж байна.

-Гэхдээ хуруу шилэнд хийсэн туршилт чинь амжилттай болсон биз дээ?
-Амжилттай болсон. Тиймээс ч цаашид судалгааны ажлаа гүнзгийрүүлэн хийх гэж байна.

-Хаана тэр вэ?
-Японы эрдэмтдийн хамт судалгаагаа үргэлжлүүлнэ.

-Одоо хүн дээр турших хэрэг үү?
-Эхлээд хулгана дээр, дараа нь туулай, тэгээд сармагчин, эцэст нь хүн дээр туршина даа. Ийм том хэмжээний судалгаа хийхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг юм шүү дээ.

-Тухайлбал, ДОХ-ын эсрэг энэ эмийг гаргахад хэчнээн жил зарцуулах бол?
-Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар нэгэм гаргахын тулд багаар бодоход 10 жил, 100 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий.

-Ингэхэд энэ бэлдмэлд монгол ургамлыг ашиглаж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Монгол хүнчир нэртэй ургамлыг бид ашиглаж байгаа. Судалгаа, туршилтын ажил хийгдэж байгаа болохоор энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй яримааргүй байна.

Хятадын бүтээгдэхүүнд ген өөрчилдөг бодис байгаа эсэхийг судалж байна

-Бас генийн өөрчлөлтийн талаар судалгаа хийж байгаа гэл үү?

-Хүний генийг өөрчилж болох эсэхийг судалж эхлээд байна.
-Ер нь генийг өөрчилж болох магадлал хэр их вэ?
-Юуны өмнө Хятадаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд хүний бие организм, генийг өөрчлөх аюул бүхий бодис байгаа эсэхийг судлах гэж байна. Үүнийгээ Японоос оруулж ирсэн арга дээр туршихаар төлөвлөөд байгаа.

-Судалгааны ажил ямар шатандаа явж байна?
-Одоогийн байдлаар туршилтын ажлаа дөнгөж эхлээд байна. Гаднаас оруулж ирсэн аргаа лабораторийн нөхцөлд дасгахад цаг хугацаа хэрэгтэй байна л даа.

-Ямар хүнсний бүтээгдэхүүн дээр туршихаар төлөвлөөд байна вэ?
-Эхний ээлжинд хүнсний ногоон дээр туршия гэж бодож байна.

-Энэ аргыг Японд туршиж байсан юм уу?
-Дээхэн үед Японд янз бүрийн орны хүнсний бүтээгдэхүүн түлхүү орж ирснээс хүнсний аюулгүй байдал нь алдагдаж эхэлсэн юм билээ. Тэгээд энэ аргыг туршсан нь амжилттай болсон гэсэн.

-Одоо Япон хүнсний аюулгүй байдлаа шийдсэн оронд тооцогддог биз дээ?
-Хамгийн найдвартай хоол хүнс хэрэглэдэг улс гэвэл Япон л байна шүү дээ.

-Аюулгүй хоол хүнстэй болохын тулд япончууд ямар бодлого явуулсан юм бол?
-Тодорхой бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлсэн гэсэн.

-Тухайлбал?
-Нэг жишээ хэлье. Япончууд гол хүнс болох цагаан будаан дээрээ нэг бодлого явуулсан байгаа юм. Гаднаас цагаан будаа чөлөөтэй оруулж болно гэсэн тогтоол гаргасан. Гэхдээ татварыг нь өөрийн үйлдвэрийн будааны үнэтэй тэнцэхээр нэмсэн байгаа юм.

-Хоёулаа ижил үнэтэй болохоор хүмүүс дотоодын бүтээгдэхүүнээ л авч таарна даа?
-Тэгэлгүй яахав. Яг үүн шиг манайх Хятадаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд, тэр дундаа төмс, хүнсний ногооны татварыг нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Аюулгүй хүнс хэрэглэж байж л эрүүл саруул хүн, үндэсний баялаг гэж ярих хэрэгтэй болов уу.

-Таны бодлоор хүмүүс олноороо өвчилж байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ?
-Монгол хүний бодгальд тохирсон, Монголын уламжлалт хүнсээ хэрэглэхгүй байгаагаас болж хүмүүс өвчинд нэрвэгдэж байна. Тухайлбал, 1980-аад оны үед нойр булчирхайн өвчтэй хүн олддоггүй байж. Гэтэл одоо ийм өвчтэй хүмүүс дугаарлаад л зогсох болсон байна. Энэ нь агаарын бохирдол, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос л шалтгаалж байгаа хэрэг.

-Манайхан өмнө нь хоол хүнсээ хамаагүй л хэрэглэдэг байсан. Өвдөж зовох нь бага л байсан шүү дээ?
-Max, гурил, сүүн бүтээгдэхүүн бол монголчуудын эрүүл ахуйд хамгийн тохирсон хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Эдгээр бүтээгдэхүүнээ идэж хэрэглэж байхад манайхан алзахгүй. Мал сүрэг нь өөрт болоод эзэндээ шаардлагатай бүх зүйлийг биедээ тээж явдаг болохоор тэр. Өөр юу ч шаардлагагүй. Гэтэл гадныхан тэр дундаа япончууд хоол хүнсэнд орж буй бүтээгдэхүүнийхээ хэмжээг нарийн гаргаж, түүнийгээ ягштал мөрддөг.

-Нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмүүд хэрэггүй гэж үү?
-Миний хувьд шаардлагагүй гэж боддог. Монгол хүний бие махбодид тааруулж хийгээгүй болохоор яв цав тохирч таарна гэдэгт нь итгэлгүй байдаг. Харин ч гаднаас орж ирсэн янз бүрийн хоол хүнс хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирч байгаад харамсч явдаг даа.

-Монголчууд эртнээс малаараа дамжуулж, ургамлыг танин мэдэж ирсэн гэдэг байх аа?
-Монголын уламжлалт анагаах ухааныг хүмүүс бүдүүн бараг зүйл мэтээр ойлгодог л доо. Гэтэл энэ нь үнэн хэрэг дээрээ их үндэслэлтэй зүйл байгаа юм. Монголчууд малаараа дамжуулж, ургамлыг танин мэдэж ирсэн гэдэг үнэн. Мал нь бүх сайхан зүйлийг нь цуглуулж ирээд эзэндээ өгчихдөг болохоор тэр шүү дээ.

-Ер нь мал хэчнээн төрлийн ургамлаар хооллодог юм бэ?
-Монголын мал 500-600 төрлийн ургамлаас өөрт хэрэгтэйгээ түүж иддэг онцлогтой. Гэтэл суурин газрын фермерийн мал цаанаас тавьж өгснийг л с иднэ. Олон хүн амтай, газар нутаг багатай болохоор энэ нь ч аргагүй биз.

-Ингэхэд Монгол, Хятадын уламжлалт анагаах ухааны арга барил хоорондоо хэр ялгаатай бол?
-Хятадын уламжлалт анагаах ухаанд хүн дээр туршилт хийдэг. Харин манайх өдөр тутмын амьдрал дундаас арга барил нь гарч ирдэг. Үүгээрээ онцлогтой.

Үр дүнд хүрвэл хүнд ашигтай эм бэлдмэл гаргахаар ажилладаг

-Өөр ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
-Бид ургамлын найрлага дотор биологийн идэвхит бодис, нэгдлүүд байгаа эсэхийг голлож судалдаг.

-Хэрэв идэвхтэй нэгдэл гарч ирвэл?
-Түүнийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой ажилладаг.

-Ургамлуудыг судлаад биологийн идэвхит нэгдэл нь их байвал шууд хүнд хэрэгтэй эм бэлдмэл хийдэг байх нь ээ?
-Ургамал ч бас өөртөө зориулж орчноо ариутгаж, үр удмаа үлдээхийг хүсдэг. Тиймээс бидний хувьд тухайн ургамал ямар зориулалтаар энэ бодисыг үйлдвэрлэж байна вэ гэдгийг нь судлахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд өөр ургамал болон амьтан дээр туршиж судалдаг.

-Харин дараа нь ?
-Үр дүнд хүрвэл хүнд ашигтай эм бэлдмэл гаргахаар ажилладаг.

-Ингэхэд Монголд хэчнээн төрөл зүйлийн ургамал байдаг юм бэ?
-Нийт 2800 гаруй зүйлийн ургамал байдаг гэж үздэг. Үүнээс 1200 зүйл нь ашигт ургамал.

-Ашигт ургамал гэж ямар ургамлыг хэлдэг юм бэ?
-Мал иддэг ургамлыг ашигт ургамал гээд байгаа юм шүү дээ.

-Харин эмийн ургамал хэр олон байдаг бол?
-800 орчим зүйл нь эмийн щамал. Дэлхийд ховордсон ургамлууд ч мөн цөөнгүй бий.

-Эмийн ургамлыг зүй зохистой ашиглах явдал сүүлийн үед ихэд алдагдаж байгаа бололтой?
-Бид судалгаагаа хийх үедээ 500 грамм дээж авах гэж л их сандардаг юм шүү дээ. Гэтэл ховордож буй ургамлуудыг үндэстэй нь зулгаагаад л хаячих юм. Үнэхээр харамсмаар хэрэг шүү.

-Тухайлбал, ямар ургамлыг тэр вэ?
-Цагаан гоёо, дэрэвгэр жирэвгэр зэрэг ургамлыг нэрлэх байна. Цагаан гоёог л гэхэд “Ховор амьтан, ургамлыг хамгаалах Вашингтоны хэлэлцээр”-ийн дагуу худалдаалахыг хориглосон юм шүү дээ. Хүмүүс хэдхэн төгрөгийн ашиг хонжоо бодоод ховордож буй ургамлуудыг хайр найргүй тасчиж, хил давуулан худалдаалж байгаад үнэхээр харамсч байна.

Өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийчихээд дараа нь бусдаас тусламж гуйхад нүүр бардам шүү дээ

-Судалгааны ажилдаа тулгуурлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эм бэлдмэл бий юу?
-2004 оноос бактерийн эсрэг идэвхтэй эсэхийг судалж эхэлсэн л дээ. Ингэхдээ 300 гаруй ургамлыг авчирч судалсан. Үүнээс 40-50 ургамал нь бактерийн эсрэг идэвхтэй болохыг олж тогтоосон.

-Тухайлбал?
-Гоц халдварыхантай хамтран ажиллаж, боом өвчнийг үүсгэгч бактерийн эсрэг идэвхтэй бодис дээр ажилласан нь үр дүнд хүрсэн. Мөн ургамал хамгааллын хүрээлэнгийнхэнтэй хамтарч, янз бүрийн ургамлын өвчин үүсгэгчдийг хортон шавьж устгагч бус ургамал ашиглан дарах тал дээр ажиллаж байна. Түүнчлэн Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтраад малаас хүнд халддаг бруцёллез өвчний үүсгэгчийн эсрэг бэлдмэл дээр ажиллаж байгаа нь амжилтад хүрч байна.

-Эдгээр болон бусад туршилт, судалгааг эх орондоо хийх боломж хэр байна вэ?
-Бие дааж судалгаа хийх боломж бий. Манайханд мөнгөгүй л бол юм хийж болохгүй байна гэсэн ойлголт давамгайлдаг шүү дээ. Гэхдээ бидэнд боломж бий. Монголчууд гар аргаар аливааг хийхдээ бусдаас илүү. Хэдий мөнгө төгрөг, үнэтэй багаж хэрэгслээр дутагдаж байгаа ч энэ тал дээрээ бол авьяастай ард түмэн. Тиймээс энэ чадвараа ашиглах хэрэгтэй байна.

-Яаж тэр вэ?
-Өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийчихээд дараа нь бусдаас тусламж гуйхад нүүр бардам байна шүү дээ.

-Хамтарч ажилладаг гадаадын байгууллагууд байгаа биз дээ?
-Бид Япон, Австри, Швейцарь, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарч ажилладаг л даа. Гэхдээ бидний гол зорилго бол аль болохоор мөнгө бага заржг Монголын нөхцөлд тохирсон аргаар судалгаа, шинжилгээний ажлын гол үр дүнгээ гаргах явдал. Харин дараа нь гадныханд санаагаа алдчихалгүй хамтарч ажиллаж болно шүү дээ.

-Үнэтэй тоног төхөөрөмжтэй бол судалгааны ажил илүү үр дүнд хүрэх юм биш үү?
-Асар өндөр үнэтэй тоног төхөөрөмж авлаа гэхэд түүнийгээ байнга хэрэглэхгүй шүү дээ. Тэрний оронд шинжилгээгээ тусгай саванд хийгээд гадаадын харилцдаг байгууллага руугаа онгоцоор явуулчихаж болно. Өдөртөө эсвэл маргааш л хариу нь гарчихна.

Хөгшрөлтийг саармагжуулах боломжтой зүйл ургамал дотор байгаа эсэхийг судалж байна

-Хөгшрөлтийг зогсоох бодис ургамал дотор байгаа эсэхийг судалж байгаа гэж сонссон юм байна. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Химийн үүднээс авч үзэхэд организм нь исэлдэх, ангижрах гэсэн хоёр процесс дээр явагддаг. Хэрэв исэлдэх процесс нь ихэсвэл хүн амархан хөгширдөг. Исэлдэх процессийн үед үүссэн радикаль нь бусад эд эсийг ихээр гэмтээдэг тул хөгшрөлтийг түргэсгэдэг. Тиймээс бид эд эсийг гэмтээхээс нь өмнө түүнийг устгах боломж бий эсэхийг судалж байна л даа. Өөрөөр хэлбэл, энэ исэлдэх процессийг багасгах буюу хөгшрөлтийг тодорхой хэмжээгээр саармагжуулах боломжтой зүйл ургамал дотор байгаа эсэхийг судалж байна.

-Хэчнээн ургамал дээр туршилт хийсэн бэ?
-Монголд ургадаг 45 ургамал дээр туршилт хийхэд янз бурийн идэвх гарч байна. Судалгааны ажил үргэлжилж байгаа болохоор бүрэн хариуг нь хэлэх боломжгүй байна.

-Сүүлийн үед ямар судалгаан дээр ажиллаж байна даа?
-Хамгийн сүүлд хеликобактерийн судалгаа хийж байна.

-Өндөр идэвх үзүүлж байгаа ургамал байна уу?
-Маш өндөр идэвх үзүүлсэн ганга гэдэг ургамлыг судалж байна.

-Ургамал судлаачид нээж илрүүлсэн ургамлынхаа нэрийг хэлэхдээ тун дургүй юм аа?
-Тэнд ургадаг, тийм хэлбэртэй ургамал гэж хамаагүй хэлж болдоггүй юм л даа.

-Яагаад?
-Хэлчихээр тэр ургамал руу “дайрчихдаг”. Түүчихдэг гэсэн үг л дээ. Тиймээс бид мэдээллийг гүйцэд өгдөггүй юм. Энэ судалгаагаа цаашид нарийвчилж хийх шаардлагатай байгаа. Ер нь ургамлыг бага боловсруулж, аль болох оргиналь чигээр нь өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглавал илүү үрдүнд хүрэх боломжтой байгаа юм.

-Харин өвчилсөн тохиолдолд?
-Эмийн хэрэгцээг багасгахын тулд европ эмчилгээтэй хослуулан хэрэглэж, антибиотекийг ургамлаар нөхөх шаардлагатай гэсэн дүгнэлтэд дэлхийн нийт эм зүйчид хүрээд байгаа л даа.

Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.05.15/

 

Сэтгэгдэл:


Таалагдлаа.
Бичсэн: xvv цаг: 22:11, 2009-01-12 | Холбоос | |


hi
mongol hun bur mongolooroo l baiya.gadniihaniig dagaad yu ch saihan bolohg ui.zovxon mongol shu
Бичсэн: amur цаг: 20:07, 2009-01-12 | Холбоос | |


hi
saihan sanaa b
Бичсэн: amur цаг: 20:05, 2009-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax