2009-02-10
У.АЙБЕК: Армийн шоргоолж унтаж байгаа арслан, барсыг хүртэл иддэг

 

 “Шоргоолж бол хамгийн чадалтай амьтан.  Амаараа өөрийн биеийн жингээс тав дахин илүү ачааг даадаг. Харин чирвэл 10 дахин илүү ачааг өлхөн даана. Яагаад ийм хүнд ачааг дийлдэг болсон шалтгааныг нь эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг. Зарим нь үечлэгдсэн бүтэцтэй бие, урт хөлтэй нь холбож үздэг. Гэтэл зарим нь шоргоолжны булчинд шинэ төрлийн уураг байдаг гэж ярих нь бий. Энэ уургийг гарган авч, ашиглаж чадвал хүмүүс өөрийн биеийн жингээс 5-10 дахин хүнд ачааг өргөх чадвартай болно” гэж МУИС-ийн Биологийн факультетийн Экологийн тэнхмийн багш, докторант У.Айбек ярьсан юм.

Тэрбээр 2001 оноос “Монгол орны шоргоолжны зүйлийн бүрдэл, тархалт”-ыг судалж байгаа юм.  Шоргоолж судлах ажлаар дагнан ажиллаж буй Монголын цорын ганц эрдэмтэнтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

 

-Таныг өмнө нь тахь нутагшуулах судалгаа хийж байсан гэж сонссон. Гэтэл яагаад шоргоолж судалдаг болчихов оо?

-Шоргоолж хүмүүсийн нүдэнд ил хаана л бол хаана явж байдаг. Гэтэл хүн бүхэнд ойрхон энэ амьтныг судалсан хүн Монголд байдаггүй юм билээ. Тиймээс Монголд хэдэн зүйл шоргоолж байна, аль бүс нутагт ямар зүйлийн шоргоолж илүүтэй тархсан байгааг тогтоох зорилгоор энэ судалгааг хийж эхэлсэн. Анх 2001 онд судалгаа хийхээр холбогдох зохиол, өгүүллийг шүүж үзэхэд Монголд 24-25 зүйлийн шоргоолж байгаа нь тогтоогдсон.

-Дээрх 20 гаруй зүйлийнн шоргоолжийг хэн нээж судалсан юм бэ. Өмнө нь Монголд судалж байгаагүй гэсэн биз дээ?

-Унгарын нэрт шавьж судлаач З.Касаб 1963-1968 оны хооронд Монголд 6 удаа судалгаа хийсэн юм бидээ. Энэ үедээ их хэмжээний шавьжны цуглуулга хийсэн. Ингэхдээ шоргоолжны дээжүүдийг хамтад нь цуглуулсан байдаг. Мөн Орос, Польшийн эрдэмтдийн судалгаа ч бий.

-Харин одоо Монголд хэчнээн зүйлийн шоргоолж бүртгэгдээд байна вэ?

-Дээрх судлаачийн тогтоосон зүйлүүдийг өөрийхнтэйгөө нэгтгэвэл 72 зүйл болоод байна. Ер нь шавьж судлах ажил хүнээс асар их тэвчээр, хатуужил шаарддаг. Гэсэн ч сүүлийн үед судлаачид сээр нуруугүй амьтдыг судлахад анхаарлаа хандуулж, сээр нуруутан амьтадтай зэрэгцэн олон жилийн туршид оршин тогтнож байгааг нь мэдэхийг оролдох болсон. Сээр нуруугүй амьтдаас шоргоолж их өвөрмөц амьдралтай, нийгэмч шавьжийн бүлэгт ордог.

-Нийгэмч шавьж гэнээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хүн төрөлхтөний байгуулах гээд байгаа нийгмийг зөгий, шоргоолж зэрэг амьтад хэдийнэ бий болгосон гэж үздэг. Бүлийн гишүүд бүгд өөр өөрсдийн ажил үүргийн хуваарьтай. Гэхдээ энэ ажил үүргийн хуваарийг хэн өгөөд байгаа, хэн түүнийг нь үнэнчээр гүйцэтгээд байгаа нь их сонирхолтой санагддаг.

-Үүний учрыг судалж үзсэн биз дээ?

-Шоргоолжны бие марфологийн хөгжлөөс нь шалтгаалаад энэ хуваарилалт үүсдэг юм билээ. Хүчирхэг эрүүтэй, том биетэй шоргоолжнууд үүрээ хамгаалах хамгаалагчийн үүрэг гүйцэтгэнэ. Жижиг биетэй шоргоолжнууд өндөг буюу дүү нараа асрах, хоол тэжээл олж ирэх, хатан шоргоолжоо тэжээх үүрэгтэй.

-Өндөг буюу дүү нараа асарна гэсэн чинь юу гэсэн үг вэ?

-Үүрийг бужигнуулахад зарим шоргоолж өндөг үүрээд гүйлддэг шүү дээ. Ажилчин шоргоолжнууд өндгөө наранд гаргаж, илчийг нь авахуулан, биеийг нь хөгжүүлэх үүрэгтэй ажилладаг. Хүйтэн болж, салхилбал дүү нараа үүрэндээ оруулна. Өндөг буюу авгалдай байх үедээ хэр их тэжээлгэсэн, нарнаас илч хэр сайн авснааас шалтгаалж, ажилчин эсвэл хатан шоргоолж байх нь шийдэгддэг юм байна.

-Ер нь шоргоолжийг дотор нь хэд ангилдаг юм бэ?

-Хатан, хаан, ажилчин шоргоолж гэж гурав ангилдаг. Хатан, ажилчин шоргоолж хоёр нь эмэгтэй. Харин хаан шоргоолж нь эрэгтэй. 70 орчим хоногийн настай. Өөрөөр хэлбэл, үр тогтоогоод л үхдэг.

-Намар болохоор шоргоолжнууд нисээд үржлийн бүжиг хийдэг гэж ярьдаг?

-Хатан, хаан шоргоолжнууд намар далавчилдаг. Далавчлахаараа үржлийн бүжиг хийнэ. Эр, эм хоёр шоргоолж нисч гарч ирээд үржилд ордог. Орж дуусангуутаа хаан шоргоолж үхнэ. Мөн орж амжихгүй үхэх нь ч бий. Харин хатан шоргоолж 10 жил, ажилчин шоргоолж 2-3 жилийн настай байдаг.

-Тэгвэл хатан шоргоолж үржилд орсныхоо дараа яадаг бол?

-Өвөл ичихэд тохиромжтой үүр бэлтгэдэг. Тэндээ ичээд хавар анхны цөөн тооны өндгөө гаргана. Далавчаа хөдөлгөж байсан булчингаа задлан сүүн шингэн болгож, түүгээрээ өндөгнөөс гарсан авгалдайнуудаа тэжээдэг. Анхны авгалдайнууд бүгд ажилчин шоргоолж болдог. Энэ үеэс эхлээд хатан шоргоолж ямар ч ажил хийдэггүй.

-Харин ажилчин шоргоолжнууд?

-Жижиг биетэй нь дүү нараа асрах, том биетэй нь үүрээ барих, томсгох, махчин амьтдаас үүрээ хамгаалах, зарим нь ээж хатан шоргоолжоо асрах гээд эхнээсээ зааж өгсөн үүргийг гүйцэтгэдэг. Ингэхдээ толгой дээрээ байрлах хоёр сахлынхаа тусламжтайгаа мэдээллийг хүлээн авдаг.

-Шоргоолжны үүрнийх нь зохион байгуулалт маш нарийн гэсэн байх аа. Судлахад хэцүү байв уу?

-Хатан шоргоолжны үүр, хоол тэжээлийн агуулах, өндөг болон авгалдайн өрөө, хамгаалагч бас ажилчин шоргоолжны өрөө, тэр байтугай бие засах өрөө ч байдаг юм билээ. Шоргоолжны үүрийг зохион байгуулалтаар нь хоёр хуваадаг. Ойд тохиолдох ургамлын үлдэгдэл, жижиг мөчир, чулуугаар барьсан үүрийг овоолго хэлбэрийн үүр, газрын гадаргуу дээрх жижиг нүхнүүдийг өрх хэлбэрийн үүр гэж үздэг. Мөн шоргоолж чулуун доор, модны хожуул дотор, унанги модон дотор үүрлэх нь бий. Шоргоолжны үүрний зохион байгуулалтыг судлахын тулд газар доорхи үүрийг нь ухаж үздэг. Ингэхдээ маш болгоомжтой, нямбай ажиллана. Шороог зүүгээр ухаж, нүхний сувгийг нь хөөж явсаар зохион байгуулалтыг нь судалдаг. Ингэхэд шоргоолж аж ахуй эрхэлдгийг мэдэх үү?

-Ямар аж ахуй вэ?

-Газар тариалан, сүүний аж ахуй эрхэлдэг.

-Сүүний аж ахуй гэнээ?

-Ургамлын шүүсийг сордог бөөснүүдийг шоргоолжнууд ивгээлдээ авч хамгаалдаг. Тухайлбал, үүр засч өгөх эсвэл үүрэндээ хамт амьдарч, өглөө шүүслэг ургамал дээр тууж аваачна. Орой нь буцааж хураана.  Шоргоолжны авгалдайн хөгжилд махан гаралтай тэжээлээс гадна чихэрлэг глюкоз маш хэрэгтэй байдаг. Бөөсний гэдсийг шоргоолж хоёр сахлаараа гижигдэх үед чихэрлэг шингэн ялгардаг. Түүнийг нь шоргоолж цуглуулж аваад үүрэндээ аваачин цуглуулагч шоргоолжны аманд юүлнэ. Дараа нь хэрэгтэй үдээ цуглуулагч шоргоолжноос чихэрлэг сүүн шингэнээ авч, авгалдайнуудаа тэжээдэг. Бүх авгалдайд сүүгээ жигд хуваарилахын тулд энэ аргыг хэрэглэдэг юм билээ.

-Цуглуулагч шоргоолж энэ бүх хугацаанд сүүг амандаа хадгалсаар л байдаг хэрэг үү?

-Ийм шоргоолж бүлд тун цөөхөн байдаг. Юу ч хийдэггүй, асар том хэвлийтэй, ерөөсөө хөдөлдөггүй, “агуулах” маягиийн шоргоолж байдаг.

-Газар тариалан эрхэлдэг гэсэн байх аа?

-Ургамлын үлдэгдэл, хагдарсан навчийг зөөж үүрэндээ авчраад дарж тавьдаг. Ургамлын үлдэгдэл ялзрахад түүн дээр жижиг хэмжээний мөөгнүүд ургана. Хортой мөөгийг нь ялгаж хаяад, хэрэгтэйг нь ургуулан арчилж, боловсорсон үед нь хураах зэргээр аж ахуй эрхэлж, хоол тэжээлээ хангадаг.

-Судалгаа хйихийн тулд хэчнээн аймгаар явсан бэ?

-Говь, цөл, хээр, ойт хээр, ой тайгын бүс багтсан Алтайн цаад говиос Хөвсгөлийн Цагаан нуур хүртэлх байгалийн бүс бүслүүрт шоргоолж хэрхэн тархсаныг 70 гаруй хоног явж судалсан. Зургадугаар сард судалгаандаа гараад 8.31-нд ирээд маргааш нь хичээл эхэлж байлаа. Шоргоолжны хувьд зарим зүйл нь бүх бүс нутагт амьдрах чадвартай байдаг. Гэтэл зарим нь зөвхөн говь нутгийн зөөлөн хөрсөнд амьдрах чадвартай байх жишээтэй.

-Тухайлбал, ямар шоргоолж?

-Говьд амьдардаг том биет шөнийн хар шоргоолжийг нэрлэж болно. Энэ шоргоолж дэлхийн хэмжээнд хамгийн гүн буюу 6 метрийн гүнд үүрээ барьдаг. Өвөл, зунгүй идэвхтэй амьдралаар амьдардаг, ичдэггүй, ургамлын үндсээр хооллодог, зуны улиралд өвөл идэх хоол тэжээлээ нөөцөлдөг шоргоолж байгаа юм. Манай монголчууд амьтдыг танихдаа асар их туршлагатай. Гэсэн ч шоргоолжны талаар мэдлэг муутай байдаг. Захын хүнээс шоргоолжны талаар асуувал, хар, улаан, нисдэг, морин шоргоолж гээд хэдхэн зүйлийг л мэднэ. Гэтэл Монголд  72 зүйлийн шоргоолж байгаа нь тогтоогдоод байна шүү дээ.

-Та түрүүнд бүлээ махчин амьтдаас хамгаалах зорилготой шоргоолжнууд байдаг гэж ярьсан?

-Шоргоолжны ертөнцөд боолын нийгэм байдаг гэвэл итгэх үү? Нэг зүйл шоргоолж нөгөө бүл рүү довтолж дийлсэн нь боолуудтай болдог. Тэд мэдээж, хамаг хүнд ажлыг нь хийнэ. Бас боолчилдог хатан шоргоолж ч бий. Нэг хатан шоргоолж нөгөө үүрний хатан шоргоолжийг устгаад үүрэнд нь өндгөө гаргана. Ийнхүү бэлэн үүрэнд орж, бусад ажилчин шоргоолжнуудыг зарцлан амьдардаг.

-Бусад шоргоолж нь эсэргүүцэл үзүүлдэггүй юм уу?

-Хатан нь дийлэгдсэн болохоор ямар нэгэн эсэргүүцэл үзүүлдэггүй юм билээ.

-Шоргоолжоор хооллодог амьтад хэр олон бэ?

-Шоргоолж идэгч шавьж, жижиг шувууд, гүрвэл зэрэг амьтад байна. Мөн баавгай үүрийг нь устгах нь ч бий.

-Яагаад тэгдэг юм бол. Хүчилд нь дурлаад тэр үү?

-Шоргоолжны үүрэнд гараа дүрээд түүнийгээ долоодог. Энэ үед гарт нь наалдсан шоргоолжнууд улаан хоолой, гэдсэн дотор нь орсноор баавгай байж ядан хорхосч, дайралдсан зүйлээ барьж, эвдэлж, хэмхэлдэг. Хэсэг хугацааны дараа биен дотор нь орсон шоргоолжнууд үхэхэд аяндаа тайвширдаг.

-Одоо шоргоолжны ашиг тусын талаар ярилцах уу?

-Их хэмжээний шоргоолжны үүртэй ойг экологийн хувьд цэвэр ой гэж үздэг. Ой модны навч шилмүүсээр хооллогч хортон шавьж, эрвээхэй, авгалдайг барьж идэн устгадаг болохоор тэр. Таван ам.км талбай дахь 2-3 үүр бүл шоргоолж хоногт сая хүртэлх тооны ойн хортон шавьжийг устгадаг гэсэн тооцоо бий. Барагцаалбал, нэг бүлд хэдэн 10 мянгаас хэдэн сая шоргоолж байдаг. Тэгэхээр шоргоолжийг ойн найдвартай хамгаалагч гэж хэлж болно. Мөн газрын хөрсийг агааржуулах ялзмагийг баяжуулах, эрдэс бодисоор газрын хөрсийг тэтгэх, хөрс үүсэх үйл явцад сайн нөлөө үзүүлдэг.

-Шоргоолжны хүчлийг эмчилгээнд ашигладаг байх аа?

-Дорно дахинд шоргоолжийг архинд хийгээд эмчилгээнд хэрэглэх нь бий. Мөн үе мөчний өвчинд хэрэглэдэг асар үнэтэй бэлдмэлүүд ч бий. 

-Зарим хүн шоргоолжны үүрэн дээр хэвтэж харагддаг. Энэ ямар учиртай юм бол?

-Астматай, өндөр даралттай хүмүүс шоргоолжны үүрэн дээр хэвтэх тохиолдол байдаг. Гэхдээ үүний ач холбогдлыг нарийн судалсан зүйл байхгүй л дээ. Хүчлийнх нь үнэрт астма гайгүй болох үндэслэл бий. Үе мөчний өвчинд сайн гэдэг нь шинжлэх ухаанд хэдийнэ нотлогдсон, эм бэлдмэл нь ч гарсан. Цаашид хүчлийнх нь бүтцийг нарийн судлах шаардлагатай гэж боддог. 

-Шоргоолж хазсан тохиолдолд часхийж өвддөг. Ер нь шоргоолжинд сөрөг нөлөө бий болов уу?

-Зарим үр тариа, бэлчээрийн ургамлыг идэж, гэмтээдэг. Гэр оронд үүрлэж, хортон шавьж болох нь бий. Зарим зүйл нь халдварт өвчин тээгч хорхойнуудын завсрын эзэн болно.

-Яаж тэр вэ?

-Малын шимэгч хорхойнуудын өндгийг шоргоолж залгина, тэр нь гэдсэнд нь хөгжин авгалдай болж, ялгадастай нь гадагшилна. Өвсөн дээр наалдсан ялгадсыг гэрийн мал идэж, улмаар авгалдай хэдэн метр болтлоо өсч, малыг өвчлүүлнэ. Гэхдээ энэ нь ховор л доо.

-Халуун оронд шоргоолж их элбэг байдаг байх аа?

-Манайд шоргоолжны 72 зүйлийг тогтоогоод байгаа бол халуун оронд 8000 зүйл байдаг. Тоо толгой, нягтшил маш өндөртэй. Өмнө нь Малайзад шоргоолж электроникийн үйлдвэрт нь нэвтэрч, утаснуудыг нь мэрж, их хэмжээний хохирол учруулсан тохиолдол гарч байсан л даа.

-Сонин содон шоргоолж байдаг болов уу?

-Армийн шоргоолж гэж байдаг. Сохор бас орон гэргүй шоргоолжнууд. Бие биеийнхээ араас дагасаар 10 км цуваа үүсгэж явдаг. Харгис, зэрлэг, замдаа таарсан амьтдыг барьж иддэг.

-Том амьтдыг хүртэл үү?

-Хөгшин сульдаа, гэмтэж бэртсэн эсвэл унтаж байгаа арслан, барсыг хүртэл иддэг. Хэдэн тэрбум шоргоолж бүх нүх сүвээр нь орж, амьсгалах аргагүй болгож байна гээд төсөөл дөө. Нөгөө цаст уулын цагаан арслан цагаа тулахаар шоргоолжинд идүүлнэ гэдэг үнэн юм билээ.

-Ингэхэд дэлхийн хамгийн том шоргоолж хаана байдаг юм бол?

-Халуун оронд бий. Таван см хэмжээтэй байдаг.

-Тэгвэл хамгийн жижиг нь?

-Дөрвөн мм-ийн урттай. Манай оронд энэ шоргоолж байдаг.

-Таны цаашдын судалгааны ажлын талаар сонирхмоор байна?

-Японы Кагошимагийн их сургуульд очиж, шоргоолж судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаална. Миний хувьд энэ чиглэлээр нэг магистр, нэг бакалавр, нэг оюутан дадлагажуулж байна. Азийн шоргоолж судлалын нийгэмлэгийн Монголыг хариуцсан гишүүний хувьд Малайз, Индонез, Тайланд, Япон, Бангкок зэрэг оронд хурал зөвлөгөөнд оролцож байлаа. Манай орны хувьд энэ төрлийн судалгаа хийхэд багаж хэрэглэл үнэхээр дутагдалтай байна. Нөхцөл боломж муу учраас гадныхантай хамтарч ажиллахаас өөр арга алга даа.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax