2009-06-09
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ЦУСГЫ ДАРАЛТТАЙ

Д.ЗУЛГЭРЭЛ: Насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихтэй 

ЭМШУИС-ийн зүрх судасны тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Зулгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр цусны даралт ихсэх өвчний оношилгоо, эмчилгээ, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга зөвлөгөөний  талаарх мэдээллийг өгсөн юм.

-Цусны даралттай байгаа эсэхийг хэрхэн тодорхойлох талаар яриагаа эхлэх үү?

-Сүүлийн хоёр долоо хоногт артерийн даралт буулгах ямар нэгэн эм уугаагүй байхад систолын даралт 140 ба түүнээс дээш, диастолын даралт 90 буюу түүнээс дээш хэмжигдэж байвал үүнийг артерийн гипертензи буюу цусны даралт ихсэх өвчинтэй байна гэж тодорхойлдог.

-Зүрх судасны өвчин түүн дотроос цусны даралт ихсэх өвчин дэлхийн хэмжээнд хамгийн их түгэн дэлгэрсэн өвчинд тооцогддог байхаа?

-Зүрх судасны өвчин дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Нас барагсдын 80 орчим хувь нь ядуу буурай болон хөгжиж буй орны хүн ам байгаа. 2005 оны байдлаар гэхэд 17.5 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан гэсэн  тоо баримт бий. Хэрэв энэ байдлаараа цааш үргэлжилвэл 2015 он гэхэд энэ тоо баримт 20 саяд хүрэх тооцоо гарсан байгаа юм.

-Цусны даралт  ихсэх өвчний улмаас хорвоог орхисон гэх  нарийн тоо баримт гаргасан улс байвал мэдээлээч?

-Сүүлийн жилүүдэд Америкчууд энэ өвчинд илүүтэй өртөж байна. Тухайлбал, АНУ-д 2004 онд 54.186 хүн даралт ихдэх өвчнөөр нас барсан байна. Мөн насанд хүрэгчдийнх нь гурван хүн тутмын нэг нь цусны даралт ихтэй байгааг тогтоосон байна билээ. 

-Тэгвэл монголчуудын хувьд энэ үзүүлэлт ямар хэмжээнд байдаг бол?

-Манай улсын насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихтэй  байгааг 2005 оны Халдварт бус өвчний халгаат хүчин зүйлийн эпидемиолог судалгааны дүнгээр тогтоосон байгаа.  

-Цусны даралт ихсэлтийг илрүүлж, хянахад хэр төвөгтэй вэ?

-Хялбар гэж хэлж болно. Юуны өмнө оношлогоо хийх шаардлагатай. Цусны даралтыг хэдэн удаа давтан хэмжиж, өвчтөний түүхийг үзэн, бодит үзлэг хийнэ. Мөн лабораторийн болон багажийн шинжилгээ хийдэг.  Харин дараа нь эмчилгээндээ орно доо.

-Эмчилгээний хувьд?

-Эмийн бус болон эмийн эмчилгээг хийдэг. Эмийн бус эмчилгээнд: Хоол эмчилгээ буюу жимс, хүнсний ногоо, ханасан өөх тосыг  хэрэглүүлэх, биеийн жинг хэвийн байлгахын тулд долоо хоногийн ихэнх өдөрт хамгийн багадаа 30 минут явган алхуулах, архи, тамхины хэрэглээг хориглох, биеийн хүчний ачааллыг зохицуулах, давсны хэрэглээг бууруулах болон физик эмчилгээ ордог. Харин эмийн эмчилгээнд: Сүүлийн үед Монголд худалдаанд гараад байгаа Амло-Денк, Эна-Денк зэрэг эмийш хэрэглэхэд тохиромжтой.

 

-Энэ өвчин хүндэрсэн тохиолдолд ямар хор урхагтай вэ?

-Зүрхний систолын даралт 160-аас дээш хүмүүст хүндрэх магадлал 4-5 дахин илүү байх бөгөөд 45-60 хувьд нь зүрхний шигдээс үүсэх магадлалтай. Систолын даралт 200-аас өндөр хүмүүст тархины цусан хангамжийн цочмог өрчлөлт гурав дахин илүү тохиолддог. Бөөрний цусан хангамжийн доройтол, хүндрэл 2-3 хувьд нь тохиолддог. Зүрх, тархи, бөөр, гол судасны талаас болон гипертензийн криз гэж артерийн гипертензийн хүндрэлийг таван бүлэгт хувааж үздэг. Гипертензийн криз нь даралт гэнэт өндөр болж, зүрх, тархины үйл ажиллагаа хүчтэй хямрах байдлаар илэрдэг.

-Эцэст нь цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар уншигчдад маань зөвлөхгүй юу?

-Юуны өмнө биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгаж, хэт хооллохгүй байх хэрэгтэй. Мөн ажил амьдралын дэглэм барин давсны хэрэглээг хязгаарлах нь чухал. Түүнчлэн нэгэнт энэ өвчнийг туссан бол хүндрүүлэхгүй, байнга хянаж байхыг зөвлөе

Бичсэн: SARAAHAI | цаг: 12:45 | ERUUL MEND
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: