2009-01-27
Ц.Энхманлай: Тvvхээ мэдэхгvй байж би Монгол хvн гэж яаж бардамнах вэ дээ

"Харанга" "Ажнай хууд" хамтлагийн ахлагч, УГЖ Ц.Энхманлайг "Ярилцах цаг" буландаа урилаа.


Лхагваа маань давтагдахгvй хvн шvv дээ


-Олон улсын эмэгтэйчvvдийн баярын өдөр "Харанга" хамтлагийнхан "Чикаго" клубт тоглолтоо сонирхууллаа. Сэтгэлд шингэсэн сайхан дуунууд эгшиглэж байна лээ. Харамсалтай нь дуучин нь солигдчихсон байсан?
-Лхагваа маань байхгvй байгаа болохоор бид Дашдондогтой хамтарч тоглосон л доо. Шинэ жилийн vеэр манай хэд хэдэн тоглолтод Дашка оролцсоныг хvмvvс мэдэж байгаа байх. Дуучин нь солигдсон болохоос биш "Харанга"-ын дуунууд хэвээрээ л байгаа шvv дээ.
-Лхагваатайгаа ойрд уулзав уу. Бие нь тааруухан байгаа дуулдсан?
-Саяхан уулзсан. Их турсан, дээр нь сэтгэл санаагаар унасан байсан. Бас нойр булчирхайн өвчин нь зовоогоод хэцvv л байна. Одоо Ганц худагт байгаа л даа.
-Та бvхнийг хэвлэлийн хурал хийлгэсний дараа хар тамхи хэрэглэдэг, наймаалдаг хvнийг өмөөрлөө гэсэн ойлголт нийтэд төрсөн байна лээ?
-Биднийг өмөөрлөө гэж яриад л байна. Яг vнэндээ өмөөрсөн юм биш л дээ. Хэрэг хийсэн бол хуулийн дагуу зохих шийтгэлээ хvртэх ёстой.
-Гэхдээ хэрэг хийгээгvй хvнийг хэлмэгдvvлчихлээ гэж vзэж байгаа юм биш vv?
-Лхагваагийн хар тамхи худалдаалсан гэдэг нь батлагдаагvй шvv дээ. Шинжээч, прокурор ч батлаагvй. Батлагдаагvй зvйл ангиар долоон жилийн ял өгснийг нь л хэлмэгдvvлэлт гэж vзээд байгаа юм. Бидний хувьд одоо ч ийм байр суурьтай байна. Vvний цаана тодорхой хvмvvс байна гэж vзэж байгаа л даа. Тиймээс бvгдийг хуулийн дагуу л шийдээсэй гэж хvсч байна.

-Давж заалдана гэж байсан. Тэр юу болсон бэ?
-Бид Нийслэлийн шvvхэд давж заалдсан. Одоо хурлыг нь товлохыг л хvлээж байна.

-Сvvлд гаргасан "Life&Music" цомог нь борлуулалтаараа тэргvvлж байна лээ?
-Vнэхээр сайн цомог болсон гэдэгтэй хvмvvс санал нэгдэх байх аа. Лхагваагийн хувьд бие даасан цомгоо гаргахад их хvндрэлтэй байсан л даа.

-Яагаад?
-Өөрийн дуулсан дуунуудаа цомогтоо багтаая гэхээр "Харанга" хамтлагийн дуунууд бvгдээрээ орчих гээд л тэр байхгvй юу. Тэгээд тусдаа хэдэн бvтээл дээр ажиллаж байж цомгоо гаргасан. Уг нь дахиж нэг цомог гаргах гээд дуунуудынхаа оранжировкийг нь хийлгэж байсан юм.

-Тvvнтэй эн зэрэгцэх дуучныг хамтлагтаа олж авахад хэцvv л байх даа?
-Лхагваа маань давтагдахгvй хvн шvv дээ. Хууль хяналтынхан vнэн зөвийг нь олох байлгvй. Ард нь Монголын томоохон хамтлагийн хувь заяа байна. Бас ирэх жил манай хамтлагийн 20 жилийн ой болох гэж байна. Энэ бvгдийг харгалзан vзээд гайгvй ял оногдуулах болов уу гэж найдаж л сууна даа.

Vсээ ургуулж, жинс өмссөн хулигаан гэж шvvмжлvvлж явлаа

-Ирэх жил "Харанга" 20 нас хvрэх нь. Ойгоо угтаж, олон уран бvтээл хийж байгаа байлгvй?
-Тэгэлгvй яахав. Өнгөрсөн жилээс эхлээд бид уран бvтээлийн ажилдаа идэвхийлэн ороод байна. Одоогийн байдлаар тус бvртээ хамтлагтаа зориулан дуу бvтээж байна.

-Таны хувьд хэчнээн дуутай болоод байна вэ?
-Долоон дуу бэлэн болгочихоод байна. Эх орон, хайр дурлал, залуус гээд янз бvрийн сэдэвтэй дуунууд байгаа. Оны сvvлчээр бид дуунуудаа нэгтгэж, олны хvртээл болгож эхэлнэ дээ.

-Тэр болтол хав дарна гэсэн vг vv?
-Цомгоо гаргатал нэг ч дуугаа цацахгvй. Харин дараа нь тоглолтууд ар араасаа vргэлжилнэ дээ. Чука, Одсvрэн нар маань тайлан тоглолтоо хийх байх.

-Харин та?
-Миний хувьд өнгөрсөн жил "Амьдрал ба аялгуу" тоглолтоо сонирхуулсан. Гэхдээ шинэ дуунуудаараа бас тоглолт хийнэ гэж бодож байна. "Амьдрал ба аялгуу" тоглолтоороо DVD бvтээж байгаа. Мөн шинэ бvтээлvvдээрээ цомог гаргах төлөвлөгөөтэй байна.

-Ингэхэд "Харанга" хамтлагийнхан хэр олон жил нөхөрлөж байгаа андууд вэ. Хамтлагаа байгуулахаасаа өмнө сайн найзууд байсан гэл vv?
-1975 оноос Одсvрэнтэйгээ нөхөрлөж эхэлсэн. Тэгэхээр бид хоёр 33 жил найзалж байна гэсэн vг. Бид Төмөр замчдын "Ногоон гэрэл" хамтлагт хөгжимчин байлаа. Харин дараа нь цугтаа цэрэгт явж, тэндээ "Соёмбо" чуулгад орсон. Энэ чуулгад Чука, Пvvжээ, Оогий бид дөрөв тоглодог байлаа. Харин хамтлагийн дуучин нь манай Лхагваагийн аав Хатанбаатар байсан. Энэ утгаараа "Харанга"-ынхантайгаа гучаад жил нөхөрлөж байна даа. Одоо бол бие биеийнхээ занг андахгvй. Харцыг нь хараад л юу гэж хэлэх гэж байгааг нь мэдэрдэг болсон байна лээ.

-Эртнээс бие биеэ мэддэг мөртлөө хамтлагаа хожуу байгуулж дээ?
-Анх танилцсан цагаасаа эхлээд л Оогий бид хоёр нэг сайхан рок хамтлаг байгуулъя гэж ярьдаг байлаа. Ингэж ярьж явсаар 1989 онд л хувьсгалын тохироо бvрдэж, хамтлагаа байгуулсан юм.

-Социализмын vед рокыг хvлээн зөвшөөрдөггvй байсан байх аа?
-Vсээ ургуулж, жинс өмслөө, энэ бол хулигаан, бvтэхгvй этгээд гээд л шvvмжлvvлдэг байлаа. Бvх зvйл нарийн хяналттай байсан. Анхны тоглолтоо 1989 оны 10 дугаар сарын 26-нд хийх гэтэл Соёлын яамны Уран сайхны зөвлөлөөс хянахаар болсон. Тоглолтоо зарлачихсан хэдхэн цагийн дараа болох гэж байхад нөгөөх хяналт нь vргэлжлээд л байдаг. Тэгсээр хоёр цагийн vед дуусдаг юм байна. Драмын театрын гадаа бөөн хvн цуглачихсан байсан. Тэгээд тасалбараа зарж эхэлтэл 30 минутын дотор дуусчихсан байсан шvv.

-20 жилийн хугацаанд хэчнээн тоглолт хийсэн бол?
-Бидний хувьд жил алгасч тоглолт хийдэг уламжлалтай байсан. 1994 оноос хойш урсгал концертууд сонирхуулсаар ирсэн. Тодруулж хэлбэл, шинэ, хуучин бvтээлvvд холилдсон тоглолт гэсэн vг л дээ. Харин 20 жилийнхээ ойгоор дандаа шинэ дуунуудаас бvрдсэн нижгэр тоглолт хийхээр төлөвлөөд байна.

-Ингэхэд та урын сандаа хэчнээн дуутай вэ?
-50-иад дуу бий шvv. Дийлэнх нь уянгын болон баллад рок чиглэлийн дуу байгаа.

Жилдээ нэг удаа Японд тайлан тоглолт хийдэг

-"Харанга"-д хvчин зvтгэхээс гадна та "Ажнай хуур" гэсэн хөгжмийн хамтлагтай байх аа?
-Рок бол морин хуураас vvсэлтэй гэж би vздэг л дээ. Энэ тухайгаа ярьж байтал нэг дvv маань та морин хуурыг рок хөгжимтэй хослуулсан хамтлаг байгуулаач гэсэн санал хэлсэн юм. Тэгээд л энэ хамтлагаа байгуулсан. Ингээд орчин vеийн хэлбэрээр морин хуурт зориулсан аялгуу бичиж эхэлсэн. Эхлээд хоёр морин хуурчтай байснаа дараа нь хvрээгээ тэлж, ятгачин, уртын дуучинтай болсон. Хамтлагийнхан маань тоглолтоор явах vед цуглаад бусад vед нь тус тусын ажлаа хийдэг.

-Байнга л Япон явдаг сураг дуулдах юм?
-Бид жилд хоёр удаа Япон явж, аялан тоглолт хийдэг. Нэг явахдаа 1-3 cap явна. Ер нь жилийн гурван сарыг Японд өнгөрөөдөг. 1995 оноос хойш л иймэрхvv байдалтай амьдарч байна. Японы хойд арлуудаас бусад газар нь очиж тоглосон шvv.

-Таны "Хан тэнгэрийн зогсоол" цомогт багтсан "Их талын дуу" vнэхээр өвөрмөц болсон байна лээ?
-Бэсрэг уртын дууны хэлбэрээр зохиосон аялгуу байгаа юм л даа. Хvмvvс уртын дууг тийм болгочихож гэж ойлгосон юм шиг байна лээ. Энэ аялгууг маань япончууд сонсох их дуртай шvv.

-Танай хамтлагийг арлын орныхон сайн мэддэг гэл vv?
-Манай хамтлагийн таван цомог Японд гарсан. Бичлэгийг нь өөрийнхөө студид хийсэн л дээ. Нью арт, ардын болон холимог шинжтэй бvтээлvvдээс бvрдсэн цомгууд байгаа. 1997 оноос хойш хийсэн хөгжмийн бvтээлvvдээрээ цомог гаргасан нь энэ л дээ.

-Таны хувьд хамтлагтаа ямар vvрэг гvйцэтгэж
байна?

-Ахлагчийн ажлыг эрхэлж байна. Мөн гитараа дардаг. Миний хувьд жилдээ нэг удаа Японд тайлан тоглолт хийдэг. Энэ vедээ Японы басс гитарчин, бөмбөрчинтэй тоглодог.

-Япон дуу дуулдаг уу?
-Миний аялгууг нь зохиосон хоёр дуу байдаг. Хvмvvс нь сайн мэднэ. Тоглолт хийх vед дагаад дуулж л байдаг юм. "Сэтгэлийн далай” гэдэг дууны vгийг нь миний талийгаач найз зохиосон юм. 1997 онд манай хамтлагийнхан Японы нэртэй хөгжмийн зохиолч, дуучин Кавашимо Эготой хамтран тоглолт хийж байсан шvv дээ. Тэр маань 2002 онд нас барсан юм. Гэр бvлийнх нь хvн зохиосон шvлгэнд нь ялгуу хийж , дуулж өгөөч гэсэн хvсэлт тавьсны дагуу энэ дууг бvтээсэн. “Сэтгэлийн далай” дууг маань NHK телевизийн “Бvгдээрээ дуулцгаая” нэвтрvvлгээр хоёр сарын турш заасан л даа. Нөгөө дуугаа ч бас энэ найздаа зориулсан. Алдартай зохиолчид утгыг нь хэлж өгч байгаад vгийг нь бичvvлсэн.

-"Ажнай хуур"-ынхан одоо хэзээ явах вэ?
-Ирэх сард явах гэж байгаа. Дараа нь 10 дугаар сард явна. Хэрэв захиалга юм уу фестиваль болвол зун явах байх.

-Тоглолтын асуудлыг та өөрөө зохицуулдаг уу?
-Токиод манай "Ажнай хуур-JAPAN" компани байдаг л даа. Бид өөрсдийн гэсэн байртай. Энэ компани бидний тоглолтын бvх асуудлыг зохион байгуулдаг.

-Хvмvvс нь та бvхнийг хэр хvлээж авах юм?
-Уртын дуу, морин хуур, хөөмийг их сонирхож, сайхан хvлээж авна. Зарим нэг нь уяраад уйлчихсан л суудаг юм. Ийм vед Монгол орноороо, хосгvй гайхамшигт урлагаараа өөрийн эрхгvй бахархдаг. Монголчууд бид чинь бахархах зvйл ихтэй ард тvмэн шvv дээ.

-Уртын дуу дуулж эсвэл морин хуур тоглож сурахыг хvссэн хvмvvс олон байдаг уу?
-Бид тэнд очих vедээ сургалт зохион байгуулдаг. 12-80 настай 50 гаруй шавьтай болсон. 'Vvлэн бор" гэсэн клубт сургалтаа явуулдаг. Харин би гитар, төгөлдөр хуураа заадаг.

Хvн дуртай зvйлдээ л амжилт гаргадаг

-Таны хvv Оргилболдыг "Жакал" хамтлагийн хөгжимчин гэдгийг мэдэх юм байна. Бас нэг хvv чинь дуучин болж байгаа гэл vv?
-Ариунболд маань СУИС-ийн дуулаачийн ангийг энэ хавар төгсөнө. R&B чиглэлээр дуулдаг юм. Одоо 20 гаруй дуутай болоод байгаа. Гэхдээ нэгийг нь ч олны хvртээл болгоогvй байгаа.

-Яагаад?
-Юмаа сайн сурчихаад уран бvтээлээ хийж эхэл гэж аав нь зөвлөсөн болохоор тэр. Одоо дуунуудынхаа оранжировкийг нь хийлгэж байгаа.

-Хvvхдvvд тань урлагийн хvмvvс болох нь ээ?
-Зарим хvн хvvхдээ урлагийн хvн болгохгvй гэдэг л юм. Би бол vvний эсрэг байр суурьтай байдаг. Хvний хvсэл зорилгыг хясч болохгvй шvv дээ. Энэ байж болшгvй зvйл. Намайг хар багаасаа хөгжим сонирхож эхлэхэд аав, ээж минь хориогvй. Тэгэхээр би ч бас хvvхдvvдээ хорихгvй. Хvн дуртай зvйлдээ л амжилт гаргадаг.

-Хvvхдvvдтэйгээ нийлж тоглолт хийх төлөвлөгөө байна уу?
-Том хvv маань гитараа дарж миний тоглолтонд оролцож байсан. Яахав байр сууриа олсон цагт нь хамтарч тоглож болох л юм. Тvvнээс биш хvvхдvvдээ аавын нөлөөнд явуулахгvй гэж боддог. Өөрөө өөрсдийгөө таниулах хэрэгтэй биз дээ. Хэдийгээр эцэг хvvхдvvд ч гэлээ бидний хооронд тодорхой зиндаа бас байгаа гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
-Ингэхэд гэр бvлийн чинь хvн ямар мэргэжилтэй вэ?
-Эхнэрийг маань Наранцэцэг гэдэг. Цахилгааны техникийн мэргэжилтэй. Гэхдээ урлагт их дуртай.

Монголын тvvхэн өв соёлууд дэлхийгээр нэг тарчихаад байна

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна даа?
-Би кино vзэх хообийтой л доо. Хаанахын ч хамаагvй кино vзэх дуртай.

-Солонгосын олон ангит киног ч гэсэн vv?
-"Хөv Жvн" гэдэг эмчийн тухай киног л бvтнээр нь vзсэн. Бусдыг нь vзээгvй ээ. Сvvлийн vед орос кино их vздэг болоод байна. Гоё кинонууд хийдэг болсон байна лээ.

-Өөр юу сонирхож байна?
-Монголын тvvхээ судлахад багагvй цаг зарцуулж байна. Олон жил япончуудтай хамтран ажиллалаа. Эхний жилvvдэд Монгол орны тухай сонирхсон асуултад нь бvдэрдэг байлаа шvv дээ.
Тvvхээ мэдэхгvй байж би монгол хvн гэж яаж бардамнах вэ дээ. Vнэхээр шившиг юм билээ. Харин одоо алзахааргvй болсон. Ямар ч хvнд эх орныхоо тvvх, зан заншил болоод "Монголын нууц товчоо"-ны талаар яриад өгчих хэмжээнд хvрсэн. Энэ тал дээр их анхаарч, Монголын бахархлыг залуу хойч vеийнхэнд ойлгуулах, мэдрvvлэх vvднээс цуврал нэвтрvvлгvvд гаргахаар төлөвлөөд байна.

-Цуврал нэвтрvvлгvvд гэнэ ээ. Энэ талаараа сонирхуулахгvй юу?
-Энэ сараас эхлэн бидний нэвтрvvлэг олны хvртээл болно. Одоогоор эхний хоёр дугаарыг нь бэлтгэчихээд байгаа. 'Тvvхэн өв соёл" гэсэн цуврал нэвтрvvлэг байх юм. Монголын тvvхэн өв соёлууд дэлхийгээр нэг тарчихаад байна. Тиймээс тэдгээр vнэт дурсгал хаана, хаана байгааг тогтоож, газар дээр нь очиж, тvvхийг нь сонирхуулсан нэвтрvvлэг бэлтгэж байгаа юм л даа.

-Газар дээр нь очиж нэвтрvvлэг бэлтгэнэ гэхээр багагvй зардал орох нь ээ?
-Тэгэлгvй яахав. Гэхдээ энэ асуудлыг зохицуулж болох байх аа.

-Эхний нэвтрvvлгээрээ ямар дурсгалын тухай сонирхуулахаар бэлтгээд байна даа?
-Хамгийн эхэнд Цагаан сvлдний талаарх мэдээллийг vзэгчдэд хvргэнэ. Анх хаана байрлуулж байсан, ямар утга учиртай зэргийг нь хvргэнэ. Энэ туг Монгол, Өвөрмонгол хоёрт л байсан юм байна. Одоо манайхан болоод Өвөрхмонголчууд яаж арчилж хадгалж хамгаалж байгааг сонирхуулах юм. Харин дараа нь хvннvгийн тvvхтэй холбоотой мэдээлэлvvдийг хvргэнэ.

-Тэгвэл одоо хаана очиж, ямар нэвтрvvлэг бэлтгэхээр төлөвлөөд байна?
-Эзэн Чингис хааныг “Мянганы суут хvн”-ээр өргөмжилсөн шvv дээ. Энэ өргөмжлөл нь Кембриджийн “Их хаадын танхим”-д хадгалагдаж байна. Энэ талаар сурвалжилсан нэвтрvvлэг бэлтгэнэ дээ.

Р.Сарангэрэл
 
Сэтгэгдэл:


тэврэлт баярлах
Бичсэн: өвөрлөгч (зочин) цаг: 17:42, 2010-07-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax