2009-01-27
Д.Нямсүрэн: Нөхөн үржихүйн насны эрчүүдийн 20-25 хувь нь түрүү булчирхайн өвчтэй

“20-40 насны ид цэцэглэж яваа нөхөн үржихүйн насны эрчүүдийн олонхи нь амьдралын эрхээр ажил төрөл эрхлэхээр Солонгос болон бусад орныг зорьж байна.

Ийнхүү удаан хугацаагаар бэлгийн хэвийн амьдрал алдагдах нь эрчүүдийн түрүү булчирхай өвчлөх гол шалтгаан болж байна” гэж Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессор, хүний гавьяат эмч, ҮКТЭ-ийн Бөөрний мэс заслын клиникийн эрхлэгч Д.Нямсүрэн ярьсан юм. Түүнтэй уулзаж одоогоос хориод жилийн өмнө хаалттай сэдэвт тооцогдож байсан өвчний талаар илэн далангүй ярилцсан юм.

Бэлгийн сулрал, түрүү булчирхай ярьсан хүнд секс сурталчилсанд тооцогдож байсан

-Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн өвчлөл нэмэгдэх боллоо гэлцэж байна. Ийм өвчтэй хүмүүсийн тоо үнэхээр нэмэгдээд байна уу, эсвэл?
-Хүн цочирдохоор хэмжээнд хүртлээ нэмэгдсэн зүйл байхгүй ээ. Өмнө нь манай монголчууд хэр баргийн өвчнийг тоодоггүй байж. Харин сүүлийн жилүүдэд өөрийн бие махбодид анхаарал тавих нь ихэсч, эрүүл мэндийн боловсрол нь ч сайжирч байна. Үүнтэй холбоотойгоор эмчид хандах нь ч ихэслээ. Одоогоос хориод жилийн өмнө бол энэ нууц сэдэв байлаа шүү дээ. Бэлгийн сулрал, түрүү булчирхайн тухай ярьсан хүн секс сурталчилсан, хөрөнгөтний нийгмийн суртал нэвтрүүлсэнд тооцогддог байлаа. Тухайн үед аливаа зүйлийн сүүдэр тогтсон талыг нь түлхүү харж, үзэл суртлын талаас нь их ярьдаг байж дээ.

-Энэ нь хүмүүсийн өвчнөө нуух гол шалтгаан болдог байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Нуухаас аргагүй байдалд хүргэж байсан юм чинь. Энэ төрлийн өвчтэй хүнийг гэр бүлийн хувьд тогтворгүй эвгүй нөхрөөр нь дуудаж, хар дансанд бүртгэдэг байлаа шүү дээ. Тиймээс ч хүмүүс өвчнөө нуун эмчилж, улмаар хүндрүүлэх тохиолдол ч гардаг байсан.

-Харин өнөөдөр бүх зүйл нээлттэй болжээ. Эрэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн тоо ч олширлоо?
-Үнэхээр сайшаалтай хэрэг. Дээр нь оношилгоо ч сайжирч байна. Энэ бүгдийн үр дүнд түрүү булчирхайн өвчтэй хүмүүсийн тоо олширсон мэт харагдаад байгаа юм л даа. Үнэн чанартаа сүртэй нэмэгдсэн зүйл байхгүй. Хуучин цаг үед ямар байсан, тэр хэмжээндээ л байгаа.

Удаан хугацаанд бэлгийн харилцаанд орохгүй байх нь түрүү булчирхай өвчлөх нэг шалтгаан болдог

-Ep нь энэ өвчнөөр өвчлөгсдийн талаар эмч, судлаачдын гаргасан статистик тоо байдаг биз дээ?
-Нөхөн үржихүйн насны эрчүүдийн 20-25 хувь нь түрүү булчирхайн өвчтэй гэсэн тоо баримт бий.

-Нэлээд дээгүүр үзүүлэлт байна шүү. Өвчний гол шалтгаан нь юунд байна вэ?
-Хэдийгээр нийгэм нээлттэй болсон ч үүнтэй зэрэгцээд сөрөг үр дагаврууд гарч ирсээр байна. Хязгаарлагдмал, баригдмал хэлбэрт байсан амьдрал “зад үсэрч”, их, бага хэмжээний замбараагүйтэл үүслээ. Гадаадын иргэд Монголд чөлөөтэй нэвтэрч байна. Дээр нь биеэ үнэлэгчид ч олширлоо. Хам гийн гол нь 20-40 насны ид цэцэглэж яваа нөхөн үржихүйн насны олонхи эрчүүд амьдралын эрхээр, ажил төрөл хийхээр гадны улс орныг зорьж байна. Удаан хугацаагаар бэлгийн хэвийн амьдрал алдагдах нь түрүү булчирхай өвчлөхийн нэг шалтгаан юм шүүдээ.

-Бэлгийн замын халдвар аваагүй ч түрүү булчирхай өвддөг байх нь ээ?
-Бэлгийн замын өвчний халдвар авсан тохиолдолд л түрүү булчирхай өвддөг гэж ойлгож болохгүй. Ийм халдвар аваагүй ч гэсэн албадмал байдалд бэлгийн харилцаанд орохгүй удах нь түрүү булчирхай эмгэгшихэд нөлөөлдөг. Ер нь нөхөн үржихүйн насныхан байнга бэлгийн харилцаанд орж байх ёстой юм шүү дээ. Тогтмол бэлгийн харилцаанд байх нь хүний дархлалын тогтолцоог сайжруулж, тэр хэмжээгээр аливаа өвчин зовлон тусахгүй, эрүүл саруул байх, урт наслахын үндэс болдог.

-Тэгэхээр энэ өвчнөөс сэргийлэхийн тулд аль болох тогтмол бэлгийн харилцаанд орж бай гэсэн үг үү?
-Юуны өмнө тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо тогтмол бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй. Дээр нь тогтмол бэлгийн харилцаанд орж байвал энэ өвчинд нэрвэгдэхгүй байх боломжтой. Энэ ер нь маш зовлонтой өвчин шүү дээ. Өөрт тун шаналгаатай, хүнд дэлгээд яриад байж болдоггүй, тийм л өвчин юм даа.

Өвчин хүндэрвэл үргүйдэх аюултай

-Ахимаг насныхан хэр их өвчилдөг вэ?
-Тавиас дээш насныханд түрүү булчирхайн хоргүй томролт буюу хавдар хэлбэрээр илэрдэг. Энэ үед шээс хаагдах, улмаар бөөрөнд нөлөөлвөл шээсний хордлогод орох, турж эцэх, нойронд муу болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хоргүй томролтын эхэн үед эмэн эмчилгээ хийдэг. Хэрэв үр дүн өгөхгүй бол дурангийн мэс засал хийх, бүр томорсон тохиолдолд нээлттэй аргаар мэс засал хийдэг. Түрүү булчирхай үрэвсч байгаад эдгэрсэн тохиолдолд жижгирч хатуураад сорвиждог. Энэ тохиолдолд шээсний сүв нарийсч, сорвижилт нь дарагдаж, шээс гарах нь багасдаг. Ийм үед мөн л дурангийн мэс засал хийж, шээсийг чөлөөтэй гадагшлахаар болгодог.

-Зарим хүнд шинж тэмдэг нь мэдэгдэхгүй байх тохиолдол бий юу?
-Үрэвслийн шинж тэмдэг хүн бүрт янз бүрээр илэрнэ. Хярзан, шулуун гэдэс, салтаа, шодойны угаар, хоёр төмсөг рүү их, бага хэмжээний өвдөлт мэдрэгдэнэ. Зарим тохиолдолд бэлгийн ажлын дараа янгинах, бадайрах шинж тэмдэг илэрч, дуншиж өвдөнө. Шээсний сүвний нарийсалтай түрүү булчирхайн өвчлөл хавсарсан тохиолдолд шээс хаагдахад хүрдэг. Тиймээс өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингэснээр өвчний хүндрэлээс сэргийлж чадна.

-Эмчилгээ хэр авдаг өвчин бэ?
-Архаг үрэвслийг эмчлэхэд хамгийн доод тал нь гурван cap шаардлагатай. Цаашилбал, гурван жил түүнээс их хугацаагаар ч эмчлэгддэг тохиолдол бий. Ер нь маш удаан хугацаанд зууралдаж эмчилдэг өвчин байгаа юм.
-Өвчин хүндэрсэн тохиолдолд ямар хор урхагтай вэ?
-Түрүү булчирхайн өвчин хүндэрч, хоёр төмсөг, үр дамжуулах суваг үрэвссэн тохиолдолд үргүйдэлд хүрэх аюултай. Тиймээс өвчилсөн тохиолдолд юуны өмнө мэргэжлийн эмчид хандаж, оношилгоо хийлгэж, сайтар эмчлүүлэх шаардлагатай.

-Ер нь үргүйдлийг эмчлэх боломж бий юу?
-Эмчилгээ авах нь ч бий, авахгүй нь ч байна. Өвчнийхөө ямар шатанд эмнэлэгт хандсанаас л бүх зүйл шалтгаална даа.
-Нэг зүйлийг тодруулж асуумаар санагдлаа. Гахай хавдар туссан эрэгтэй хүн үргүй болох магадлал өндөр гэдэг. Энэ хэр үнэнд нийцдэг вэ?
-Гахай хавдраар өвчлөөд төмсөгний дайвар нь хавдсан тохиолдолд сайтар эмчилгээ хийлгэх шаадлагатай байдаг. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үргүй болох магадлал их. Гэхдээ төмсөг хос эрхтэн учраас нэг нь нөгөөгөө 100 хувь орлодог.

Бөөрөө солиулсан хүмүүс ажлаа хийгээд л явж байгаа

-Одоо ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөх үү. Танай тасгийнхан бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бөөрөө солиулсан хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Өнгөрсөн онд бид найман хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Он гарснаас хойш хоёр хүнд мэс засал хийлээ. Хүмүүсийн биеийн байдал гайгүй сайн байгаа. Бөөр шилжүүлэн суулгах ажиллагаа ч хэвийн хэмжээнд явагдаж байна. Бөөрөө солиулсан хүмүү-сийн хувьд тодорхой дэглэм баримталж, өгсөн эмийг зааврын дагуу уух ёстой байдаг. Энэ тохиолдолд хүнд хүчир хөдөлмөр л биш бол өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Бидний бөөр шилжүүлэн суулгасан хүмүүс өнөөдөр бүгдээрээ ажлаа хийгээд явж байгаа. Манайд энэ мэс ажилбарыг маш хямд үнээр хийж байна. Гэхдээ хагалгааны үр дүн чухал болохоос үнэ мөнгө нь гол биш л дээ.

-Урд хөршид бөөр солиулсан хүмүүст улсаас үнэ төлбөргүй өгдөг байсан эмийг хугацаанд нь өгөхгүй байна гэсэн яриа сонсогдоод байгаа. Энэ талаар?
-Энэ талаар надад мэдэгдсэн зүйл алга даа. Би хагалгааны асуудлыг л хариуцсан эмч шүү дээ.

-Ажиглаад байхад танай эмч нар нэлээд ачаалалтай ажилладаг бололтой юм?
-Ачаалал их шүү. Өглөөний найман цагаас үдшийн 22 цаг хүртэл ажилладаг. Өдөрт 10 хагалгаанд орох нь ч бий. Манай мэс заслын тасаг л гэхэд долоо хоногт 30-40 хагалгаанд ордог.

-Эмч нарын хүрэлцээ хэр вэ?
-Эмч нарын орон тооны асуудал их учир дутагдалтай. Тиймээс бид олон улсын жишигтдөхсөн орон тоог гаргаж өгсөн л дөө. Үүнийг эмнэлгийн захиргаанаас баталж өгсөнд их талархаж байгаа. Манай тасгийн эмч нарын хувьд нарийн оношилгоо, гар ажиллагаа их шаардсан ажил хийдэг. Маш их чимхлүүр ажилтай. Боолт хийхэд хүртэл сувилагчтайгаа хамтарч бооно шүү дээ.

-Танай тасагт ихэвчлэн настай хүмүүс хэвтэх юм аа даа?
-60-70 насныхан их хэвтэж эмчлүүлдэг.

-Хүйсийн хувьд?
-Хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсийн 65-70 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд бөөр, давсаг, шээсний сүвний өвчлөлөө голлож эмчлүүлдэг. Түүнчлэн хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсийн 75 хувь нь хагалгаанд ордог. Дээр нь нэмж хэлэхэд, манайх улсын хэмжээний үйлчилгээтэй ганц тасаг болохоор 21 аймгаас ввчин нь хүндэрсэн, оношлоход бэрхшээлтэй хүмүүс ирдэг дээ.

Р.Сарангэрэл
Монголын мэдээ /2007.05.24/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax