2009-01-12
Д.Чулуунбаатар: “Амь үрэгдсэн ч гомдолгүй” гэж гарын үсэг өгөөд Антарктидыг зорьсон
 
Нас барсан хүмүүсийг тэнд нь л оршуулдаг. Гэрийнхэн нь цэцэг явууллаа гэхэд тэр нь жилийн дараа л ирнэ.

“Хурын шим” төвийн захирал, туйл судлаач Д. Чулуунбаттай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монголдоо ганц хүн. Учир нь Антарктидийн мөсөн туйлаас дэлхийн халуун цэгт очиж монгол хүний биемахбодийн тэсвэр хатуужлыг дэлхий нийтэд таниулсан гавьяатай нэгэн.
Амьд мэнд гэрийн бараа харж чадах болов уу л гэж бодож байсан.

-Антарктид тивийг судлах ажилд оролцсон хоёрхон монгол хүний нэг нь та юм байна. Ингэхэд судалгааны багт оролцох болсон шалтгаан нь юу байв?
-1982-1984 оны хооронд Өмнөд туйл буюу Антарктид тивийг судлах ажилд оролцох боломж надад тохиосон юм. Ингэхдээ Оросын багийн ММР судлаачидтаи хамтран энэ судалгаанд оролцсон. Өмнө нь 1972-1974 онд манай цаг уурч Ж.Цэрэндэлэг Антарктидыг судлах ажилд оролцож байсан л да.а. Харин би хоёр дахь судлаач нь болсон юм. Тухайн үед манай Ус, цаг уурын албаны даргаар ажиллаж байсан Д.Түвдэндорж гуай ЗХУ-ын баатар, туйл судлаач, Цаг уурын албаны дарга Е.К.Федеровт хандан “Хоёр дахь судлаачаа Антарктидыг судлах ажилд явуулмаар байна” гэсэн хүсэлт гаргасан юм билээ. Үүнээс жилийн дараа судалгааны багт Монголоос судлаач оролцуулах боломжтой гэсэн хариу ирсэн. Ингээд л Монголын цаг уурчдаас сонголт хийж эхэлсэн дээ.

-Судалгааны багт багтахын тулд нэлээд шалгуур туулсан байх даа. Өрсөлдөгчид хэр олон байв?
-Юуны өмнө эзэмшсэн мэргэжил маань нөлөөлсөн. Эхлээд 7-8 цаг уурчийг сонгож, шигшсэний эцэст гурван хүнийг үлдээж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. II эмнэлэгт 20-иод өдөр үзлэг, шинжилгээ хийж, хариуг нь Орос руу явуулсан. Тэгээд хариу ирэхэд намайг сонгосон байсан. Хамгийн гол нь судлаач цоо эрүүл байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан юм билээ. Дараа нь Орост очсоныхоо дараа cap гаруй хугацаанд мөн л үзлэг, шинжилгээнд хамрагдсан. Тэр нь Монголд хийсэн шинжилгээний хариуг батлах үзлэг байсан гэсэн.

-Оросоос хэдүүлээ Антарктидыг зорьсон бэ. Аялал хэр удаан үргэлжилсэн бол?
-Ленинградаас 30 гаруй хүн хөдөлсөн юм байна. Кубын хоёр судлаач, Монголоос би ганцаараа, бусад нь Оросын судлаачид байсан. Цаг агаар, уур амьсгалыг судлах ёстой байсан болохоор олонхи нь цаг уурчид байсан. Антарктид тивийг зорьсон бидний аялал долоо хоног үргэлжилсэн юм. Үүнээс 30 орчим цагт нь онгоцоор ниссэн. Хамгийн сүүлд Африкийн Мозамбикт хэд хонож, Антарктидад цаг агаар сайжрахыг хүлээсэн. Ингээд найман цаг ниссэний дараа зорьсон газартаа очсон доо. Ямар ч арал байхгүй, дан толгод л харагдаад байсан. Энэ бол дэлхийн хамгийн аюултай нислэгт тооцогддог юм билээ.

-Нээрээ, Антарктидад ажиллахаар явж буй хүмүүсээр “Амь үрэгдсэн ч гомдолгүй” гэсэн гарын үсэг зуруулдаг гэл үү?
-Би ч бас ийм гарын үсэг зурж байсан. Амь үрэгдсэн тохиолдолд гэрийнхэн нь цэцэг л явуулж болно гэж хэлж байсан. Онгоцоор нисэх үедээ их сандарч байсан шүү.

-Антарктидад хөл тавих үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Яг л харь гарагт ирсэн юм шиг санагдаж байсан. Хэдхэн цагийн өмнө халуун орны нутаг дэвсгэр дээр хөнгөн нимгэн хувцастай алхаж байсан хүн гэнэтхэн битүү мөсөн дунд буугаад ирэхэд их сонин мэдрэмж төрж байсан. Мөсөн дээр буугаад л хальтирч эхэлсэн дээ. Оросын “Молодёжный” станц дээр очиход тэнд өвөлжсөн 100 гаруй судлаач биднийг угтсан. Тэд бидэнд ажлаа хүлээлгэж өгөөд 2-3 сарын дараа буцсан. Антарктидад очсон судлаачид хамгийн дээд тал нь жил хагас ажилладаг юм билээ. Мөн зөвхөн зуны улиралд очоод тэнд ажиллаж буй хүмүүсийн бэлтгэлийг хангаж өгдөг, улирлын ажилчид ч байдаг байсан.

-Хүнс, хоол тэжээлийг нь хангадаг байсан гэж үү. Олон сарын нөөц авчирна биз?
-Ямар ч аюул тохиолдож болох учраас гурван жилийн турш хэрэглэж хүрэхүйц хоол хүнс, шатахууны нөөц авчирч байсан. Тэнд ажиллаж буй бүх зүйл 24 цагийн турш дизелиэр ажилладаг болохоор маш их хэмжээний шатахуун шаардлагатай байдаг. Тиймээс 200-300 мянган тонн шатахуун ачсан 2-3 усан онгоц ирдэг байсан.

-Өмнөд туйл дээр танайхаас өөр станц байсан уу?
-ЗХУ, Америк, Япон зэрэг орны 25 станц Антарктид тивийг судалж байсан. Үүнээс долос нь хойд хөршийнх байсан. Станц дээр байрлаж байгаа хүмүүсийн тоо ч янз бүр байлаа. Миний ажиллаж байсан “Молодёжный” станц дээр л гэхэд 100 гаруй судлаач ажиллаж байсан.

-Ямар сууцанд, хэдүүлээ байрлаж байв даа?
-Тусгай халаалттай жижиг сууцанд тавуулаа амьдарч байлаа. Нэг галынхан маань бүгдээрээ оросууд. Бидний хувьд агаар мандлын дээд давхаргын судалгааг хийх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, агаар мандлаас дээш 30 километрт явагдаж буй температур, даралт, салхи, озон зэрэг цаг агаарын үзэгдлийг судлах ажлыг хийсэн. Тусгай багаж хэрэгсэл буюу радио лакаторын тусламжтайгаар энэ ажлаа хийнэ. Манайд нэг радио лакатор дээр 13 хүн ажилладаг байсан. Харин бид Антарктид дээр тавуулхнаа ажиллаж, нэг хүн 2-3 хүний ажил хийдэг байлаа.

-Их ачаалалтай ажилладаг байжээ?
-Тэр нь дээр санагдсан шүү. Зав чөлөөгүй ажиллах тусам сэтгэл санаа тогтворжоод ирдэг юм билээ. Ажил, хоол, унтах гэсэн дэглэмтэйгээр 18
cap амьдарсан. Эхэндээ ч их л эвгүй санагддаг байлаа. Сүүлдээ харин бүр дасчихсан.

-Мэдээж цаг агаар нь их хатуу ширүүн байдаг байх. Шантрах, халшрах үе тохиолдож байв уу?
-Үнэхээр хатуу ширүүн шүү. Амьд мэнд гэрийн бараа харж чадах болов уу л гэж бодож байсан. Байнга цасан шуурга тавина. Битүү цагаан манан дунд л амьдарна. Хааяа л нэг 2-3 өдөр нар үзнэ.

-Өвөл, зуны улирал нь манайхтай солигддог байх аа?
-Наймдугаар сараас нар дээшилж эхлэн 12 дугаар сарын 22 гэхэд зуны туйл нь эхэлдэг. Харин дөрөвдүгээр сараас харанхуйлж эхэлсээр зургадугаар сарын 22-ноос битүү цагаан манан болж, өвлийн туйл эхэлнэ. Тиймээс хоол хүнс, шатахуун хүргэж ирсэн усан онгоцнууд гуравдугаар сараас өмнө буцахгүй бол мөсөнд баригдах аюултай. 1989 онд Оросын нэг усан онгоц мөсөн дунд өвөлжсөн тохиолдол ч бий. ЗХУ-ын баатар, туйл судлаач Челингаров онгоцон дээр байгаа 100 гаруй хүнийг аврах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Яаралтай арга хэмжээ аваагүй бол усан онгоц мөсөнд хавчигдаж, бүх хүн амиа алдах байсан гэдэг.

-Антарктидад өвөлдөө хамгийн хүйтэн нь хэдэн хэм хүрдэг бол?
-1984 оны долдугаар сарын 18-нд 16 цагийн үед ЗХУ-ын “Восток” станцын байрлаж байсан газар -89.3 хэм хүртэл хүйтэрсэн гэсэн мэдээ байдаг. Харин намайг ажиллаж байх үед хамгийн хүйтэн нь -60 хэм хүрч байсан. Дээр нь маш их салхилна. Салхитай болохоор илүү хүйтэн болчихдог. Бүр салхины хурд 70-80 метр секундэд хүрэх нь ч бий. Авч хийсгэчих дөхнө. 15-20 метр секунд байхыг салхи гэж тоохгүй шүү дээ. Гэхдээ манай говийн нутгуудаар салхины хурд 50-60 метр секундэд хүрч байсан тохиолдол ч бий.

-Харим зундаа хэдэн хэм хүрэх вэ?
-Зуны улиралд -15-20 хэм хүйтэн байдаг.

-Хүйтний улиралд зориулалтын хувцас өмсдөг байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Хойно үйлдвэрлэсэн зориулалтын комбинзон өмсдөг байсан. Мөн гадуур нь салхи нэвтэрдэггүй комбинзон давхарлаж өмсөнө. Дотуур хувцсыг нь ч цаанаас нь өгнө. Мөн хэт ягаан туяанаас хамгаалсан нарны шил байнга зүүнэ. Мөсөн дээр тогтсон цас нарны гэрлийг шууд ойлгодог болохоор нарны шил л зүүхгүй бол нүд сохрох аюултай.

-Таныг ажиллаж байх үед хүний амь эрсэдсэн тохиолдол гарсан уу?
-Харамсалтай нь гурван хүн амь үрэгдсэн шүү.

-Ямар шалтгаанаар тэр вэ?
-Мөсний ангал руу унаж, осолдсон. Биднийг тосгоноос гарч, хол явахыг зөвшөөрдөггүй байсан л даа. Явах газар, хийх зүйлийг заагаад өгчихнө. Ер нь маш их сонор сэрэмжтэй байхыг шаарддаг байсан. Нас барсан хүмүүсийг тэнд нь л оршуулдаг. Гэрийнхэн нь цэцэг явууллаа гэхэд тэр нь жилийн дараа л ирнэ.

-Таны хувьд монгол хүний бусдаас ялгагдах онцлогийн тухай тодорхой ойлголттой болсон байх?
-Монголчууд маань хаана ч явсан, ямар ч саад бэрхшээлийг даваад гарах тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй юм байна гэдгийг өөрийн жишээн дээр мэдэрсэн. Ажиглаж байхад кубачуудад л хамгийн хэцүү байсан даа. Халуун орны хүмүүс болохоор зузаан хувцас өмсч чадахгүй, хоол унд ,нь таарахгүй гээд бэрхшээл тулгарна. Сахал нь хөлдөж, нус, шүлгтэйгээ ч хутлдаж байсан. Харин гурван
cap орчим болсны дараа зүгшрээд ирсэн шүү.

-Хоол хүнс нь тохирч байв уу?
-Амттан, махан хоол бүгд хангалттай байсан. Хүссэн хэмжээгээрээ үнэгүй идэх боломжтой. Хүсвэл өөрсдөө мах чанаад ч идэж болно. Би наадмаар бууз хийж, өрөөний андуудаа дайлж байсан. Мөн борцтой шөл хийж, станцынхнаа дайлж байсан шүү, Тиймээс хоол хүнсний тал дээр ямар ч асуудал байгаагүй.

-Бие тань чилээрхэж байв уу?
-Аз болоход тийм зүйл тохиолдоогүй. Хүмүүсийг ажиглаж байхад гэдэс эвгүйрхэх, ханиад хүрэх, хатгаа тусах, олгой авахуулах зэргээр өвчилж байсан. Бид тэнд эмчтэй байсан л даа.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг байсан бэ. Мэдээллийг хаанаас олж авдаг байв?
-Зурагт, радио байхгүй. Мэдээллийг Оросоос ирүүлсэн мэдээллийн хуудсан дээрээс уншина. Зарим үед Монголын тухай ганц нэг мэдээлэл ч ирдэг байсан. Намайг байсан болохоор тэр биз. Ер нь чөлөөт цаг их бага. Гарсан үед нь номын санд сууж, кино танхимд очин, биллъяард, теннис, шатар тоглоно.

-Ингэхэд та бүхэн судалгааныхаа гол зорилгыг амжилттай биелүүлсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн бөмбөрцгийг бүрхсэн агаар мандлын дээд давхаргын судалгааны цэгүүд байдаг юм. Эдгээр цэг олон байх тусам цаг агаарын мэдээ үнэн зөв гарна. Гэтэл манай улсад ийм судалгааны цэг 10 гаруй байх ёстой атал өнөөдөр 2-3 цэг л ажиллаж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Антарктидад 25 станц буюу цэг ажиллаж цаг агаарын судалгааг нь хийсэн. Цэгүүд хоорондоо мэдээллээ солилцоно. Судалгааны ажил маань үнэхээр амжилттай болсон.

-Туйлаас буцахдаа мөн л онгоцоор нисч ирсэн үү?
-Усан онгоцоор ирсэн. Ленинград хүртэл 45 хоног явж ирсэн шүү. Өдөр, шөнөгүй явсан гэхэд мөн ч урт аялал байгаа биз.

-Аяллаас ирсний дараа дахиж Антарктид руу явах юмсан гэж бодогдож байв уу?
-Антарктидад байх үедээ л энэ хүсэлтээ хэлсэн. Гэхдээ бүтээгүй л дээ.

-Яагаад?
-Надтай хамт туйл судлалаар мэргэшсэн, тэсвэр хатуужлын дээдийг мэдэрсэн, ЗХУ-ын баатар, доктор, профессор хүмүүс ажиллаж байсан. Тэдэнд өөрийн саналыг хэлсэн л дээ. Гэхдээ Оросын судалгааны багийнхан гадаадын судлаачийг авч явахад хүндрэлтэй байдаг шалтгаанаа тайлбарласан. Хэрэв золгүй тохиолдлоор гадаадын судлаач амь үрэгдвэл асуудал хүндэрч, хоёр улсын хэмжээнд яригддаг гэдгийг хэлсэн. Хүний амь настай холбоотой асуудал болохоор их хэцүү гэсэн л дээ.

-Танаас хойш Антарктид руу манайхаас судлаач яваагүй байх аа?
-Нэг ч хүн яваагүй. Анх удаа Антарктид руу явсан судлаач Цэрэндэлэг маань өөд болчихсон. Тэгэхээр одоо Антарктидад очсон монгол судлаач гэвэл би л үлдээд байна.

-Ингэхэд Антарктидаас юу авчирсан бэ. Ямар нэгэн дурсгалт зүйл авчирсан уу?
-Сонин байх болов уу гэж бодоод чулуу, оцон шувууны өндөг авчирсан. Мөн гэрэл зургийн арвин цуглуулгатай ирсэн юм байна. Өөр авчрах зүйл үнэндээ байгаагүй л дээ.

Далайд ажиллаад нэлээд жин хассан шүү

-Таныг бас халуун оронд судалгаа хийж байсан гэж сонссон юм байна. Энэ талаар ярилцах уу?
-1977-1979 оны хооронд Номхон далай, Энэтхэгийн далайд Муссон салхины судалгаагхийсэн. Муссон салхи гэдэг нь улирлын салхи гэсэн үг л дээ. Зуны улиралд далайн салхи эх газар руу салхилдаг. Ингэснээр далайн чийглэг агаар эх газар дээр ирж, борооны улирал эхэлнэ. Харин өвөл эх газраас далай руу салхилдаг. Бидний судалгааны ажлын гол зорилго бол зуны Муссон салхины тэсрэлт буюу эхлэлтийн үеийг олж тогтоох явдал байлаа. Ингэснээр далайн эрэг дагуу байрлалтай Зүүн өмнөд Азийн орнуудын хүн ардыг учирч болох үер усны аюулаас хамгаалах зорилготой байсан. Мөн дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд далай тэнгис хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Дэлхийн цаг уурын байгууллагын шугамаар энэ судалгааны ажилд явсан л даа. Экватороос хоёр тийш 10 градусын өргөргийн дагуу дэлхийн бөмбөрцгийг бүслээд 100 гаруй орны судлаач суусан усан онгоцууд далай дээр байрлаж, цаг уурын өөрчлөлтийг судалсан. Үнэхээр том хэмжээний судалгаа болсон. Нэг хөлөг онгоцонд 100-170 хүн байсан. Тэдний тэн хагас нь судлаач л даа.

-Монголын судлаачдаас та ганцаараа явсан юм уу?
-Анх 1977 онд ганцаараа явсан. Харин дараа нь 1978,1979 онд радиогийн сэтгүүлч Шагдарсүрэнтэй хамт явсан. Шагдарсүрэн цаг уурын урьдчилсан мэдээ гаргадаг багт, харин би агаар мандлын дээд давхаргын судалгаан дээр ажилласан.

-Тэгээд гурван жилийн турш далай дээр л байгаад байсан хэрэг үү?
-14 хоног далайн судалгаагаа хийгээд дараа нь Зүүн өмнөд Азийн боомтууд болох Сингапур, Калькутта, Мамбасод очно.

-Далайн өвчин, шуурга гээд хүндрэлтэй асуудал их л байсан байх даа?
-Далайн шуурга олон удаа болсон. Шагдарсүрэн маань мухар олгой ургаад авахуулсан. Хоол хүнснээс болсон юм байлгүй, долоо хоногийн дотор гурван хүн олгойгоо авахуулсан. Тиймээс бүх хүнсээ далайн усанд хаяад Сингапур орж, хоол хүнстэйгээ золгож билээ.

-Далайд ажиллах, туйлд ажиллах хоёрын аль нь хэцүү байсан бэ?
-Далай нь хэцүү байсан. Өдөр шөнөгүй +30 хэм халуун. Байж суух газар олдохгүй, байнгын саунд сууж байгаа юм шиг л байдаг байлаа. Нэлээд жин хассан шүү. Хоол ундны хувьд голдуу жимс, ногоо иднэ. Мөн өдөрт 200 грамм цагаан дарсны нормтой. Хөлсөөр гарсан шингэнийг нөхөж, хордлогоос хамгаалах зориулалттай өгдөг байсан.

-Ингэхэд дахиад гаднын судалгаанд явах бодол байна уу?
-Одоо ч нас, бие маань дийлэхгүй биз дээ. Харин ирэх жилээс дэлхййн туйлын жилийн хүрээнд хойд туйл буюу Арктикд судлаачдын багаа явуулахаар хөөцөлдөж байна.

Дулаарлын улмаас хойд болон өмнөд туйлын мөс хайлах прогноз гарсан

-Саяхнаас манай улс туйл судлалын жилийн үйл ажиллагаанд оролцох болсон байх аа?
-Дэлхийн цаг уурын байгууллагаас 2007-2008 оныг Олон улсын туйл судлалын жил болгон зарласан. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд буюу Дэлхийн цаг уурын өдрөөр албан ёсоор туйл судлалын жилийн үйл ажиллагаанд оролцохоор болж, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатараар ахлуулсан Засгийн газрын комисс байгуулсан. Туйл судлалын жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож үг хэлсэнд би хувьдаа их сэтгэл хангалуун байгаа. Монголын хоёр ч судлаач туйл дээр очиж ажиллан, улсынхаа нэрийг гаргасан болохоор Ерөнхийлөгч маань ийнхүү хүндэтгэл үзүүлж, ач холбогдол өгсөн болов уу. Дээр нь Ерөнхийлөгч Японд айлчлах үедээ тэндхийн туйл судлалын хүрээлэнд очсон юм билээ. Тэнд ажиллаж байсан эрдэмтэнтэй Антарктидад ажиллах үед цуг байсан хүн таарч миний тухай ярьсан байна билээ. Тэд Ерөнхийлөгчид 720 мянган жилийн настай Антарктидын мөс бэлэглэснийг туйлын жилийн нээлт дээр үг хэлэх үедээ манай цаг уурынханд гардуулж өгсөн.

-Энэ үеэр та Антарктид тив дээр авсан зургаараа үзэсгэлэн гаргасан байх аа?
-Миний авсан зургаас бүтсэн хоёр, Цэрэндэлэгийн авсан зургийн нэг самбарыг олонд дэлгэн үзүүлсэн. Үүнээс гадна туйлын судалгаа, түүхтэй холбоотой зүйлүүдийг олны хүртээл болгосон.

-Туйл судлалын жилийн хурээнд дэлхийн хэмжээнд ямар асуудалд голлон анхаарлаа хандуулж байгаа бол?
-Дэлхийн хүйтрэл, дулааралтын хэмжээсийг тодорхойлоход гол хүчин зүйл болдог хойд, өмнөд туйлыг судлах асуудал мэдээж яригдаж байгаа. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, үүнтэй холбоотой гарч байгаа дулаарал, үүсэх сөрөг үр дагаврын тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дулаарлын улмаас хойд болон өмнөд туйлын мөс хайлах прогноз гараад байна. Ингэснээр далайн эрэг дагуу нам дор газар амьдарч байгаа хүмүүст аюул заналхийлж байна. Сүүлийн үед Хойд мөсөн далай эрчимтэй хайлж байна гэсэн мэдээ ирэх боллоо.
-Дулааралтын шалтгааныг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Орон бүхний эрдэмтэд судалж байна. Дэлхийн дулааралтад нүүрсхүчлийн хий хамгийн ихээр нөлөөлж байна. Энэ бол гол шалтгаан нь яах аргагүй мөн. Тиймээс юуны өмнө нүүрсхүчлийн хий гаргадаг бүх зүйлийг хязгаарлах, багасгах шаардлагатай байна.

-Антарктид орчмын озоны цоорхой ч анхаарал татсан асуудалд тооцогдож байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Энэ цоорхойг багасгахын тулд озон задалдаг бодисын хэрэглээг мөн л хязгаарлах хэрэгтэй байна. Киотогийн протоколын дагуу олон улс нэгдэж байна л даа. Гэрээний дагуу химийн үйлдвэрүүдэд үүрэг өгч, озон задалдаг бодис агуулсан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх болсон.

-Сөрөг үр дагавруудыг хүн төрөлхтөн өөрсдөө бий болгоод байгаа юм биш үү?
-Харин тийм. Тийм болохоор өөрсдөө л арилгах ёстой гэж боддог. Энэ тал дээр Английн Ерөнхий сайд Тони Блэрийн хэлсэн “Улстөрийн мөргөлдөөн, дайн тулааныг хойш нь тавьж, цаг уурын өөрчлөлтөд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулцгаая. Эх дэлхийгээ аваръя” гэсэн үг их таалагдсан. Үнэндээ өөрсдийгөө булшлах ажлаа бид өөрсдөө хийсээр байна шүү дээ.

-Ингэхэд та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Цагуурчийн мэргэжлийг санамсаргүй сонгосон гэх үү дээ. Уг нь их сургуулийн математикийн ангид хуваарь авсан юм. Гэвч холбооны ангид сурахыг хүсч байлаа. Тэгээд математикийн ангиа цаг уурынхаар солиод, дараа нь дахин холбооныхоор солихоор хүнтэй ярьж тохирсон. Гэтэл цаг нь болтол нөгөө хүн маань ангиа солихоо болилоо гээд гүрийчихдэг байгаа. Тэгээд л цаг ууртаа үлдсэн хэрэг.

-Тэгвэл хэзээнээс мэргэжилдээ дурлаж эхэлсэн бэ?
-Анх цаг уурын анги байдаг гэдгийг мэдэхгүй шахам хүн орсон л доо. Харин нэгдүгээр дамжаанд байхдаа Францын эрдэмтэн Диссенсийн “Цаг агаарыг хэрхэн жолоодох вэ” гэсэн номыг олж уншсан юм. Хиймлээр бороо оруулсан туршилтуудын тухай бичсэн энэ номыг уншсанаасаа хойш л цаг уурчийн мэргэжлээ сонирхож эхэлсэн дээ. Дээр нь Оросын эрдэмтэн Вавиловын “Хүн төрөлхтний өмнө шийдэх гурван асуудал байна.Тэр нь цөмийн энергийг жолоодох, өмөн үүг төгс эмчлэх, цаг уурыг жолоодох зэрэг юм. Эдгээр асуудлыг шийдэж чадвал хүмүүс бурхнаас юм гуйх шаардлагагүй болно” гэсэн үг нь миний санаанд хоногшин үлдсэн.

-Сургуулиа төгсөөд хаана ажилласан бэ?
-1972 онд их сургуулиа төгссөн. Цаг уурын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний гурав дахь төгсөлт нь л дөө. Анх Хөвсгөл аймгийн Ус цаг уурын төвд инженерээр ажилласан. Хожим нь нийслэлд ирээд Ус, цаг уурын албыг удирдах газарт эрдэм шинжилгээний ажилтан, дарга, Байгаль орчны яаманд Ус, цаг уурын газрын албаны даргаар ажилласан даа.

-Ингэхэд “Хурын шим” төвөө хэзээ байгуулсан юм бэ?
-1991 онд энэ төвөө байгуулсан. Манайх ихэвчлэн цаг агаарт нөлөөлж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.

-Сүүлийн үед танай төвөөс явуулж буй үйл ажиллагаа төр, засаг болоод олон түмний анхаарлыг ихэд татаж байна?
-Өнгөрсөн онд олон түмэн, хүн ардад хэрэгтэй, ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа болохоор аргагүй л дээ. Өнгөрсөн оны зургаа, долдугаар сард л гэхэд бид үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах үйл ажиллагааг Өмнөговь, Дорноговь, Дундговь аймагт зохион байгуулсан. Энэ ажиллагааг дэмжиж, Засгийн газраас бидэнд 25 сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Бороо оруулсан нь олон түмэнд үнэхээр үр дүнтэй ажил болсон.

-Танайхыг саяхан үүл илрүүлдэг багаж төхөөрөмж оруулж ирсэн гэж сонслоо. Энэ төхөөрөмжийн ашиг тусын тухайд?
-Үүл илрүүлдэг радар гэх төхөөрөмжийг өмнөд хөршөөс оруулж ирсэн. Засгийн газраас дэмжиж, 360 сая төгрөг гаргаж өглөө. Энэ нь үүлийг илрүүлж, бороо оруулах үүл эсэхийг нь тогтоодог төхөөрөмж байгаа юм. Борооны үүл мөн байвал өнгөрөөд явчихаас нь өмнө пуужингаар буудаж, бороо оруулна шүү дээ. Энэ төхөөрөмжөө зун говийн аймгуудад туршина. БаруунаасЗавхан, Говь-Алтай, Ховд, зүүн тал нь Сүхбаатар аймагт ажиллах юм.

Ярилцсан Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.05.08/
Сэтгэгдэл:


САЙН БАЙНА УУ ?
САЙН БАЙНА УУ Чулуунбат ах таны ярилцлагийг уншлаа их анхаарал татлаа. таны туулж өнгөрүүлсэн энэхүү ажил амьдрал чинь их адал явдал эрсдэл гайхалтай гэмээр хачин сонирхолтой амьдрал яахийн аргагүй монгол хүний бахархмаар зан хатуучил гэж санагдаж байна. наймайг гантулга гэдэг би байгалийн аялал жуулчлалаар сурлцсан одоо байгаль орчны хэвэлэл мэдээлэлийн салбарт ажиллаж байгаа. тантай уулзмаар санагдаж хүндэтгсэн: Т.Гантулга
Бичсэн: Зочин (зочин) цаг: 14:51, 2012-01-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax