2010-06-26
О.ЛХАГВА:ДЭЛХИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ НАНОТЕХНОЛОГИ УРУУ ЯВЖ БАЙНА

-Нанотехнологийн ачаар компьютерийн хурд, чадал хэдэн зуу дахин нэмэгдэж, хүний эрхтэнийг засан сэргээнэ-

 Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор О.Лхагваатай уулзаж ярилцлаа. Тэрбээр Нью-Йоркийн Шинжлэх ухааны академи болон Шугаман бус эрдмийн дэлхийн академийн жинхэнэ гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг эрдэмтний дипломт, “Дэлхийд хэн нь хэн бэ” толь бичигт данстай эрдэмтэн юм.

 

-Нанотехнологийн болон үйлдвэрийн хувьсал болох гэж байгаа тухай ярих боллоо. Ямар үед үйлдвэрлэлийн шинэ хувьсал болдог юм бэ?

-Хүмүүсийн таньж мэдсэн эрдэм боловсрол хуримтлагдсаар технологийн эрс шинэчлэлд хүрч, улмаар үйлдвэрийн хувьсал өрнөдөг жамтай. ХVII-XVIII зуунд дотоод шаталтын болон цахилгаан хөдөлгүүр нэвтэрсэн. Ингэснээр XI X зуунд үйлдвэрийн хувьсгал болж байсан түүхтэй. Судалгаанаас үзэхэд үйлдвэрийн хувьсгал  хүртэл хэдэн зуун жил шаардагдсан байгаа юм.

-Харин XX зууны хувьд?

-XX зуун шинжлэх ухааны их хувьсгалаар эхэлсэн. Молекул, атом, цөмийг тэртээх ертөнцөд нь нэвтрэн судаллаа. Энэ нь шинэ зууны үйлдвэрийн хувьсгалын хөдөлгөгч хүч нь болж байна. Энэхүү шинэ технологийг нанотехнологи гэж хэлээд байгаа юм шүү дээ.

-Суурь эрдэм ганцхан зууны дотор үйлдвэрийн хувьсгалд хүргэж байгаа хэрэг үү?

-Тийм. Гэхдээ энэ дэвшилд хүрэх зуураа ХХ зуунд гайхамшигтай олон нээлт ололт гаргасан л даа.

-Тухайлбал?

-Цөмийн нууцыг тайлснаар атомын болон халуун цөмийн бөмбөг бүтээсэн. Атом, молекул зарим бодисын бүтцийг таньж жолоодсоны дүнд лазер, электроник, голограф, компьютер, мэдээллийн технологийг хөгжүүлж, дэлхийн өнөөгийн мэдээллийн сүлжээ интернэтийг бүрэлдүүллээ. Мөн удамшлын зүй тогтлыг нээж, молекулар биологи хөгжсөнөөр генийн инженерчлэл, амьтныг эсээс нь хувилах боллоо.

-Микро буюу молекул, атомын дотоод ертөнц ямар зүй тогтолтой байдаг юм бол?

-Бидний ердийн дасал дадалд үл буух “гажиг” шинж төрхтэй. Мөн атом цөмийг бүрэлдүүлэгч  бөөмс тусгаар салангид бус нийтээрээ багцран орших жамтай. Тэрхүү ертөнцийн зүй тогтлыг квант физик гэдэг. Эл тулгуур зүй тогтлын мэдлэг, туршлага л нанотехнологийн үндэс болж байгаа юм.

-Нанотехнологийн тухай тодруулж ярихгүй юу. Нанотехнологи, уламжлалт технологи хоёрт гоц ялгаа бий юу?

-Эхлээд уламжлалт технологийг тоймлон бодьё. Боодлын гялгар уутыг яаж хийхийг барагцаалья л даа. Бодис, хүчил, шүлт холино тэгээд уусч илжирнэ, тунгаана, хорт хаягдал гарна. Эцэст нь элдэж нимгэлнэ.

-Тэгвэл нанотехнологит эд зүйлсийг яаж бүтээнэ гэж?

-Байгальд бодис бүрэлдэн бүтэхтэй ихээхэн төстэй. Жишээлбэл, алим ургахад хог, хорт хаягдал гардаггүй шүү дээ. Тодорхой нөхцөл бүрэлдэхэд удамшлын жам дагуу молекул, атом нэгдэж, бодис үүсдэг. Нанотехнологид шинэ эд бодисыг атом атомоор нь хэлхэж бүтээдэг гэж төсөөлж болно. Тэнд бас л хог хор ялгарахгүй. Нано гэдэг үг нь нэг метрийн нэг тэрбум хуваасны хэртэй буюу 10 атомын хэр хэмжээг хэлж байгаа юм. Тодруулж хэлбэл, нанотехнологи бол атомын төвшинд эд бодисыг зохион бүтээхийг хэлж байгаа хэрэг юм.

-Нанотехнологийн хувьсгалын үр дүнд шинэ эд зүйлсийг бүтээх юм байна. Ингэснээр нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах бол?

-10-20 жилийн дараа өнөөгийн үйлдвэрийг үндсээр нь өөрчлөх  эх суурь тавигдана. Хуучин үйлдвэрүүд халаагаа тавьж эхэлнэ. Түүнийг дагаад нийгэм, эдийн засаг, соёл, ахуйн сэтгэлгээ ч өөрчлөгдөх ньтодорхой.

-Тэгвэл эд материалын үйлдвэрлэлд ямар онцгой өөрчлөлт гарахыг зөгөнөж болох уу?

-Цоо шинэ эд материал бүтэээнэ. Комьпютерийн хурд, хүчин чадал хэдэн зуу дахин нэмэгдэнэ. Хүний элэг, бөөр зэрэг эрхтэний муудсан хэсгийг сэлбэн сэргээнэ. Анагаах ухаан, хөдөө аж ахуй, хүнс хийгээд үйлдвэрийн бүх салбарт гарах дэвшлийг тоочоод барахгүй л дээ. Үүнийг дэлхийн олон орны эрдэмтэд зөгнөж төлөвлөөд одоо судалгаа, зохион бүтээх ажилдаа орчихоод байна.

-Дэлхий дахинд энэ хувьсал, дэвшлийг хэрхэн угтаж байх юм?

-Үнэнийг хэлэхэд, өнөөдөр дэлхий тэр чигээрээ нанотехнологи уруу хошуурч байна. Шинжлэх ухаан, технологийн хувьсгалд хүч, хөрөнгө, оюуны чадлаа дайчилдаг нь хүмүүсийн өрсөлдөөний жам. Их гүрнүүд, олон улсын санхүүгийн чадалтай байгууллагууд олон тоогы төсөл зарлаж, авьяас чадвартай залуусыг урин дуудсаар байна. Мөн энэ чиглэлийн томоохон арга хэмжээнүүдийг зохиосоор байна.

-Жишээ дурьдахгүй юу?

-Энэ сарын сүүлчээр Японд нанотехнологийн Олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал болох гэж байна. Уг хуралд дэлхийн олон орны 245000 эрдэмтэн, технологич, бизнесмэн оролцох юм билээ. Токиогийн үзэсгэлэнгийн хамгийн том хүрээлэнд дээрх эрдэмтэд бүтээлээ дэлгээд байгаа гэсэн.

-Эл хувьсгал хүүхэд залууст ямар шаардлага тавьж байна вэ?

-Дэлхийн залуустай оюуны хүч чадлаараа уралдах цаг ирээд байна. Шинэ зууны эрдэм технологи, үйлдвэрлэлийн хувьсгал нь дэлхий даяар хүмүүс сэтгэх, сэдэж бүтээх, авьяас чадвараараа өрсөлдөх өргөн зах зээлийг ийнхүү нээлээ. Нано болон мэдээллийн технологийн чиглэлээр явж буй олон улсын төслүүд ч авьяаслаг, бүтээлч залуусыг урин дуудсаар байна.

-Монгол Улс энэ хувьсгалыг яаж  угтаж байна вэ?

-Даяаршил бол өнөөгийн бодит байдал. Хүмүүсээ, залуу  үеийнхнээ эрин цагийн дэвшилд нийцэхүйцээр сургаж, хүмүүжүүлэх шаардлага гарцаагүй тулгараад байна. Нано болон мэдээллийн технологийн хувьсгалын бас нэг онцлог нь хөгжингүй орон ядуу буурай оронд үйлдвэр байгуулахаасаа татгалзаж, эл шинэ технологийг хямд боловсруулахыг илүүд үзэж буй явдал юм. Энэ нь манайх шиг буурай хөгжилтэй оронд ашигтай. Бид залуустаа тулгуур эрдэм, нано болон мэдээллийн технологийн мэдлэг, дадал чадвар олгож чадвал эх орондоо тэр чухал судалгааг гүйцэтгэж, боломжийн амьдрах нөхцөл бүрдэх юм. Өндөр боловсролтой олон залуус маань харьд хараар ажиллаж байгаа нь харамсалтай байгаа биз дээ.

-Манайд нанотехнологийг хөгжүүлэх боломж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Нанотехнологид ойр дөт, мэргэжсэн цөөн хүн бий. Тэднийгээ түшиж, цаг алдалгүй авьяас, сонирхолтой залуусыг сонгон сургаж, нарийн чиглэлтэй арга хэмжээ авбал харьцангуй богино хугацаанд ахиц гаргаж болно. Айсуй хувьсгалыг угтуулан их дээд сургуулиудын байгалийн ухааны хичээлүүдийн уялдааг  сайжруулах, агуулгыг нь өнөөгийн шаардлагын дагуу өөрчлөх, оюутнуудад компьютерээр байгалийн үзэгдэл болон технологийн горим зүйг загварчлан зохион бүтээх дадал чадварыг олгох нь чухал байна.

-Та мэдээллийн технологийн тухай дурьдлаа. Нано болон мэдээллийн технологи хэр уялдаа холбоотой бол?

-Мэдээлэл, компьютер, тооцооны дүн, дүрс, дууг нэгтгэсэн технологи нийгмийн үйлдвэрлэлийн бүхий л салбарт нэн хурдацтай нэвтэрч байна. Бид телевиз, интернэт, ФМ, холбоо, тоглоом, хөгжим, зар гээд олон хэрэглэгдэхүүнээр мэдээллийг хүлээн авч байна. Энэ бол мэдээллийн технологи юм. Мэдээллийн технологийн хувьсгалын тод баримт бол интернэт юм.

-Залуус мэдээллийн технологийн юунд нь илүү анхаарвал зохих вэ?

-Улс бүрт нөхцөл байдал ялгаатай. Манайд байгөль нийгмийн үзэгдлийг математикаар илэрхийлэн бичээд тооцоо дуу дүрслэл, хөдөлгөөнт загвар зохион бүтээх чиглэл л хамгийн дөт. Энэ нь математик хийгээд сэтгэлгээний хувьд гайхалтай уран, зохион бүтээх шинэ соёл юм. Шинэ эриний сэтгэн бүтээхүйн нэг гол эрдэм ухаан ч мөн. Залуу үеийнхэнд оюун ухааныхаа тэнхлийг сорьж, сэтгэн урлахуйн авьяас чадлыг үзүүлэх тун ирээдүйтэй чиглэл ийнхүү гарч ирлээ. Тэгэхдээ бүр гурван хэмжээст огторгуйд юмсыг амьд юм шиг л бүтээнэ шүү дээ. Телевизор, кино, тоглоом, зар сурталчилгаа үзэхдээ гайхаж сонирхохоос гадна үүнээс гоё сайхныг би яаж бүтээдэг болох вэ гэсэн тэмиүүллээ асаах цаг нэгэнтээ ирчихээд байна. Нанотехнологид туршилтын болон онолын арга зүй бий. Манай оронд шинэ нанобүтцийн компьютер загвар зохион бүтээх математик онолын судалгаа бидэнд гарцаагүй ойр дөт.

-Онолын судалгаагаар юу хийх вэ?

-Ямар атом молекулыг холбоход ямар шинжтэй нанобүтэц, шинэ эд материал бүрэлдэхийг эхлээд тогтооно. Ингэхдээ физик байгалийн зүйг нь шингээсэн математик, компьютер загвар зохион, дүрслэл бүтээж байна. Шинээр үйлдвэрлэх гүц шинэ бүтцийн дүрслэлт загварыг математик-компьютерээр зохион бүтээгээд технологийн туршилтаар нотлон, үйлдвэрт шууд шилжүүлж байна. Ийнхүү эрдэм судлал, туршилт, үйлдвэрлэл гурав “зүү орох зайгүй” хэлхээтэй болоод байна. Бусад оронд мэдээллийн технологий арга зүйг нано бүтцийн загварчлал, шинэ нанобүтцийн загварчлал, шинэ нанобүтцийн компьютер дүрслэлийг бүтээх асуудлыг шийдэхэд хэрэглэж байна. Шинээр үйлдвэрлэх шинэ нанобүтцийг эхлээд компьютер тооцооллоор дүрслэн гаргаж байна. Ийнхүү нано болон мэдээлллийн технологи амин холбоотой хөгжиж байна.

-Дээрх хоёр технологийн хувьсгалыг угтаж, ямар бэлтгэл ажлыг базаах хэрэгтэй вэ?

-Математик, физик, байгалийн ухааны сургалтын чанарыг “хуурай” мэдээлллэс салгаж, өсвөр үеийнхэнд үзэгдэл, хувирлын зүй тогтлыг сэтгэж мэдрэх чадвар олгох цаг ирээд байна. Нано болон мэдээллийн технологид хүүхэд, залуус хорхойсч суралцсанаар харийн баян орны захиалгыг эх орондоо гүйцэтгэх чадалтай сайн мэргэжилтэн болж, сайхан амьдрах боломж бүрдэх давуу талтай. Миний бодлоор майнайд авьяастай залуус олохн бий. Гагцхүү залхууг тэвчин, мэрийж чадваас эх орондоо шийнийг бүтээх их чадлыг өвөрлөж болох юм.


Сэтгэгдэл:


баярлах
Бичсэн: Зочин цаг: 12:26, 2011-11-28 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:22, 2010-10-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax